"Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат, "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилсан хэвээр байгаа


Монгол Улсын 13 иргэнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаагийн нэг нь "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат байв. Түүнийг 2015 оноос хойш эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл олоогүй байна. Хоёр жил гаруйн хугацаанд сураггүй байсан түүний сураг 2015 оны сүүлээр Америкаас "сонсогдож" байв. Тодруулбал, Ч.Ганбат Сингапураас БНСУ руу, тэндээсээ АНУ руу АНУ-ын иргэний үнэмлэхээрээ нэвтэрсэн болох нь тогтоогдсон байдаг. Тэрбээр Монголын хилээр гарахдаа л монгол паспорт ашиглаж, цаашаа зөвхөн АНУ-ын паспортоор гарсан нь хууль бусаар буюу давхар харьяалалгүй оронд тусгайлан давхар харьяаллын эрх эдэлдэг байсныг нотолсон юм.

Ч.Ганбатыг Интерполоор эрэн сурвалжлах болсон нь Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгтэй холбоотой. Тодруулбал, Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, улмаар уг хэрэгт “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Тэднийг ЭХТА-ийн 148.4-т заасан залилангийн хэргээс гадна ЭХТА-ийн 166.2-т зааснаар мөнгө угаасан хэрэгт давхар сэжиглэн шалгаж байсан гэх мэдээллүүд байсан юм. Мөн тухайн үед  тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёлыг саатуулаад байсан бол “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байсан юм. 

Энэ талаар Монголын Интерполын товчооны албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл яагаад устгагдсаныг мэдэхгүй байна. Гэхдээ эрэн сурвалжлахыг зогсоосон асуудал байхгүй байх. Учир нь манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй" гэсэн юм. 

Байсан гэдэг нь өнгөрсөн цаг дээр. Учир нь тэдний мэдээллийг Олон улсын цагдаагийн байгуулгын албан ёсны сайтаас устгасан байна. 

Энэ талаар Монголын Интерполын товчооны албаны эх сурвалжаас тодруулахад "Мэдээлэл яагаад устгагдсаныг мэдэхгүй байна. Гэхдээ эрэн сурвалжлахыг зогсоосон асуудал байхгүй байх. Учир нь манайд ямар нэгэн мэдээлэл ирээгүй" гэсэн юм. 

Албаны эх сурвалжийн тайлбараас харахад, юутай ч эрэн сурвалжлах ажиллагааг зогсоогоогүйбололтой. 2016 оны нэгдүгээр сард бас тэдний нэрийг хасч байсан ч эргэн байршуулсан байдаг юм. 

"Төмөр замын" гэх тодотголтой уг хэрэг өнөөдрийг хүртэл олон нийтийн анхаарлыг татсан хэвээр байгаа ч хууль хүчний байгууллагын шалгалтын ажиллагаа ямар шатандаа хэрхэн шийдэгдэж байгаа нь  тодорхойгүй байна. 

Хамгийн сүүлд 2016 оны наймдугаар сард Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх нарт  хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа” гэж байв. 

Харин одоо уг хэрэгт холбогдогсод юу болов. Ч.Ганбат, нарыг Интерполоор эрэн сурвалжилсан хэвээр байгаа бол сэжигтнээр татагдаад байсан УИХ-ын гишүүн асан Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж, А.Гансүх, Б.Батзаяа нар чимээгүйхэн түүний арын ажлыг хариуцаж байна. Угтаа бол АН-ын үед шалгагдаж эхэлсэн уг хэрэг ямар нэгэн улстөржилтгүй, цэвэр хууль хүчнийхний шалгалтаар илэрсэн хэрэг байв. Гэвч хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан уг хэрэг Ерөнхийлөгчийн сонгууль нэрийн дор замхарч байх шиг байна. 

Уг нь энэ мэт авилга, хээл хахууль, төрийн мөнгө завшсан хэргийг заавал эцэслэн шийдвэрлэж, мухарлаж байх нь зүйн хэрэг. Гэтэл төрийн мөнгөнөөс халаасласан эрхмүүд Ерөнхийлөгчид нэр дэвших нь нэр дэвшиж, Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нөхдүүд өнөөдрийг хүртэл олдоогүй, тэр ч бүү хэл Интерполын сайтаас нэр нь хүртэл хасагдаж, өндөр хөгжилтэй харь оронд насан туршдаа жаргаж амьдрах нь хэр шударга юм бол.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх