УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар тойрогтоо өөрийн хөрөнгөөр зам барьж байна


Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд шинэ замтай болно

Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг Үндсэн хуулийн заалт бий. Гэвч энэ нь гэр хорооллын иргэдийн хувьд цаасан дээр бичсэн тунхагнаас өөрцгүй болсон. Өглөө гэрээсээ гарч шороон замаар туучсаар машинд дайруулчихгүй, айлын нохойд уруулчихгүй ажил, сургуульдаа ирнэ гэдэг амь өрссөн “тулаан”. Харин орой нь харанхуйд тэмтчиж, гэрэл бараадан, гэлбэлзэж явсаар гэртээ эсэн мэнд орж чадвал жинхэнэ аз. Яг л ийм орчинд өнөөдөр бидний дийлэнх нь амьдарч байна. Энхэл, донхолтой шороон зам, харанхуй гудамж. Ерөөс л гэр хорооллынхны “шүдний өвчин”. Тэгвэл яг ийм байдалтай олон жил нүүр тулсан Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэд тун удахгүй асфальтан замтай болох нь. 

Энэ талаар бид тэндхийн оршин суугчидтай уулзаж, ярилцсан юм. Хамгийн наад талын буюу Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр гурван замын уулзвар дээр амьдардаг нэгэн айлд орлоо. Гэрийн эзнийг О.Бакей гэдэг аж. Өдгөө 74 настай тэрээр тус хороонд 16 жил амьдарч байгаа гэнэ. 

О.Бакей гуай “Уг нь энэ хэсгийн замыг засна гэж олон жил ярьдаг байсан. Бид ч зам болон үерийн далангийн гүүр барих, гэрэлтүүлэгтэй болгох асуудлыг хороо, дүүрэгтээ уламжилж байлаа.  Харин одоо осол аваар их гардаг энэ замыг засч эхэлсэн явдалд бид талархаж байна. Манайх замтай ойрхон амьдардаг болохоор их хэцүү байдаг. Нарийн эргэлттэй, зай багатай болохоор зарим машинууд гэрийн гадна талын хашааг мөргөөд эвдэлчихнэ. Дээр нь гэрийн тооноор тоос, шороо бужигнаад арчиж, цэвэрлээд эргээд харахад л бохирдчихно.  Мөн явган хүний зам болон хамгаалсан хашлага байхгүйн улмаас үерийн далан, жалга руу ойчиж байсан хүн олон бий” гэж бидэнд ярилаа.  

Шороо тоос, агаарын бохирдол ихтэй орчинд олон жил амьдарсан тэрээр замын асуудал тус хорооны иргэдэд нэр тэргүүнд тулгамдаж байсан асуудал гэдгийг онцолсон юм.  Мөн тус замаар зорчдог жолооч нар ийн ярьж байв.

-Сонгууль болгоноор л зам барина гэж амлаж байсан ч хэрэгжиж байгаагүй-

Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Т.Батдорж “Манай энэ хавийн 9,10 дугаар хорооны замыг засаж, асфальтан зам тавих гэж байгаад үнэхээр их баярлаж байна. Энэ замыг засна, “хар зам” болгоно гэж олон жил ярьж байсан ч нэг ч удаа засаж, сайжруулж байгаагүй. Харин ч бүр жил ирэх тусам улам л муудаж, осол гарах нь ихсэж, жолооч нарын толгойны өвчин болоод байсан юм. Хүмүүсийн хэлснээр манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хувиасаа хөрөнгө гаргаж зам тавиулж байгаа гэсэн. Иргэд, сонгогчдод амласан амлалтаа биелүүлж байгаад нь баярлаж байна. Нарийн эргэлттэй, эвдрэл гэмтэл ихтэй энэ зам дээр осол аваар гарах нь их байдаг. 2015 онд энэ хажуугийн жалга руу нэг машин унаж байсан удаатай. Энэ мэтчилэн ослууд их гарна. Энэ хавийн замаар дан ганц 9,10 бус манай 21 дүгээр хорооны иргэд ч зорчдог.Өөр явах замгүй учраас эрсдэлтэй ч гэсэн сонгож явахаас аргагүй болдог” гэв.

Мөн Баянголдүүргийн 9-р хорооны иргэн П.Долгормаа “Маш олон жил “Замтай болгоно гэж сонгуулийн шоу хийсэн дээ.  Манайх энд есөн жилийн өмнө нүүж ирэхэд энэ зам ийм л хэвээрээ байсан. Үеийн үед манай дүүргээс сонгогдсон гишүүд энэ замын асуудлыг л ярьдаг юм. Тэгсэн хэдий ч сонгогдсоныхоо дараа амлалтаа мартчихдаг. Иргэд бид ч зам тавина гэх итгэл алдраад байлаа. Харин Ж.Ганбаатар гишүүн амлалтаа биелүүлж манай энэ хавийн хорооныхны толгойны өвчин болоод байсан замын асуудлыг шийдэж байгаад баярлаж байна. Удахгүй зам тавих ажил нь эхлээд, ирэх наймдугаар сарын дундуур ашиглалтад орно гэж байсан. Тэгэхээр энэ хавийн тоос, шороо бохирдол ч гэсэн дагаад буурах байх. Угаасаа зам дагаж хөгжил гэдэг биздээ” хэмээсэн юм.

Түүнчлэн ажил, амьдралаа залгуулахаар тус замаар зорчдог 500-ын гэх тодотголтой микроавтобус, жижиг тэрэгний жолооч нар “Энэ замаар явахад их хүндрэлтэй байдаг. Бороо орсон үед бүр ч эрсдэлтэй. Догол, ихтэй болохоор донслоод явахад хэцүү. Машинд маш их эвдрэл үүсгэдэг. Наад зах нь дугуй тэсгээхгүй шүү дээ. Байнга л дугуйгаа солиулдаг. Шинэ замтай болохсон гэдэг мөрөөдөл энэ замаар явж үзсэн жолооч бүрт л  төрч байсан болов уу. Ямартай ч замын ажил эхэлснийг хараад баярлаж байна” хэмээж байв.

Ийн иргэдийн дунд нэн тэргүүнд тулгамдаад байсан Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны эвдэртэй шороон зам Баянхошууны эх хүртэл 1000 метр үргэлжлэх юм байна. Тус замыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өөрийн хөрөнгөөр бариулж байгаа нь эдийн засгийн энэ хүндрэлтэй үед иргэд сонгогчдод хамгийн таатай мэдээлэл болж байгаа биз ээ.

Ж.Ганбаатар: Нийслэлийн төсвийг хүлээхгүйгээр сонгогчдодоо амлалтаа биелүүлнэ

-Таныг өөрийн хөрөнгөөр тойрогтоо 1000 метр зам зам барьж байгаа гэлээ. Замын ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Миний сонгогдсон тойргийн 9, 10 дугаар хороонд  шороон замын асуудал олон жил яригдаж ирсэн. Тиймээс тойргийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн хөрөнгөөр явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн автозам барих ажлыг эхлүүлээд байна. Уг нь нийслэлийн эсвэл дүүргийн хөрөнгөөр барих ёстой зам юм. Гэхдээ нийслэлийн төсөв тийм ч хүрэлцээтэй биш байгаа. Тиймээс нийслэлийн хөрөнгийг хүлээхгүйгээр сонгогчдодоо амласан амлалтаа биеүүлэхийн тулд хувийн санаачилгаар ажлаа эхлүүлсэн. Ингэснээр тус хороонд тулгамдаад байсан томоохон асуудал шийдэгдэж, иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.

-Нэг килломер урттай замаас гадна гэрэлтүүлэг, явган хүний зам барина гэхээр төсөв нэлээд шаардагдах болов уу. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн бэ?

-Нийтдээ 600 сая төгрөгөөр бариулахаар төлөвлөөд байна.

-Зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Замын ажил долоодугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны хооронд явагдана. Бид ачаалалтай үед зам хааж, иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд хүн амын зорчих хөдөлгөөн багассан үеийг харгалзаж, энэ хугацааг сонгосон. Зуны яг энэ цагт сургууль, цэцэрлэг амарч хотын ихэнх иргэд хөдөө гарсан байдаг. Тиймээс энэ үеэр замын ажлаа гүйцэтгэж, хичээл эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Замын тухайд хорооллын бусад хэсгийн замтай харьцуулбал арай өргөн. Гэхдээ мэдээж төвийн замаас нарийн. 

Эх сурвалж: www.zaluu.com

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх