Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл зүүн гар тийш эргэдэггүй болно


Нийслэлийн төв зам буюу баруун 4 замаас зүүн 4 замын хооронд оргил цагт хөдөлгөөний нягтрал их болж, гол замын хөдөлгөөн уулзваруудын хооронд түгжирч, босоо замд нөлөөлдөг байна. Замын хөдөлгөөний зохицуулалтыг энгийн богино хугацаатай болгохын тулд  энэ сарын 15-наас эхлэн гол замаас зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж, туслах зам руу шилжүүлэхээр болжээ. Ингэснээр гэрлэн дохио богино үеэр ажиллаж, гол болон туслах замын хөдөлгөөнийг ашигтайгаар нэвтрүүлэх аж. 

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбат, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн ерөнхий инженер Д.Очир-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн олон судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын Энхтайвны өргөн чөлөөн дэх түгжрэлийг сааруулах зорилгоор зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх долоон уулзварын зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэж болно. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг үйлдэхдээ жолооч нар тойрог хэлбэр буюу блокын эргэлтэд шилжих шаардлагатай. Жолооч нар тойрог хэлбэрээр хөдөлгөөн хийхэд 600-800 метрийн тойрог хөдөлгөөн хийнэ. Энэ ажил энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлгөөний уг хязгаарлалтууд дэлхийн ихэнх хотод хэрэгждэг. Азийн хөгжлийн банктай хамтарч төв замын “BRT” хурдан автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлнэ. Нийтийн тээврийн хөдөлгөөн энэ чиглэлд явах учраас бид хөдөлгөөний хязгаарлалтыг хийж эхэлж байгаа юм” гэв.

Баруун 4 замаас зүүн 4 зам хүртлэх зайд зүүн гар тийш эргэхэд гэрлэн дохионы нэмэлт сум асахгүй юм. Зүүн гар тийш эргэх хөдөлгөөн Д.Самбуугийн гудамж, Сөүлийн гудамж болон бусад туслах замыг сонгон оролцох боломжтой аж.

Мөн Энхтайвны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөний зүүн гар тийш эргэхийг хориглохтой холбоотой зарим гудамжид замын чиглэл маршрутын өөрчлөлт орж байгаа юм байна. Жишээлбэл, Бөмбөгөрийн уулзвараас Чоймболын гудамж өнөөдрийн байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож байгаа аж. Мөн нэгдүгээр сургуулийн баруун талын зам сөрөг хөдөлгөөнтэй болж байгаа юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Баатаржав 2017 08 сар 07

Их бага тойруугийн замуудыг ардууд явдаг гээд зөнд нь хаяж байгаа юм уу

Доржбал 2017 08 сар 07

Бусад зам дээр нь тэгээ л бөгрөөд зогсож байх болж байна уу. Хийх юмаа олж харах чадваргүй хүмүүсийн санаа байна даа

Даваа 2017 08 сар 07

Зөвхөн гол замаа чөлөөлөөд захын замуудыг түгжрэл, бөглөрөлд автуулах санаа байна. Энэ нь цагдаа нарын ажлыг хөнгөвчилөхөөс өөр үр дүнд хүрэхгүй.