Х.Баттулга:Нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас аварч ажилгүйдлыг бууруулахад та бүхэнтэй хамтран ажиллана


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй итгэл найдвар өндөр хариуцлага бөгөөд би Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин шударгаар зүтгэх чин зүрхний дуудлага хэмээн хүлээн авч байна. Монгол Улсаа хөгжүүлэн дэвжээх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ халуун баяр талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдөж Монгол Улс дахь ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөн өрсөлдөгчдөдөө цаашдын үйл хэрэгт нь бас амжилт хүсье. Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдож ажилласан Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчдөө цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье. Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна.

Шийдлээ хүлээсэн олон сорилт ар араасаа бодлого нэхэж, хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын маань замын зураг болж түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж ойлгож байгаа. Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаар дахин тангараглаж байна. Их хурлын эрхэм гишүүдээ та биднийг хойшлуулшгүй ажлууд шилээ даран хүлээж байгааг та бид мэдэж байгаа. Нэн тэргүүнд иргэдээ ядуурлаас аварч ажилгүйдлыг бууруулахад та бүхэнтэй хамтран ажиллаж байна.

Иргэдээ сонсдог, иргэдтэй хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Улс орноо иргэдийн оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг харгис шийдвэрийг халах болно. Шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч, үйлдвэрлэгч үндэстэн болгохын төлөө ажиллана.

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ хэлье. Хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалцдаг аливаа төрлийн гэмт  үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж, цөөнхийн халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг иргэдээ ялгаварладаг харгис хэрцгийг хална. Эв нэгдлийг эрхэмлэж үндэсний эрх ашгаа дээдэлсэн ерөнхийлөгч байна.  Мөнх тэнгэр биднийг ивээг, сайн бүхэн дэгжин, дэлгэрэх болтугай. Монгол Улс хөгжин бадартугай” гэлээ. Ийнхүү шинэ Ерөнхийлөгч ард түмэндээ хандан үг хэлсний дараагаар УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг хааж байгаагаа хэлээд төр, түмнээрээ сайхан наадахыг ерөөлөө.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх