Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал сөхөгдөв

Дэлхий Галаа Галаа 2017 05 сар 19 356

Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комид хандан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан майкл Флинний талаар мөрдөн байцаалтыг зогсоохыг хүссэн тухай баримт илрэв. Цагаан ордны зууван танхимд хоёрдугаар сард болсон хувийн ярианы үеэр ийм хүсэлт тавьсныг хууль сахиулах албаныхан тэмдэглэж үлдээсэн байжээ. Ноён Коми Ерөнхийлөгчтэй хийж буй уулзалтаа баримтжуулахын тулд туслахаараа хийлгэж бай сан тэмдэглэлээ ХмТны удирдах албаныханд үзүүлснийг уг тэмдэглэл болон тэндээс авсан эшлэлийг нотолсон нэгэн ажилтан ярьсан байна.

Ерөнхийлөгч мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон буюу саад хийснийг нотлох сэтгэл түгшээсэн баримт мөн. Хангалттай гэдэг үг бий. Конгресс учрыг нь заавал олох ёстой.

Тэмдэглэлээс үзвэл, Ерөнхийлөгч ноён Комид зөвлөх Флинний мөрдөн байцаалтын талаар “Үүнийг та өнгөрөөх байх гэж найдаж байна” гэсэн аж.

Ерөнхийлөгч хоёрдугаар сард Флиннийг 24 өдөр ажилласных нь дараа халах шийдвэрээ дургүйхэн гаргасан юм. Зөвлөх асан Оросын Элчин сайдтай уулзсан талаараа дэд Ерөнхийлөгч Майк Пенсэд буруу ойлголт өгсөн гэдэг үндэслэлээр халагдсан. Трамп зөвлөхөө халсны дараа өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Комитой уулзсан гэдэг. Шинэхэн Ерөнхийлөгчийн тухай энэхүү бөмбөг мэт мэдээллийн дараа Конгресс дэх Бүгд найрамдах намын олонх дуугаа хураасан бол Ардчилсан намынхан дайралтаа үргэлжлүүлж, өдөр бүр шахам цохилт өгөх мэдээлэл цацаж байна.

Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хороон дахь АН-ын төлөөлөл Адам Шифф “Хэрвээ энэ үнэн бол Ерөнхийлөгч мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон буюу саад хийснийг нотлох сэтгэл түгшээсэн баримт мөн. Хангалттай гэдэг үг бий. Конгресс учрыг нь заавал олох ёстой” гэжээ. New York Times сонинд анх нийтлэгдсэн ийм тэмдэглэл байгаа тухай мэдээ ноён Комийг Конгресст мэдүүлэг өгөхөд хүргэж болзошгүй. ХМТ-ны захирал асан тэрбээр мягмар гарагт Сенатын тагнуулын хорооны хаалттай хуралдаанд оролцох урилгаас татгалзсан. Гэвч нээлттэй хэлэлцүүлэгт ирэхээс өөр аргагүй болно.

Сенатын тагнуулын хорооны бие даасан гишүүн Ангус Кинг CNN телевизэд өгсөн ярилцлагадаа Комигийн тэмдэглэл Ерөнхийлөгч Трампад итгэл үзүүлж болох эсэхэд эргэлзээ төрүүлэх байх хэмээн онцолсон байна. Төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч асан Ричард Никсон, Билл Клинтон нарыг хууль саатуулсан гэдэг шалтгаанаар импичмент зарлаж байсан билээ. Танхимын шинэчлэл, хяналтын хорооны дарга Жейсон Шаффец твиттертээ “Тэмдэглэл үнэхээр байгаа бол байцаалтад дуудахад бэлэн” хэмээн жиргэжээ.

Ноён Комийн туслах манай сонинд ярихдаа “Ерөнхийдөө бол баримтжуулах ажиллагаа явагдаж байсан” гэв. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч ноён Комитой хийсэн ярилцлагаа хальсанд буулгасан тухай үг цухуйлгаж байсан. Трамп твиттертээ “Коми хэвлэлд юм ярихаасаа өмнө бидний ярианы хальс байхгүй гэж найдвал дээр” хэмээн бичжээ. Цагаан ордон бичлэг байгаа эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан. Хэрвээ бичлэг байгаа бол түүнийг Конгресс үзэх ёстой гэж ноён Кинг хэллээ. Тэрбээр “Хэрвээ бичлэг байгаа бол бидэнд авчрах хэрэгтэй. Энэ бол маш ноцтой асуудал” гэсэн байна.

Харин Цагаан ордон Комигийн Ерөнхийлөгчтэй хувиараа ярилцсан тэмдэглэл гэгчийг няцаагаад буй. Эндээс гаргасан мэдэгдэлд “Хэдийгээр Ерөнхийлөгч ноён Флиннийг эх орноо хамгаалахын тулд үнэнчээр зүтгэдэг шударга хүн гэдгийг удаа дараа хэлсэн ба ноён Коми болон өөр хэний ч мөрдөн байцаалт, түүний дотор Флинний мөрдөн байцаалтыг зогсоох хүсэлт тавиагүй. Ерөнхийлөгч манай хууль хэрэгжүүлэх байгууллагууд болон бүх мөрдөн байцаалтыг хүндэтгэн үздэг. Энэ бол Ерөнхийлөгч ба Комигийн хооронд болсон яриаг буруугаар буюу нягт нямбай бусаар тайлбарласан явдал” гэж дурдсан байна.

Сенатын тагнуулын хорооны Оростой холбоотой мөрдөн байцаалтыг ахалж буй гишүүн Ричард Барр хэлэхдээ ноён Коми Ерөнхийлөгчтэй ярилцсан тухайгаа надад мэдээлээгүй гэжээ. Ерөнхийлөгч Трамп энэ сарын 9-нд Комигийг гэнэт халах шийдвэртээ Оросын тухай үг дурдсан нь ХМТ- ноос явуулж буй түүний сонгуулийн өмнөх сурталчилгаа Оростой холбоотой гэх мөрдөн байцаалтыг хэлсэн бололтой. Комигийн орлогч байгаад одоо захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Эндрю МкКабе өнгөрсөн долоо хоногт Конгресст хэлсэн үгэндээ “Одоог хүртэл манай мөрдөн байцаалтад саад хийх гэсэн оролдлого гараагүй” хэмээн ярьжээ.

Комигийн тэмдэглэлээс эш татсаныг үзвэл Ерөнхийлөгч “Таныг үүнийг өнгөрөөх замыг засна гэж найдаж байна. Флиннийг зүгээр явуулах хэрэгтэй” гэсэн аж. Тэрбээр цааш нь “Тэр сайн хүн. Үүнийг зохицуулах байх гэж найдья” гэж ярьсан гэнэ. Коми хариуд нь “Түүнийг сайн хүн гэдгийг зөвшөөрч байна” гэжээ. Хоёрдугаар сарын 14-ний үед түүнтэй ярилцахад ХМТ- ны захирал Цагаан ордонд Ерөнхийлөгчтэй уулзах урилгад сэтгэл зовсон янзтай байсан гэж Үндэсний тагнуулын албаны захирал асан Жеймс Клаппер бас сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Коми Цагаан ордонд Ерөнхийлөгчтэй зоог барихаар уригдсанаа яриад санаа зовсон янзтай байсан. Энэ нь ХМТ-ны бие даасан байдлыг алдагдуулах болов уу гэж болгоомжилсон байх” хэмээв. Ийнхүү Вашингтоны улс төрийн хүрээнд тэмцэл өрнөхийн сацуу бүр ч ширүүн тулаан хүлээж байж магадгүй юм. Комигийн тэмдэглэл нийтлэгдсэнээс хэдхэн цагийн дараа Трампын сурталчилгааны баг “хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг” гэсэн нэрийн дор хандив цуглуулах уриалга гаргаж, хэвлэл мэдээлэл болон тусгай ашиг сонирхлын бүлгүүдийг Ерөнхийлөгчийг сулруулахыг оролдож байна хэмээн буруутгав.

Энэ тухай имэйлд “Сонгогдож чадаагүй түшмэдүүдийн дотор Ерөнхийлөгч Трамп болон Америкийн эн тэргүүний хөдөлгөөнийг хорлон сүйтгэхийг хүсдэг хүмүүс байна” гэж дурдаад 1-ээс 2500 ам.доллар хандивлахыг уриалжээ. Ерөнхийлөгч хоёр намын аль алинд халгаатай боловч өөрийгөө чин шударга хэмээн харуулахыг хичээдэг хүнтэй халз тулж магадгүй боллоо. Ноён Кинг “Коми номын хүн шиг харагддаг. Тэр миний харсан хамгийн шулуун шударга хүн. Жеймс Комийн үнэнч шударгын тухайд бол итгэлтэй байж болно” хэмээн дүгнэсэн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх