“Алдар”-ын П.Орхонд дэлхийн алт л дутуу байгаа..


Намрын налгар шар өдрүүд айлчлан ирсэн энэ цагт бокс, чөлөөт бөх гээд Монголын спортын топ төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид түрүүчээсээ эх орноосоо мордож, тухайн газар оронд бэлтгэлээ базаахаар явцгааж эхэллээ. Тухайлбал боксын насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ХБНГУ-ын Хамбург хотод энэ сарын 25-наас ирэх сарын 02-ны өдрүүдэд болох бөгөөд тус тэмцээнд оролцох манай улсын шигшээ багийн дөрвөн боксчин уржигдар эх орноосоо мордсон билээ. Тодруулбал, Хамбургийн рингэнд 49кг-д Г.Ган-Эрдэнэ, 64кг-д Б.Чинзориг, 60кг-д Д.Отгондалай, 69кг-д Б.Түвшинбат нар хүч үзэх бөгөөд тэд өнгөрсөн тавдугаар сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон медаль хүртсэнээр ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Тэгвэл наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монгол бөхчүүдийн нэрс ч тодорхой болсон. Парисын дэвжээнд барилдах Монголын бөхчүүдийн дунд ах дүү хоёр гавьяат болох Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг “Алдар” спорт хорооны дөрвөн бөх байгаа. Тэд бол 2017 он гарсаар насанд хүрэгчдийн УАШТ, Иван Ярыгины “Алтан Гран при”, “Монголиа Опен”, “Poland Open”, Испанийн “Гран при” нээлттээ тэмцээнүүдэд өвдөг шороодолгүй тасархай түрүүлж алтан медалийн буухиагаа үргэлжлүүлсээр яваа ОУХМ П.Орхон, Риогийн олимпод хүрэл медалийн оосроос агаад алдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, энэ жилийн улсын аварга ОУХМ Н.Лхамгармаа, Риогийн олимпод зодоглож байсан ОУХМ О.Үйтүмэн нар юм. 2017 оны нэгдүгээр сард болсон чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Г.Мандахнаран гавьяат зургаа дахь удаагаа түрүүлсэн бол ОУХМ П.Орхон, Н.Лхамгармаа нарын хувьд анх удаагаа түрүүлцгээсэн билээ. Монголын спортын сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн П.Орхон, Н.Лхамгармаа нарын хувьд 2017 он бахдам амжилтын жил болж байгаа. П.Орхон анх удаа улсын аварга болохдоо эмэгтэйчүүдийн 63 кг-д босоо байж саяхан Хөдөлмөрийн баатар болсон дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг финалын барилдаанд 10:2-оор илт илүүрхэн ялж, энэ жинд ноёлох болсноо тунхагласан. Өнгөрсөн оны эхээр Иван Ярыгины тэмцээний 58 кг-ын жинд Японы алдарт бөх, олимпийн дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичог 10:0-ээр ялж шуугиулж байсан П.Орхон 2017 он гарсаар жин өгсөж 63 кг-ын жинд барилдаж байгаа ч ганц ялагдалгүй алтан медаль бөөндсөөр байгаа нь Парисын тэнгэрт Монголын төрийн далбаа мандуулах ихээхэн найдвар төрүүлж байгаа юм. Түүний хань ОУХМ Н.Лхамгармаа Парист 65 кг-д хүч үзэх бөгөөд өнгөрсөн жилийн эхээр Парисын цомд түрүүлэн алтан медалиар энгэрээ мялааж байсныг эргэн дурсвал ОУХМ Н.Лхамгармаад Парисын дэвжээ ээлтэй гэдэг нь харагдаж байгаа юм. ОУХМ Н.Лхамгармаа 2017 оны эхээр насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа түрүүлэхдээ өнгөрсөн наадмаар Монгол Улсын гавьяат тамирчин болсон ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, Германы Гранпригийн мөнгө, Дан Коловын нэрэмжит тэмцээний хүрэл, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний хошой алт, мөнгө, хүрэл зэрэг томоохон амжилтуудын эзэн Б.Номинг ялж томоохон шуугиан тарьсан билээ. Тэрбээр 2014 оны АНУ-ын Нью-Жерсид болсон цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 61 кг-ын жинд аваргалан алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж байсан нэгэн гэдгийг бөх сонирхогчид санаж байгаа нь лавтай. Нью-Жерсигийн тэрхүү дэлхийн аваргын 70 кг-д аваргалж байсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Парисын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Алдар”-аар овоглосон гурван дүүгээ ахлан барилдах тул ганзага нийлдэг багаас амжилт хүлээх нь зүй ёсны хэрэг юм. 
Энэ удаа Парист “Алдар”-ын бөхчүүдийг ах дүү хоёр гавьяат Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр хоёр дасгалжуулах бөгөөд Ц.Цогтбаяр гавьяатын хувьд Риогийн олимпийн дэвжээн дээрх шударга бус шүүлтийн эсрэг “Нүцгэн тэмцэл” хийснээрээ буруутаж хоёр жил Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөөд байгаа гэсэн ч тэрбээр “Алдар” спорт хорооны дасгалжуулагчийн ажлаа хийсээр яваа юм. Тэрбээр энэ удаа Парист хувийн зардлаар очих бол Ц.Хосбаяр гавьяатын зардлыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гаргаж өгөхөө мэдэгджээ. 
Энэ жилд оролцсон бүх тэмцээндээ босоо байж алтан медалийн буухиагаа таслаагүй ОУХМ П.Орхоныг ОХУ-ын спортын “Sports.ru” сайт “Парисын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд манай Инна Тражуковагийн хамгийн гол өрсөлдөгч нь Монголын бөх П.Орхон бөгөөд Иван Ярыгины “Алтан Гран при тэмцээнд манай бөхийг 7:6-аар ялж аваргалсан Монголын бөх 2017 оролцсон бүх тэмцээндээ түрүүлээд байгаа хүчтэй бөх юм” хэмээн онцолж байсан. Үнэхээр ч оны дараахан дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг 10:2-оор төвөггүй явж улсын аварга болсон ОУХМ П.Орхон хамгийн сүүлд Испанийн Гран при тэмцээнд Ц.Хосбаяр багштайгаа гурвуулхнаа очиж барилдан Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж 2017 он гарсаар томоохон тэмцээний тав дахь алтан медалиа зүүсэн билээ. Парист П.Орхонтой хамгийн ширүүн өрсөлдөх бөхчүүдийн тоонд ОХУ, Болгар, Япон, Норвеги, Украины бөхчүүд нэрлэгдэж байгаа ч П.Орхоны хувьд тэдгээр бөхчүүдтэй бүгдтэй нь гар зөрүүлж заримыг нь хоёр ч ялчихаад байгаа тул алтан медаль хүртэх хамгийн боломжтой бөхөөр нэрлэгдэж байгаа юм. 
Парисын тэнгэр дор Монголын эрэгтэй эмэгтэй 16 бөх зодоглох бөгөөд жин бүрт ямар ч амжилт гаргах бүрэн боломжтой. Тухайлбал эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 75 кг-д “Хилчин” спорт хорооны бөх спортын мастер Г.Уртнасан барилдана. Тэрбээр 2017 оны нэгдүгээр сард болсон Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гран при” тэмцээнд Киргизийн бөх Айпери Медет Кузуг 7:2, нутаг нэгт Ц.Баярзаяаг 10:3-аар хожиж, финалд Оросын Алёна Стародубцеваг 11:7 онооны харьцаагаар ялж алтан медаль хүртсэн билээ. Парисын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох Монголын шигшээ багийг жин тус бүрээр нь танилцуулбал 
Эрэгтэйчүүд:
57 кг-д гавьяат тамирчин гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд),
61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи),
65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа,
70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар),
74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд),
86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар),
97 кг-д ОУХМ Ө.Батзул,
125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч),
Эмэгтэйчүүд:
48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд),
53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс),
55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин),
58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс),
60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин),
63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар),
69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд),
75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар юм. 
Бөх сонирхогчид, Монголын ард түмэн арван хэдхэн хоногийн дараа Парисын тэнгэрт Монгол Улсын алтан соёмбот далбаа мандаж, төрийн дуулал эгшиглэхийг л хүлээх, ОУХМ П.Орхон болон бусад бөхчүүд маань дэлхийд босоо түрүүлэхийг харах л үлдэж байна. Бөхөд дуртай түмэн минь чөлөөтийн бөхчүүдийнхээ захыг мушгиарай. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх