С.Нинж: Эх хэлээрээ ярьж, бичиж буйгаа монгол хэл сурлаа гэж эндүүрч болохгүй


Нийслэлийн Баянгол дүүргийн үндэсний лаборатори 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Нинжтэй ярилцлаа. Монгол хэлний хичээл математикийн адил суурь хичээл атал энэ хичээлийг сонирхох сурагчид бага байна. Монгол хэлний хичээлийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар бид яриа өрнүүлсэн юм.

-Та монгол хэл, уран зохиолын багшаар хэр удаан ажиллаж байна вэ?
-Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Гуравдугаар арван жилд бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь сургалтын менежер, монгол хэл, уран зохиолын багш гээд боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. 2006 оноос Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажиллах болсон.

-Монгол хэлний хичээл математиктай ижилхэн суурь хичээл. Гэвч монгол хэл, уран зохиолын хичээлд ач холбогдол өгөхгүй байх шиг санагддаг?
-Монгол хүн болж төрснөөрөө бахархах хамгийн том бахархал нь хэл байх ёстой. Зохиолч Зундуйн Дорж гуай “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” гэж хэлсэн байдаг. Бидний бусад улс үндэстнээс ялгарах ганц онцлог бол монгол хэл. Монголоо зөв сурч, сайхан ярьж, сайхан бичиж, өөрийгөө танилцуулж сурсан хүүхэд цаашид ямар ч чиглэлээр сурах үүд хаалга нь нээлттэй байдаг. 

Тийм учраас хүүхэд болгон монгол хэлийг эзэмших хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө Монгол хэлний ерөнхий мэдлэгийн шалгалт авдаг болсон нь ийм учиртай. Яагаад гэвэл нэг хэсэг хүүхэд бүхэн гадаад хэл сурах гэж их тэмүүлсэн. Хүүхдээ нэгдүгээр ангиас нь эхлэн гадаад хэлний сургалттай сургуульд оруулсан. Эх хэлээрээ ургуулж, хөрвүүлэн сэтгэж эх хэлнийхээ баялгийг мэдээгүй хүүхэд Монгол орчиндоо гадаад хэл сурахад хэцүү. Тиймээс юун түрүүнд монгол хэлээ төгс эзэмшсэн байх ёстой.

Монгол хэлээ сурсан хүн Монгол соёл, зан заншил, өвөг дээдэс, үүх түүх ургаа мэдэж авна. 

-Монгол хүн юм чинь эх хэлээ явцын дунд сурчихна гэсэн бодолтой эцэг, эхчүүд бий. Тэд ихэвчлэн хүүхдээ нэгдүгээр ангиас нь гадаад хэлний сургалттай сургуульд оруулдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн хүүхэд дунд сургуулиа төгслөө гэж бодъё. Тэр хүүхэд ямар нэг орчуулга хийхэд монгол хэлний үгийн баялаггүй учир Монголынхоо хөрсөнд буулгаж чадахгүй, Монголоороо сэтгэж чадахгүй. Монгол хэлээ сурсан хүн Монгол соёл, зан заншил, өвөг дээдэс, үүх түүх ургаа мэдэж авна шүү дээ. Хэчнээн сайн англи хэлтэй ч эх хэлээрээ ярьж, хүнд өөрийгөө ойлгуулдаг байх хэрэгтэй. Нэг үгийг олон янзаар ургуулан хэлж болдог арвин баялаг үгсийн сангаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй. 

Миний нэг орчуулагч шавь бий. Тэр хүүхэд монгол сургуульд сурч байгаад англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль руу шилжиж сураад, сайн орчуулагч болсон. Гэтэл тэр шавь минь одоо надад “Багш аа, би англи хэлийг гадаадад нэг жил сураад л эзэмшиж болох байж. Би Монгол үг, үгийн сангаа мэдэхгүй учир орчуулга хийхэд маш их бэрхшээл учирч байна. Танд хэлц үг, үгийн салаа утгын, зүйр цэцэн үгийн тайлбар толь байна уу? Би монгол хэлээ одоо сурах гэж байна” гэж ярьсан. Нэгэнт монгол хүн юм чинь энэ сайхан эх хэлээ танхимын сургалтаараа сурахад л илүү цаг хугацааг хөнгөвчлөх юм шүү дээ.

Миний хүүхэд сайхан ярьж, бичиж сурчихлаа, үүнийг илүү монгол хэл сурах шаардлага алга гэж хэлэх хүн байдаг. Гэтэл энэ нь нэг талаар өрөөсгөл юм. Яагаад гэвэл ойролцоо утгатай үг, төрөл үг, үгийн сан, төсөө утгатай үг, хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг, холбоо үгүүдийг найруулга зүйд хэрхэн хэрэглэдгийг ерөнхий боловсролын сургуульд заадаг. Монгол хэлээрээ зөвхөн ярьж, бичиж сурсан нь хангалтгүй, энэ нь монгол хэлийг сурлаа гэсэн үг биш.

МОНГОЛ ХЭЛЭЭ ТӨГС ЭЗЭМШСЭН ХҮҮХЭД ЯМАР Ч ЧИГЛЭЛЭЭР ТҮВЭГГҮЙ СУРНА

-Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө Монгол хэлний шалгалтыг өгдөг. Энэ шалгалтаар монгол хэлний ямар чадварыг шалгадаг вэ?
-2015 оноос Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө монгол хэлний суурь шалгалт авах болсныг манай багш нар сайшаалтай хүлээж авсан.  Суурь шалгалтад 400 оноо авсан бол дээд сургуульд элсэх дараагийн шатны шалгалтад орох эрхтэй болохоор журамласан байсан. Тэр жил хүүхдүүд их идэвхжиж монгол хэлэндээ анхаарч, монгол хэлний үнэ цэнийг ойлгож эхэлсэн. Гэтэл энэ жилээс эхлэн 400 оноог байхгүй болгосон. Хүүхэд монгол хэлний суурь шалгалт өгсөн байх ёстой, хэдэн ч оноо авсан дараагийн шатны шалгалтдаа орох эрхтэй байхаар өөрчиллөө. Ингэснээр хүүхдүүдийн идэвх чармайлт суларсан л даа.

-Монгол бичиг бол монгол хүний бусдаас ялгарах онцлог соёл. Ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийг ямар түвшинд зааж байна вэ? 
-Уйгаржин монгол бичиг бол бидний төрөлх хэл, бичиг. Монгол бичгээ сурах нь монгол хүний хийж чадах эрхэм зүйлийн нэг байх ёстой. Гэтэл хүүхдүүд маань энэ соёлоо бас л төдийлэн анхаарахгүй л байх шиг. Сургуулиа төгсөж, ямар нэг том албан тушаал хашаад эхлэхдээ монгол бичгээ суръя гэж боддог юм билээ. Гадаадын олон түнш, компаниудтай хамтарч ажиллаж байна. “Гэрээн дээр уйгаржин монгол бичгээр гарын үсэг зурчихвал гаднынхан бас их сонирхдог. Би сургуульд байхдаа сурахгүй яав аа” гээд ирдэг хүн бий. Монгол бичгийг  6-8 дугаар ангид гурван жил заадаг.

Монгол хэлэнд ярианы хэл, бичгийн хэл хоёр зөрдөг. Ярьж байгаа зүйлээ дүрмээ бодож бичих ёстой. 

-Элсэлтийн шалгалтаар монгол бичгийн мэдлэгийг шалгадаг биз дээ? 
-Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн мэдлэгийг шалгадаг. Энэ гурван хичээлийн шалгалтаар нийт 40 онооны даалгавар ирдэг. Тэр даалгаврын 10 хувь нь монгол бичиг. 30 хувь нь монгол хэл, уран зохиолын хичээлийн даалгавар байдаг. 40 онооны даалгаврыг бүрэн гүйцэтгэж чадвал 800 оноогоо авна гэсэн үг.  Элсэлтийн шалгалтаас гарахад нь хүүхдүүдээс хамгийн хүнд даалгавар юу байв гэхэд “Монгол бичиг” л гэж хэлдэг. Хоёрдугаарт, уран зохиолын даалгавар гэж хэлдэг.

-Яагаад?
-Хүүхдүүд ном уншихаа больчихсон. Бид нар элсэлтийн шалгалтад ирдэг зохиолуудыг түүж уншуулна. Хамгийн түрүүнд Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Б.Ринченгийн “Үүрийн туяа” романыг уншсан байх ёстой. Хүүхдүүд эдгээр номыг уншиж чадахгүй байна. 11 дүгээр ангид Монголын орчин үеийн романыг судлах найман цаг байдаг. Тэр найман цагт бид 5-6 роман судлах ёстой. Түүнээс дээрх хоёр роман элсэлтийн шалгалтад түлхүү орж ирдэг учир заавал унших шаардлага тавьдаг. Ангид 2-3 хүүхэд л сонирхож уншиж байна. Тэгэхээр уншсан хүүхдүүдээрээ бусдад нь яриулна, мэтгэлцээн явуулна, хэлэлцүүлэг хийнэ. Тэгж байж хүүхдүүдийн сэтгэлзүйд буулгаж өгч байгаа юм.

-“Тунгалаг Тамир” романы Итгэлт баяны дүрийг орчин цагийн гүйлгээ ухаантай бизнесмэнтэй адилтгаж  жишээ авах нь бий. Хичээл дээр энэ тухай ярьдаг уу?
-Ярилгүй яах вэ. Элсэлтийн шалгалтад “Тунгалаг тамир” романаас Итгэлт баян, Эрдэнэ, Төмөр, Долгорын дүрийн утга санааг тайлбарлах, өмнө нь үзэж байсан өгүүллэг, туужуудын дүртэй юугаараа адил болон ялгаатай байна гэх мэт даалгавар орсон байдаг.  Мөн эдгээр дүрүүд өнөөгийн нийгэмд амьдарч байсан бол ямар үйл хийх байсан бэ гэх мэт асуулт ирнэ.

Тэгэхэд 12 дугаар ангийн манай нэг сурагч Итгэлт баян одоо амьдарч байсан бол Хөдөлмөрийн баатар болсон, том групп компанийн эзэн болсон байх байсан гэж хүүхдүүд гаргаж ирдэг. Өнөөгийн нийгэмд хөрвөж амьдарч чадах гүйлгээ ухаан сайтай хүн учир том компанийн захирал болсон байх байсан гэдэг.  Уран зохиолын хичээл хүүхдийн хэл яриа, уран сэтгэмжийг хөгжүүлэх, уран зохиолын эерэг дүрээр хүмүүжүүлэх ач холбогдолтой. 

-Сүүлийн үед монгол хэлний дүрэм ойр ойрхон өөрчлөгдөх болсон нь хүмүүсийг бухимдуулдаг. Дүрмийн өөрчлөлтүүд багш нарын ажилд яаж нөлөөлж байна вэ? 
-Байсгээд л дүрмээ өөрчилдөг нь дэмий л дээ. 2010 онд Монгол хэлний журамласан 700 үгийн жагсаалт гарсан. Энэ үгээ бариад явж байтал телевизээр баахан шүүмжлэхэд нь нийгэмд энэ үгийг баримтлах, эсэх нь эргэлзээтэй болсон. Гэхдээ бид БСШУСЯ-д харьяалагддаг, яамны бодлогыг хэрэгжүүлдэг учир хориглосон сайдын тушаал гараагүй л тэр журмын дагуу хичээлээ заагаад л явах ёстой. 

МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ БИЧИЖ БОЛОХГҮЙ

-Өдөр гаригт “Гариг, гараг” хоёрын алинаар бичих  нь зөв бэ?
-Гараг нь зөв. Гариг гэж хэлээд гараг гэж бичнэ. Энэ бол гарал зүйтэй холбоотой. Гариг гэж өвчин байдаг юм билээ. Мөн нохойн ялгадсыг гариг гэдэг. Харин гараг нь гариг эрхсийг хэлж байгаа юм. 

Монгол хэлэнд ярианы хэл, бичгийн хэл хоёр зөрдөг. Бичгийн хэл тусдаа, ярьж байгаа шигээ бичиж болохгүй. Ярьж байгаа зүйлээ дүрмээ бодоод бичих ёстой. Үүний утга юу вэ гэхээр багш нар хүүхдийг нэгдүгээр ангиас нь амандаа үглэж битгий бичээрэй, шууд үелж уншаад толгойдоо бодож бичээрэй гэж захидаг. Тэр бол хүүхдийг ярианы хэлээс холдуулахыг хичээж байсан нэг хэлбэр.

Томчууд ч ялгаагүй зовиур гэж бичдэг нь буруу. Зовиур гэдэг үгийг үндсээр нь авч үзвэл “зовь” гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Тэгэхээр сэтгэл зовиуртай байгаагийн үндэс бол "зов" гэсэн үг юм. 

Долдугаар, зургадугаар сар гэж ярианы хэлээр бичиж ирснийг "долоодугаар, зургаадугаар" гэж зөв бичиж сурч байна. Хүүхдүүдийн их алддаг үг нь "зовиур". Томчууд ч ялгаагүй зовиур гэж бичдэг нь буруу. Зовиур гэдэг үгийг үндсээр нь авч үзвэл “зовь” гэдэг үг монгол хэлэнд байхгүй. Тэгэхээр сэтгэл зовиуртай байгаагийн үндэс бол "зов" гэсэн үг юм. Үгийг үндсээр нь аваад үзэхэд  тухайн хүн зовиуртай байгаагийн үндсэн шалтгаан нь зовь биш зов шүү дээ. Тэгэхээр зов гэдэг үгэн дээр “уурь”дагавар залгаад “зовуурь” гэж бичнэ.

Журамласан 700 үгийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг нийтээрээ дагаж бичээд хэвших гэхэд шүүмжлээд эхэлдэг. Шавьж, шавж гэдэг үгэн дээр бас их маргадаг. Гарал зүйн үүднээс тайлбарлахад шавж гэдэг нь хорхой, аливаа юман дээр олноороо шавахыг хэлж байгаа юм. Харин шавь бол багш, шавийг хэлж байгаа хэрэг. Гэтэл олон хорхой шавжны үгийн үндэс нь багш, шавийн "шавь" байж болохгүй. Тэгэхээр үгийн бүтэц гарлыг нь бодож бичих ёстой л доо. Тэгэхээр хорхой шавж гэж бичих нь зөв юм. Манай хүүхдүүд бүгд зөв бичдэг. Гэтэл томчууд нь хуучнаараа буруу бичээд байдаг.

-Танай сургуулиас энэ жил хэчнээн сурагч 12 дугаар ангиа төгсөх гэж байна вэ?
-12 дугаар ангийг зургаан бүлгийн 200-гаад хүүхэд өгнө. Манай сургуулийн анги дүүргэлт 30-35 сурагч гэж тогтоож өгсөн. Энэ журмаараа л сурагчдаа авдаг. Монгол хэл, уран зохиолын арван багштай. Долоо, найм, ес, арав гээд ер нь анги болгон зургаан бүлэгтэй. Зургаадугаар ангиас монгол хэлний багш нар монгол хэл, монгол бичиг, уран зохиол гэж хичээлээ салгаад зааж эхэлдэг. 1-5-д бага ангийн багш нь монгол хэлээ заадаг. Би өнгөрсөн жил 12 дугаар анги төгсгөөд энэ хичээлийн жилээс зургаадугаар анги дааж авсан.

-Зургаадугаар ангид орж байгаа хүүхэд монгол хэлний ямар чадварыг эзэмшсэн байх ёстой вэ?
-Ерөнхий нарийн мэдлэг шаардахгүй ч нэг жишиг байдаг юм аа. Өөрийгөө танилцуулаад сайн ярьж, биччихдэг, бичгийн хэлбэр нь тогтсон хүүхэд байх хэрэгтэй. Аливаа зохиол уншаад хэлэх гэсэн гол утга санааг нь гаргаж чаддаг байхад л болно.

-Бичгийн хэлбэр тийм чухал уу?
-Чухал. Хүн өөрийнхөө сэтгэхүйтэй ижил зүйлийг гараараа урлаж байдаг. Өөрийнхөө уншсан, харсан үзсэн зүйлсээ гараараа яаж буулгаж байгаа нь тэр хүний дүр зураг байдаг. Өөрөөр хэлбэл, тэр хүүхдийн бичгийг хараад энэ хүүхэд хэрхэн сэтгэж, яаж бодож байн, ертөнцийг үзэх үзэл нь ямар байна гэдэг нь бичгийн хэлбэрээрээ харагдаж байдаг. Тэгэхээр би бичгийн хэлбэрийг чухалчилдаг. Сайхан бичигтэй хүүхэд цаашаа хөгжих нь арай илүү.

Ноорхой цоорхой дэвтэртэй, муухай бичигтэй хүний амьдрал ч хайш яайш л байдаг. Би тийм хатуу бодолтой учир хүүхдүүддээ дэвтрээ цэвэр цэмцгэр хэрэглэхийг байнга сануулдаг. Хүний сэтгэхүйн зураг гарын ур чадвараар илэрдэг. Ирээдүйд хэн болох тэр хүүхдийн үйлдэл, бичгийн хэл, гоо сайхны мэдрэмжээрээ илэрч байх ёстой. Энэ мэдрэмжийг монгол хэлний багш нар маш сайн суулгаж өгөх ёстой.

-Монгол хэлний зөв бичгийн дүрмийн алдаа маш их гарах юм аа?
-Тийм ээ. Хүүхдүүд цахим орчинд олон цагийн өнгөрүүлж байна. Жишээ нь, яах вэ гэдэг үгийг “яах уу, яахав” гэж дур дураараа бичдэг. Авъя, явъя, ирье гэдэг үгийг их алддаг. Зөв бичих дүрмийн үндсэн хичээл гэж байдаггүй. Бид нар явцынхаа дунд дүрмийн хичээлийг бүх хичээлдээ суулгаж, зааж барьж өгч байх ёстой. Гэтэл бас сайн тогтож өгөхгүй байна. Тэгэхээр бид аравдугаар ангиас нь бүх дүрмийн хичээлээ цэгцлээд дахин заадаг. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх