Гурван хүүхдийн амь нас эрсэдсэн асуудалд хариуцлага хүлээлгэнэ гэв


Дунд сургуулиа дөнгөж төгсөөд ажил, амьдралын их гараандаа гарахаар Дорноговь аймгийн төвийг зорьсон таван хүүхэд автын осолд орж гурав нь амиа алдаж, хоёр нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.

Цэл залуухан гурван хүүгийн амины төлөөсийг хэнээс нэхэх үү, хэнд хариуцлага хүлээлгэх вэ гэсэн асуудал гарч эхэллээ.

Салбарын сайд Г.Чулуунбаатар ажлаа аваад удаагүй байхад ЕБС-ийн таван хүүхэд элсэлтийн шалгалтаа өгөхөөр Сайншанд руу явж байгаад автын осолд орж гурав нь амиа алдаж, хоёрынх нь биеийн байдал муу амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа юм. Засгийн газраас хариуцлага алдсан сайдын оронд хариуцлагатай сайдыг томилсон гэж ойлгож байгаа юм.

Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсын шалгалтын материалын хариу задарсаны төлөө сайд Ж.Батсуурийг ажлаас нь чөлөөлсөн бол гурван хүүхдийн амь нас эрсэдсэн энэ харамсалтай хэрэгт шинэ сайд Г.Чулуунбаатар хариуцлага хүлээх ёстой, тэр ч бүү хэл сайдын суудлаас нь буулгах ёстой гэсэн шум гарч эхэллээ. Уг нь бол Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхдүүдийг аюулгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой гэж заасан байдаг. 

Дэндүү золгүй асуудалд шинэ сайд Г.Чулуунбаатар ямар тайлбар хийснийг хүргэе. Тэрбээр “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад нь 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм. Тэр таван хүүхлдийн хувьд өөрсдөө зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтөй таксигаар үйлчилгээ авч яваад осолдсон юм билээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хариуцлагын тухай асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Одоо бол шалтгаан нөхцлийг нь судлах, шалгах ажил явагдаж байна. Хариуцлага хүлээх шаардлагатай албан тушаалтан мэдээж гарч ирнэ, тэр хүлээх ёстой” гэлээ.

Хариуцлага алдсан ангийн багш, сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцоод өнгөрөх байх. Гэхдээ ийм харамсалтай явдал нэг удаа тохиолдолж байгаагүй юм шүү дээ. Одоогоос олон жилийн өмнө Ховд аймаг руу ЭЕШ өгөхөөр сумаасаа гарсан хоёр хүүхэд автын ослоор амиа алдаж байв. Өмнөх гашуун сургамжаа мартсан бид яагаад хашрахгүй, ирээдүй хойч үедээ дэндүү хайхрамжгүй хандсаар байдаг юм бэ.

Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр бэлдсэний 27 нь нийслэлд, 22 нь аймгуудад бий. Уг нь Замын-Үүд шиг том суурин газарт нэг шалгалтын байр нэмээд гаргахад юу нь болохгүй байсан юм бол. Хэрвээ тэнд шалгалтын байртай болсон бол өнөөдөр гурван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд эрэмдэг зэрэмдэг болохгүй байх байсан юм. Нөгөөтэйгүүр тус сургуулийн удирдлагууд хүүхдүүдээ нэгдсэн унаагаар аваад явсан бол ийм осол гарахгүй байх байлаа. Дэндүү харамсалтай эмгэнэлтэй ийм хэрэг дахиж битгий тохиолдоосой билээ. Тиймээс манай нийгмийн үйлчилгээ иргэд рүүгээ тэр дундаа ирээдүй хойч үе болсон үр хүүхэд рүүгээ чиглэдэг байгаасай гэж хүсье.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Өвгөн 2017 06 сар 19

Маш ихээр харамсаж,элэг эмтэрч, уйлж сууна. Хайран схан Монголын минь ирээдүйн үрс минь.Монголд үнэхээр хариуцлагын тогтолцоо алга.Хоорондоо талцаад л, бие биенээ муулсан, магтсан улс л бх юм. Ирээдүй хойчоо бид л хайрлаж, тэднийхээ төлөө хамаг л чаддагаа зориулан ажилламаар бнашдээ дарга нараа. Ар

Өвгөн 2017 06 сар 19

Маш ихээр харамсаж,элэг эмтэрч, уйлж сууна. Хайран схан Монголын минь ирээдүйн үрс минь.Монголд үнэхээр хариуцлагын тогтолцоо алга.Хоорондоо талцаад л, бие биенээ муулсан, магтсан улс л бх юм. Ирээдүй хойчоо бид л хайрлаж, тэднийхээ төлөө хамаг л чаддагаа зориулан ажилламаар бнашдээ дарга нараа. Ар