АНУ-аас байгалийн хий худалдаж авахыг Ерөнхийлөгч Д.Трамп Европын орнуудад уриалав

Дэлхий Галаа Галаа 2017 07 сар 15 882

Эрчим хүчний хангамжийн эх үүсвэрээ төрөлжүүлэн олшруулахад нь Европын улс орнуудад туслахад АНУ бэлэн байна гэж Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ.

Тэрбээр пүрэв гарагт Төв болон Дорнод Европын орнуудын удирдагчдад хандан “Америкийн эрчим хүчний эх үүсвэрийг импортлох талаар гэрээ хэлэлцээр байгуулах”-ыг уриалсан байна.

Ерөнхийлөгч Д.Трамп Польшийн нийслэл Варшав хотноо үг хэлэхдээ “цорын ганц нийлүүлэгчийн гарт барьцаалагдахгүйн тулд эрчим хүчний хангамжийн эх үүсвэрээ төрөлжүүлэн олшруулахад нь Польш болон Европын бусад улсад туслахад манай улс бэлэн байна” гэжээ. Варшав хотод Европын 12 орны удирдагчдын уулзалт болсон юм.

Д.Трамп “цорын ганц нийлүүлэгч” гэдэг үгийг хэлэхдээ Орос улсыг шууд дурдаагүй байна.

Польшийн нийслэлд болсон “Гурван тэнгисийн санаачилга” гэдэг Дээд хэмжээний уулзалтад Адриат, Балти, Хар тэнгисийн эргийн дагуу оршдог улс орнуудын удирдагчид оролцсон юм. Уг санаачилга нь эрчим хүч, худалдаа, дэд бүтцийн салбарт тухайн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ.

Дашрамд дурдахад, Д.Трампын засаг захиргаа дээрх бүс нутгийн орнуудад нийлүүлж буй шингэрүүлсэн байгалийн хийн хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавьсан аж. Хямд зардлаар олборлодог байгалийн хийн асар их нөөцтэй АНУ экспортоо нэмэгдүүлэхийн тулд шинээр терминалууд барьсаар байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх