Ё.Дамчаабадгар: Хүн болгон амжилтад хүрдэггүй. Хөлтэй болгон мөртэй байдаггүй


The 14th Seoul international dance competition  буюу “Сөүлийн Олон Улсын гоцлол бүжигчдийн 14-р уралдаан”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож тэргүүн байр эзэлсэн Ё.Дамчаабадгартай  ярилцлаа.  

Юуны өмнө Олон Улсын гоцлол бүжигчдийн XIV-р тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоод тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-The 14th Seoul international dance competition  тэмцээн уралдаанд амжилттай оролцсондоо баяртай байна. Намайг Ёндон овогтой Дамчаабадгар гэдэг. 1995 оны дөрөвдүгээр сарын 17-нд Баянхонгор аймгийн Баянцагаан суманд  төрсөн. Энэ жил СУИС-ийг Бүжиг найруулагч дэглээчийн мэргэжлээр төгссөн. Одоо зорилгынхоо төлөө урагш тэмүүлж байна

Олон орны чадварлаг бүжигчид оролцдог тэмцээн гэсэн. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болж өнгөрөв. Шүүгч нар хэр чанга байв?

- Өөрийгөө түрүүлсэн гэж итгээгүй. Маш хатуу чанга өрсөлдөөнтэй тэмцээн болсон. Нийт 14 оны 512 бүжигчин өрсөлдсөн. Тэмцээн энэ оны долдугаар сарын 17-23-ны хооронд болсон. Миний бие үндэсний бүжгийн төрөл буюу “Etnic traditional” төрлөөр оролцож тэргүүн байр эзэлсэн. Этник буюу үндэсний бүжгийн төрлийг харуулсан тэмцээн олон зохиогдоод байдаггүй. Энэ тэмцээн нь олон улсын шилдэг үндэсний бүжигчдийг хооронд нь өрсөлдүүлдэг, А зэрэглэлийн тэмцээн гэдгээрээ онцлог. Жижиг тэмцээн гэж байдаггүй. Бүгд л чухал ач холбогдолтой тэмцээн болдог. А зэрэглэлийн тэмцээн болохоор зохион байгуулж байгаа түвшин, оролцогчдын чадвараас эхлээд маш их өрсөлдөөнтэй байсан. 512 бүжигчид юугаараа ялгаатай. Ямар өв соёл тээсэн болоод илүү байгаа юм бэ гэдгийг харуулсан тэмцээн байлаа. Тэмцээний давуу тал гэвэл шүүгч нар чанга, шударга байдлыг онцолмоор байна. “Etnik traditional” төрлийг Япон, Солонгос, Хятад, Америк, гэх мэт улсуудын зургаан шүүгч шүүж байсан. Энэ жил Монголоос шүүгч байгаагүй. 2016 оны тэмцээнийг Монгол Улсаа төлөөлж Хөгжим бүжгийн коллежийн багш МУСТА Хосбаяр багш маань шүүж байсан.  Ихэвчлэн миний өрсөлдөгч орны шүүгч нар шүүсэн. Тэмцээний дараагаар Хятад шүүгчтэй ярилцахад өөр улс үндэстнүүдийн бүжгийг өөрийн улсын бүжигтэйгээ харьцуулсан судалгааг маш их хийдэг нь ярианаас нь илэрч байсан юм.

Өрсөлдөгч нартайгаа хэрхэн харилцаж байв?

- Бүгд л өрсөлдөгч. Хэдий тийм ч бүгд эвсэг найрсаг, бие биендээ сайхан хандаж байсан. Оролцогчид тоглолтоо үзүүлээд гараад ирэхэд бусад нь баяр хүргэх жишээтэй. Намайг ялагч болоход бүгд найрсгаар хүлээн авч баяр хүргэсэн. Нэг Япон оролцогч надад “Ямар удаан сууж бүжиглэв, хөл чинь их өвдсөн үү” гэж асууж байсан. Мөн Гала тоглолтын дараа Францаас оролцож байсан охин “Хөл чинь их өвдсөн үү. Цээж гар чинь их сайн хөдлөх юмаа. Яаж ингэж бэлдэв” гэх мэт маш олон зүйлийг асуусан юм. Тэмцээний дараа шагнал авсан хүмүүсийг  хүлээн авалтад урьдаг. Тус хүлээн авалтын үеэр халуун дотно яриа өрнөдөг. Энэ үеэр шүүгч нар  “Монгол үндэсний хэв маяг буюу явган суулт, сууж байгаад биелгээ хийх. Хөл нь хөдлөхгүй хэрнээ дээдэх цээжин бие нь хэрхэн хөдөлж байгаа. Гурван минут явган суудаг нь ямар их тэсвэр, өв соёл, чадвар вэ” гэдгийг онцолж хэлж байсан нь сайхан санагдсан. Миний бүжгийн онцлог нь үндэсний хэлбэрийг харуулсан. Явган суултан дээрх цээжний хөдөлгөөнийг манай М.Мөнгөнцэцэг багш их гайхалтай гаргаж өгсөн. Энэ талаараа олон улсын шүүгчид, бүжигчид миний суудлыг болон цээжний хөдөлгөөнийг гайхаж, биширч байсан нь магтууштай санагдаж байлаа.

Хэр удаан бэлдсэн бэ?

- Энэ тэмцээнд орохын тулд жил гаруй хугацаанд бэлдсэн. Ноднин энэ тэмцээн найман сард зохион байгуулагдаж байсан. Тэмцээнийг Хосоо багштайгаа очиж үзсэн юм. Тухайн үед тэмцээнийг үзэгчийн нүдээр хараад өөрөө оролцож үзэхийг хүсэх болсон. Улмаар түрүүлнэ гэсэн сэтгэлзүйгээсээ эхлээд бүхнийг бэлдэж эхэлсэн дээ. Ямар нэгэн тэмцээнд ороход бүжиглэхээсээ илүүтэй сэтгэлзүйгээ бэлдэж, тухайн дүрдээ орох нь хамгийн чухал. Мөн тэмцээндээ зориулж багшаараа бүжиг шинээр дэглүүлсэн. Аливаа тэмцээнд оролцоход  хөрөнгө хэрэгтэй. Тиймээс санхүүгээ ч гэсэн хуримтлуулах болсон юм.  

Хэцүү зүйл тулгарч байв уу?

- Олон тулгарсан. Сэтгэл санаа, санхүү эдийн засаг гээд л. Хамгийн наад зах нь бие өвдөх. Тухайн дүрээ мэдэрч, орж чадахгүй байх гэх мэт олон асуудал тулгарч байлаа. Өөрөө дүрээ мэдрээгүй байж бусдад мэдрүүлнэ гэж байдаггүй. Миний бүжгэн дүр бол өвгөн туульчийн дүр. Өөрөө залуу хүн болохоор өвгөн настай хүний дүрийг бүтээж, дүрдээ орох амаргүй байсан. Тиймээс судалгаа хийж эхэлсэн. Бүжиг гэдэг бол амьдрал. Бүжгийг дагаад тайзан дээр тэр чигээрээ амьдрал явж байдаг. Тиймээс өвгөн хүн ямар байх ёстой бүхнийг судалсан. Тэмцээнд бүртгүүлэх, тийз захиалах явцад олон асуудал гарч байлаа. Тухайлбал, тэмцээнд бүртгүүлэх хугацаа нь болоход Хөх хот руу манай СУИС-ынхан 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй фестивальд оролцох болсон юм. Мөн сургуульд бүжгэн жүжиг тавих, төгсөж байсан болохоор дипломын ажил гээд маш олон зүйл давхацсан. Нэг мэдэхэд уралдаанд бүртгүүлэх хугацаа тулчихсан байсан. Бас есдүгээр сарын таванд 15 бүжигчдийн хамтаар БНХАУ-ын Олон улсын Театрын сургуулийн чуулга уулзалтад оролцох болов. Өөрөө бүртгэлээ хийлгэж чадахгүйд хүрсэн. Улмаар Хосбаяр багшаас миний бүртгэлийг хийгээд өгөөч ээ гэж гуйсан. Тэмцээн эхний шатанд бичлэг авдаг. Тиймээс бичлэг, зураг гээд бүртгүүлэхэд шаардлагатай зүйлсээ багшдаа үлдээсэн. Бүртгэлийн хураамж 200 доллар төлдөг. Мөнгөө хэзээ тушаах вэ гэхэд хэзээ ч тушаасан болох байх гэсэн юм. Тэгээд чуулга уулзалт руугаа явав. Бээжинд бидний очсон газар сүлжээ муутай, фэйсбүүк орох боломжгүй байсан. Утсаа нэг харахад Хосоо багшаас дуудлага ирсэн байсан юм. Нөгөө бүртгэлийн хураамжаа төлсөн баримтаа цуг явуулахгүй бол бүртгэл баталгаажихгүй байна гэж намайг сандаргав. Гэрийнхэнтэйгээ холбогдож болдоггүй.  Тэгээд яахаа мэдэхгүй байж байтал Бүжгийн Урлагийн сургуулийн захирал маань төв СУИС руу яриад “Түр 200 доллар тэмцээний данс руу хийж байгаач ээ. Манай суралцагч тоглолтоос ирээд өөрөө төлөх юм” гэж хэлсэн байсан. Тэгээд бүртгүүлж амжсан болов уу яасан бол гээд  миний санаа зовоод л. Хосоо багш маань ямар хариуцлагагүй юм бэ гэж загнаж байсан. Нөгөө бүртгэл маань яасан бол гэж бодоод оролцохоор ирсэн фестивальдаа олигтой бүжиглэж чаддаггүй. Хосоо багш маань битгий санаа зов гэж фэйсбүүээр бичнэ. Фестиваль дуусаад ирэхэд бүртгэсэн гэж байсан. Гэхдээ буруу төрөлд бүртгүүлчихсэн байлаа. Түүнийгээ солиулах гэж бас нэлээн явдал чирэгдэл болсон доо. Би тэмцээн зохион байгуулж байгаа газар луугаа мэйл бичнэ. Нөгөө газраас хариу өгдөггүй. Аргаа бараад Хосоо багшаасаа мэйл бичиж өгөхийг гуйж байлаа. Тэгж нэг юм тэмцээний бүртгэл баталгаажсан. Үүний дараагаар тэмцээний бэлтгэл хийх газар олддоггүй. Тэгээд “Түмэн Эх Чуулга”-ын Сэсээрхүү ахад хандаж тоглолтод оролцоод тэмцээнийхээ бэлтгэлээ хангаж болох уу гэж асуухад их эерэгээр хүлээж авч, зөвшөөрсөн.  Тэмцээн болох хугацаанд Солонгосын IHC компаниас “K pop and cover dance”  бүжгийн тэмцээнд оролцоод түрүүлж Солонгост хэлний бэлтгэлд суух гурван сарын эрхээр шагнуулсан. Тэгээд виз гаргаж өгөөд би ч тийзийн зардлаа хэмнээд нэг сумаар хоёр туулай буудах нь гэж баярласан. Гэтэл тэмцээний хугацаа дөхөх тусам виз гардаггүй. Тэгсэн нэмэлт материал бүрдүүлж өгөхийг элчингээс шаардсан. Тухайн үед ерөнхийлөгчийн сонгууль болоод намайг долдугаар сарын 10-наас өмнө амжиж нэмэлт бичиг баримтаа өгөхгүй бол виз гарах боломжгүй гэсэн. Ядаж байхад ерөнхийлөгчийн сонгуультай давхацаж таарсан. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуулиа өгөөд л маргааш нь нэмэлт материалаа өгөхөөр Дархнаас хот руу явсан. Арай гэж өгч амжсан даа. Виз долдугаар сарын 17-нд  нэг юм гарав. Яг тэмцээн эхлэх үеэр.  Цаанаасаа тэмцээнд орох хэрэггүй, битгий оролц  гэж байгаа юм шиг бүх зүйл нэг л болж өгөхгүй байсан. Би тэмцээнд орохын тулд маш олон хоног бэлдсэн байсан болохоор бууж өгөхийг хүсээгүй. Гүрийсээр байгаад бүгдийг нь бүтээсэн дээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас ганцаараа оролцсон уу?

- Манай улсаас нийт зургаан хүн тус тэмцээнд оролцохоор явсан. Гэхдээ Солонгост очоод бүгд Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа болохоор нэг групп, баг болсон. “Үндэсний урлагийн их театр”-ын Номин эгч, “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга”-ын Ууганцэцэг, Батнасан, “Боржигин чуулгын” бүжигчин Манал, СУИС-ын Бүжгийн сургуулийн нэгдүгээр оюутан “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны шилдэг оролцогч Ууган-Эрдэнэ, миний бие явсан.

Тэмцээнд орролцсон бүжиг чинь бусад орны бүжгээс юугаараа ялгаатай санагдсан бэ?

- Миний бүжгийг МУСТА М.Мөнгөнцэцэг болох миний хамгийн хайртай багш дэглэж өгсөн. Энэ бүжиг 2013 оны 12-р сард болсон Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин зууны манлай Бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Мэргэжлийн бүжигчдийн улсын дөрөвдүгээр уралдаанд зориулж дэглэсэн бүжиг.  “Их хөлгөн” гээд туульч өвгөний тухай юм. Багш нэгэн туульч өвгөний зурагнаас санаа авч энэхүү бүжгийн санаагаа гаргаж байсан. Би Мөнгөө багшдаа маш их хайртай. Гарынх нь шавийн нэг.  Бүжиг хэрхэн дэглэх, хүнтэй яаж харьцах гээд бүхнийг надад зааж өгсөн. Монголын бүжгийн урлагт чамгүй их хувь оруулж байгаа хүн гэвэл Мөнгөө багшийг хэлнэ. Хадны сүг зураг, морины тамганаас хөдөлгөөн гаргаж бүжиг дэглэдгээрээ өвөрмөц онцлогтой. Мөн энэ бүжгийг найруулах талаас нь ажиллаж өгсөн хүн бол СТА найруулагч Энхбаяр багшийн минь хайртай хань нь юм. Танай zindaa.mn сайтад ярилцлага өгч багшаа завшаанаа ашиглаад энэ хоёр хүнд баярлаж талархсанаа хэлмээр байна.

-  Бүжигчин болоход юу нөлөөлсөн бэ. Бүжгийн урлагаар хичээллээд хэр удаж байна?

- 2006 онд Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрт бүжигчин болохоор орж байлаа. 2008 оноос мэргэжлийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Бүжигчин болоход нөлөөлсөн хүн Баянхонгор аймгийн хөгжим драмын театрын  бүжгийн багш СТА Алтанцэцэг гэж хүн байдаг. Тэр багш маань намайг бүжгээр амьдруулсан. Тэр хүн байгаагүй бол би бүжигчин болохгүй байсан байх. Энэ багш маань маш их нөлөөлсөн. Намайг хүүхэд шигээ л санадаг байлаа. Буруу зүйлийг минь хэлж өгнө. Зөв зүйл хийвэл магтаж, улам илүү хэвшүүлэхийг сануулна. Нэг удаа тамхи татаж байгаад баригдаад зодуулж байсан. /инээв/ Миний багш тийм л сайхан хүн.  Энэ үед багштаа загнуулахдаа загнуулж, баярлуулахдаа баярлуулж, гомдоож байсан. Бүжигтэй амьдралаа холбоод есөн жил болсон байна.

-  Өмнө нь ямар тэмцээн уралдаанд оролцож байв?

- 2015 онд ОХУ-ын Буриад улсад зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд "Талын бүсгүйчүүд" ,"Өвгөдийн захиас" бүжгүүдээр гуравдугаар байранд орж байсан. Тухайн үед хоёрдугаар курст сурч байсан үе. Анх  гуравдугаар байранд орсондоо олзуурхдаг. Учир нь гуравдугаар байр ивээлтэй юм шиг санагддаг. Дараа нь 2015 оны 9 сарын 28-аас 10 дугаар сарын 03ны хооронд зохиогдсон Ази номхон далайн орнуудын гоцлол бүжигчдын олон улсын уралдаанаас МУСТА М.Мөнгөнцэцэгийн дэглэлт "Хишигтэн", МУСТА Д.Энхгэрэлийн дэглэлт "Дөрвөд савдаг" бүжгүүдээр 3-р байр эзэлсэн. Мөн СУИС Профессор МУСТАжилтан Ц.Алтанцэцэгийн нэрэмжит шилдэг бүжигчиний шагналыг хүртэж байлаа. Миний хувьд жижиг тэмцээн гэж байдаггүй. Бүх тэмцээн алдаатай, оноотой, том байдаг. Тэгээд 2016 онд МУАЖ, ТС Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IV-р уралдааны гоцлол бүжгийн төрөлд тусгай байр эзэлсэн. Энэ тэмцээнээс маш олон зүйлийг ойлгож, сурч авсан. 2017 онд зохиогдсон Modern бүжигчдийн анхны уралдаан маш сайн бэлдэж оролцсон боловч тэнцээгүй. Учир нь гадаадын бүжигчний бүжгийг бүжиглэх ёсгүй байсан юм билээ. Үүний дараа дээр дурдсан IHC Солонгосын компанийн нэрэмжит бүжгийн тэмцээнд оролцож түрүүлсэн. Тэгээд хамгийн сүүлийнх нь сая оролцоод тэргүүлсэн The 14th Seoul international dance competition тэмцээн болж байна

-  Уралдаанд тэргүүн байр эзлэхэд хамгийн түрүүнд бодогдсон хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

- Тэмцээний дүн цахимаар гардаг. Дүн гарсан орой цуг явж байсан оролцогчидтойгоо зайрмаг идээд байж байхад фэйсбүүкээр баяр хүргэе гэсэн пост ирсэн. Би ч гайхаад итгэж ядан шалгаад үзэхэд үнэхээр түрүүлсэн байсан. Хамгийн түрүүнд бодогдсон нь Японы бүжигчин байсан юм. Тэрбээр миний өмнө гарч маш сайн бүжиглэсэн. Түүнийг яасан бол гэж бодсон. Тэгээд хүмүүс хэрхэн хүлээж авах бол би ямар байх ёстой. Эхний зорилгоо амжилттай биелүүллээ. Одоо дараагийн зорилгоо хэрхэн биелүүлэх, юу хийх вэ гэх бодол орж ирсэн.

Өдрийг юу хийж өнгөрөөдөг вэ. Бүжигчин хүн болохоор байнгийн дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох шаардлага гарах уу?

- Өглөө эрт босох ёстой. Өдөржингөө дасгал сургуулилт хийнэ. Бүжигчин хүн булчингаа байнга ажиллуулах хэрэгтэй. Уян хатан байхын тулд сунгалтыг дасгал байнга хийнэ. Мөн ном унших тун чухал. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүжигчин байхын тулд олон хэлтэй байх ёстой. Хятад, Солонгос хэлээ сайжруулахын тулд хүмүүстэй ярьж, харьцах ёстой. Англи хэлийг сурсан байх ёстой учраас сурч байгаа. Ер нь зав гараад байдаггүй. Нэг мэдэхэд л өдөр өнгөрч, хөлсөө цувуулчихсан байж байдаг. Бэлтгэл хийхээр цаг маш хурдан өнгөрдөг. Найз нартайгаа өнгөрүүлэх цаг зав гэж байдаггүй. Хамтлагаараа байгаа тохиолдолд байнгийн бэлтгэл сургуулилт хэрэгтэй. Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүжигчин байхын тулд маш их хөдөлмөрлөж, байнгийн бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай байдаг.

Цаашид юу хийхээр төлөвлөж байна?

- Дөнгөж сургуулиа төгссөн болохоор хийхээр төлөвлөсөн маш олон зүйл байна. Судалгаа ямар чухал болохыг мэдрүүлж өгсөн СУИС-ийн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Саяын тэмцээнээс маш олон зүйлийг сурч, мэдэж, урам зориг авлаа. Би өөрөө “Тэгри Хүмүүн” гэсэн хамтлагт бүжиглэдэг. Манай хамтлаг Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг 32 оролцогчийн нэг. Би хамтлагийн ахлагч болохоор үүрэг хариуцлага их. Манай хамтлагийнхан одоогоор өөрсдийн зорилгоо биелүүлэхийн тулд түр хугацаанд тарсан байгаа. Хоёр юмуу гурван жилийн дараа эргээд цугларч уран бүтээлээ хийхээр ярилцсан. Одоо БНСУ-ын Бусан хотын Олон Улсын Их сургуульд хэлний бэлтгэлд сурах гээд Сөүл хотноо ирээд байна. Мөн Бусан хотын “Жулая” театрт дагалдан бүжигчин хийх урилга авсныхаа дагуу бэлтгэлээ хийж байгаа. Удахгүй Бусан хот руу явна. Сургуулиа төгсөөд Монголдоо очоод маш олон зүйлийг хийхээр төлөвлөж байгаа. Хүн өдөр бүр нэг нэгнээсээ суралцаж байдаг. Тиймээс бие биенийг ээ хүндэлж байх хэрэгтэй  гэж Мөнгөө багш маань сургадаг. Цаашдаа БНСУ-ын “K Art” сургуульд сурах зорилготой байна. Хэлний бэлтгэлээ амжилттай сураад төгсвөл тус сургуульд шалгалт өгнө. Хүн болж төрснийх дурсагдах зүйлтэй л үлдэхийг  хүсдэг.  Хөлтэй болгон мөртэй байдаггүй гэж надад нэг хүн хэлж байсан. Энэ үг надад их зүйлийг ухааруулсан. Манай хамтлагийн зорилго бол орчин үеийн бүжгийн сургуультай болох. Үүний тулд бүгд гадаадад мэргэжил дээшлүүлэн магистраар сурч байна. Ярилцлагынхаа төгсгөлд дахин баярласан талархсанаа илэрхийлье. Хамгийн эхэнд Баянхонгор аймгийн багш Ц.Алтанцэцэг багшдаа баярлалаа. Таны үргэлжлэл болох болно. Мөн СУИС-ийн багш СТА М.Мөнгөнцэцэг болон түүний хань “Naturdance”-ийн захирал Д. Энхбаяр багшдаа баярлалаа. Намайг бүжиг дэглээч найруулагчийн мэргэжлийг эзэмшихэд тусалсан СУИС-ийн нийт хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Өдий зэрэгтээ явж байгаа минь та бүхний ач шүү. Хамгийн сүүлд хайрт аав, ээж, ах, дүү хамаатан садандаа баярлалаа. Мөн нутгаараа маш их бахархдаг шүү. Мөн ярилцлага авч байгаа танай хамт олонд баярласнаа хэлмээр байна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх