Ц.Бат-Энх: Бид Зүүн Азийн АШТ-ийг өндөр түвшинд зохион байгуулах туршлагатай


Маргааш буюу бямба гарагт Зүүн Азийн волейболын эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт эхэлж, таван өдрийн турш үргэлжилнэ.

Монголын Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй ярилцлаа.

-Зүүн Азийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээний өрсөлдөөн хэр ширүүхэн өрнөх бол?
-Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Азийн волейболын холбоо таван бүстэй байдаг. Тэр таван бүсийн Зүүн бүсэд найман улс багтдагийн нэг нь Монгол. Зүүн бүсэд мөн Ази тивд волейбол өндөр хөгжсөн БНХАУ, Япон, БНСУ харьяалагддаг. Энэ утгаараа Зүүн Азийн АШТ маш өрсөлдөөнтэй болно. 

-Хоёр жилийн өмнө тус тэмцээн Улаанбаатарт болсон. Тэгэхэд БНАСАУ-ын баг анх удаа оролцож байсан санагдана. Энэ удаа БНАСАУ-ын баг мөн ирэх үү.
-Зүүн Азийн АШТ-ийг зохион байгуулах эрх авахын төлөө томоохон хотууд маш  хүчтэй өрсөлддөг. Бид 2015 онд тус тэмцээнийг Улаанбаатарт хийх эрх авахад БНАСАУ-ын багийг оролцуулна гэсэн амлалтыг Азийн Волейболын холбоонд өгч байлаа.

Бид тус тэмцээнийг  дөрөв дэх удаагаа Улаанбаатарт зохион байгуулах гэж байна

Бид тэр амлалтаа нэр төртэйгээр биелүүлж, тэмцээний  турш БНАСАУ-ын багийн бүх зардлыг даасан юм.  Ийнхүү 2015 оны Улаанбаатарт болсон Зүүн Азийн АШТ түүхэнд Зүүн бүсийн найман баг бүгд оролцсон анхны тэмцээн болно тэмдэглэгдсэн. Энэ жил мөн БНАСАУ-ын баг ирнэ.

-Энэ жилийн АШТ юугаараа онцлог вэ?
-Бид тус тэмцээнийг  дөрөв дэх удаагаа Улаанбаатарт зохион байгуулах гэж байна. Ингээд бодохоор харьцангуй туршлагатай болсон байна. Энэ жил бид үзвэр үйлчилгээ, билет борлуулалтын ticket.mn-тэй гэрээ байгуулж, хамтран ажилласан. Тэмцээн эхлэхээс сарын өмнө бид билетээ ticket.mn-ээр дамжуулан  худалдаалсан. Энэ бол спортын салбарт шинэлэг ажил. Шигшээ багийн хувьд бэлтгэлээ маш сайн базаасан. Дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн байрлаж бэлтгэл хийсэн шүү.

-Шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?
-2015 онд Зүүн Азийн АШТ-д оролцсон бүрэлдэхүүнээрээ оролцоно.

-Зүүн бүсэд хүчирхэг БНХАУ, БНСУ, Япон гэсэн топ гурван улсын багийн бүрэлдэхүүнийг сонирхвол?
-Энэ тэмцээнд тус гурван орны үндэсний шигшээ бол оролцдоггүй. Гэхдээ шигшээ тоглодог волейболчид ганц нэг ирнэ. Жишээ Японоос ирж байгаа багт үндэснийхээ шигшээд тоглодог гурван тоглогч ирж байна. Зүүн Азийн АШТ волейболын спорт хөгжиж буй орнуудыг Азийн АШТ-д оролцуулах шат болдог тэмцээн юм.  

-Азийн АШТ-д оролцохын тулд эрхээ хэрхэн авдаг юм бэ?
-Ази тивд волейболын спорт сүүлийн арав гаруй жил маш эрчимтэй хөгжиж байна. Азийн АШТ-д 16 баг оролцдог. Саяхан тивийнхээ аваргад өрсөлдөхийн тулд эрх авдаг болсон. Тэмцээнд оролцоод чансааны оноо цуглуулна. Манай орон дэлхийн чансаанд хараахан орж чадахгүй байна. Бид Зүүн Азийн АШТ-ээс Азийн аваргад оролцох эрхээ авдаг болсон. Тиймээс бид тус тэмцээнийг эх орондоо ойр ойрхон зохион байгуулж байна. Манайх тивийн аваргад оролцвол чансааны оноогоо цуглуулж эхэлнэ.

-Энэ онд Монголд Волейболын спорт үүсэж, хөгжсөний 90 жил, Волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн түүхэн ой жил тохиож байна.
-Волейболын спорт Монгол улсад 1927 онд орж ирсэн түүхтэй. Тухайн үед Эрхүү хотод сурч байсан залуучууд волейболын тор, бөмбөгийг дүрмийн хамт Залуучуудын байгууллагад илгээж байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн бий. 1930-аад оноос тэмцээн уралдаан явж эхэлсэн гэж үздэг. Улмаар 1957 онд Олон Улсын Волейболын холбоонд гишүүнээр элссэн түүхтэй. Олон улсын холбоондоо элсэж ирсний дараа дотоодынхоо холбоог байгуулсан юм билээ. Энэ жилийн бүх арга хэмжээг ойн хүрээнд зохион байгуулж байна. 2017 оны гарснаас хойш дөрвөн ангиллын УАШТ боллоо. Би анх 1995 онд анх энэ ажлыг авсан. Тухайн үед зах зээлд шилжээд нийгэм хүнд байсан шүү. 1991, 1992 оноос Волейболын секц дугуйлан бүрэн хаагдчихсан байлаа. Энэ спорт уналтад ороод байх үед уг ажлыг авсан юм. 1996 оноос орон нутагт салбар холбоодоо байгуулж эхэлсэн. Миний хувьд Монгол орны гурав бүтэн, нэг хагас тойрч тэмцээн уралдаан хийсэн түүхтэй. Ингээд манайд волейболын спорт сэргээд эхэлсэн. Одоо Монголд волейболын тэмцээнгүй амралтын өдөр гэж байхгүй болжээ. Албан байгууллагууд волейболын АШТ-ээ үргэлж хийж байна. Волейболыг урлагтай харьцуулбал сонгодог урлаг юм. Энэ 20 гаруй жилийн хугацаанд хамт ажилласан холбооны ерөнхийлөгчид болон бусад хүмүүсийн хамтын хөдөлмөр юм шүү.  

-Ярилцсанд баярлалаа. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх