"МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАР ШАТ ШАТААР АХИЖ БАЙНА"


БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны дарга болон тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл энэ өдрүүдэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридийн урилгаар Монголд зочилж байна. Монгол, Солонгосын сэтгүүлчдийн хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас хойш дөрвөн жил өнгөрч. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийг сургах, хоёр улсын түүх соёлтой танилцуулах, Монгол, Солонгосын талаарх мэдээллийг үнэн бодитоор хүргэх гээд олон ажил хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй. БНСУ-ын сэтгүүлчдийн хорооны дарга Жүн Кюү Сүн /Jung Kyu Sung/ тай Монголд гурав дахь удаагаа зочлоод байхад нь цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсад гурав дахь удаагаа зочилж байгаад баяр хүргэе. Энэ удаад Монгол Улс тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль болон Үндэсний их баяр наадмын өдрүүд давхцаж байгаа их чухал үед таарч байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монголд гурав дахь удаагаа зочилж байна. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг үеэр айлчилж байгаадаа баяртай байна. Монгол Улсын хувьд маш чухал өдрүүд өнгөрч байна. Яг ийм чухал, түүхэн өдөр Солонгосын сэтгүүлчдийн хороо, бидэнтэй хамт ирсэн сэтгүүлчид ч сэтгэл өндөр байгаа.  Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид ч гэсэн үнэн бодит мэдээллийг ард түмэндээ дамжуулахаар ажиллаж байна. Сэтгүүлчид үргэлж ард түмэндээ үнэн бодит мэдээллийг хүргэх зорилготой байдаг.

-Солонгосын сэтгүүлчдийн хороо болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар ажлууд хийгдсэн бэ?

-Хамтын ажиллагааны гэрээнд анх дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан. Миний бие Монголд гурав дахь жилээ сэтгүүлчидтэйгээ зочилж байна. Гурван жил гэдэг бол багагүй хугацаа. Энэ хугацаанд бид ямар чиглэлд хамтарч ажиллах, хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэх талаар харилцан ярилцаж байна. Хоёр тал хамтран ажилласанаар Монгол, Солонгос улсын талаарх үнэн бодит мэдээ, мэдээллийг хүргэх тал дээр хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн айлчлалаар Солонгосын сэтгүүлчид Монголын түүх соёл, үзэсгэлэнт байгаль гээд Монгол Улсын талаарх бүх мэдээллийг Солонгосын иргэдэд хүргэх зорилготой зочилж байна. Цаашид энэ хамтын ажиллагаа 10, 20 жил өргөжих байх гэж бодож байна.

-Цаашид хоёр орны сэтгүүлчдэд хамтын ажиллагааны хүрээнд ямар боломжууд нээгдэх вэ?

-Хоёр холбооны хамтын ажиллагааны хүрээнд маш олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Түүний нэг нь сэтгүүлчдийг хэлний бэлтгэлд суулгах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулахаар төлөвлөөд байна. Солонгос сэтгүүлчид Монголд ирж, Монгол сэтгүүлчид Солонгост очиж хоёр орны түүх, соёлыг дамжуулах зэрэг ажлууд хийгдэнэ гэж төлөвлөж байна.

-Дэлхийн улс орнуудийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хараат, хараат бус, хагас хараат гэж дүгнэдэг. Монголын хэвлэл мэдээллийн байгууллага хэр зэрэг хараат, хараат бус ажиллаж байна вэ. Та дүгнэлт хийж үзсэн үү?

-Солонгос, Монгол гэлтгүй дэлхийн сэтгүүлчид ард түмэндээ үнэн бодит мэдээлэл дамжуулан нэг зорилго, үүрэгтэй ажилладаг. Монголын талаар хараат бус, хараат байдлын талаар мэдэхгүй байна. Солонгосын хувьд бол яг чиг үүргээ барьж ажилласаар байгаа.

-Монголын хэвлэлийн хөгжил ямар шатандаа явна гэж бодож байна вэ. Бид дэлхийн хэвлэл мэдээллийн салбартай хөл нийлж алхаж чадаж байна уу?

-Монголын хэвлэл мэдээллийн байгууллага маш сайн хөгжиж байгаа. Учир нь би сүүлийн гурван жил Монголд айлчилсан. Намайг ирэх бүрт нэг алхам урагшилсан байдаг. Ирэх бүртээ Монголын сэтгүүлчид ард иргэддээ үнэн бодит мэдээллийг хүргэхийн тулд яаж хүчээ дайчлан ажиллаж байгааг нь хараад их баяртай байгаа.

Эх сурвалж: www.news.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх