Монгол залуус аварга боллоо


"World Chess Open 2017" Олон Улсын Шатрын Аварга шалгаруулах тэмцээн АНУ-ийн Пенсильвани мужийн Филадельфия хотод болж өнгөрлөө. Тэмцээн өнгөрөгч 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 4-ний хооронд үргэлжилж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1200 гаруй тамирчин оюун ухаанаа уралдуулснаас Монгол Улсын Спортын Мастер Дамдинбазарын БАТ-ЭРДЭНЭ U2200 ангилалын Rapid төрөл буюу үндэсний шатрын мастеруудын хагас түргэвчилсэн тэмцээний дэд аварга, Наранбатын ТӨРМӨНХ Unrated ангилал буюу анх удаа олон улсын тэмцээнд оролцогчдын ангилалд аваргын болзол хангаж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуудууллаа. Н.ТӨРМӨНХ нь Шатрын спортын гуравдугаар зэрэгтэй, Лос Анжелес хотын Монголчуудын шатрын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж хошой аварга болж байсан бөгөөд олон улсын түвшинд анх удаа өрсөлдөж дээд амжилт гаргаад байна. Харин Монгол Улсын Спортын Мастер Д.Бат-Эрдэнийн тухайд өмнө нь олон улсын түвшинд чансаагаа сорьж байсан туршлагатай. Тэрээр "American Open" , "North American Open" тэмцээнүүдэд амжилттай оролцож түрүүлж байсан төдийгүй 2004, 2006, 2008 онуудад Дэлхийн Шатрын Олимпиадад үндэсний шатрын мастеруудын ангилалд улс эх орноо төлөөлж гурван ч удаа оролцсон. 2006 оны олимпиадаас тусгай байрын шагнал хүртсэн, шатрын спортоор 30 жил хичээллэж буй туршлагатай тамирчин юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх