Б.Балжинням: Зүүн Хань улсын ханзыг нээснээр хүннүчүүдийг хагалан бутаргасны учгийг оллоо


Чингис хаан дээд  сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас Монголын түүхэнд чухал ач холбогдолтой, одоогоос  1930 орчим жилийн тэртээх ховор олдворыг илрүүлж, ханз үсээр бичсэн эртний бичээсийг тайлж уншжээ. Түүхийн дурсгалын талаар өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хурал хийж, олон нийтэд анх удаа зарласан юм. Энэ үеэр Чингис хаан дээд сургуулийн багш, түүхлээч, профессор Б.Балжиннямтай ярилцлаа.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас олдсон түүхийн дурсгал Монголын түүхийн аль үед хамаарах, ямар утга агуулга бүхий олдвор вэ?

-Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн, багш нар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт эртний Зүүн Хань улсын үеийн ханз бичиг бүхий хад байгаа гэсэн  мэдээллийг 1990-ээд оны үед нутгийн иргэдээс анх авсан юм. Ганц нэг сэтгүүлчид тухайн үед сонирхож харуулсан тал бий. Түүний ул мөрөөр бид  2009 оноос хойш  2-3 судалгааны ажил эхлүүлсэн. Сая дөрөв дэх удаагаа газар дээр нь очиж судаллаа. Хадан дээр нийтдээ 290-ээд ханз байгаа юм. Цаг хугацааны одоогоос 1928 жилийн өмнөх бичээс. Тэр үеийн ханзыг унших маш бэрхшээлтэй. Анх бид Тан улсын ханз юм уу гэж үзэж байсан. Дараа нь IV зууны үеийн 400, 300-гаад оны ханз юм уу гэж таамаглан түүний ул мөрөөр эрдэмтдийн бичсэн мэдээллүүдийг шүүсэн. Ингээд үзэж байтал энэ тооллын 89 оны зургаа, долдугаар сард бичигдсэн байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн.  Өвөрмонголын Хайлаарт болсон эрдэм шинжилгээний хуралд манай сургуулиас  Х.Лхагвасүрэн захирал бид хоёр очиж ханз сайн уншдаг Хятадын өвөр монгол хүн Чимиддорж гэж эрхэмтэй танилцаж хүсэлт тавьсан. Хятадын эртний ханз уншдаг ганц хүн юм байна лээ. Үүнээс өмнө Хятадын олон эрдэмтэнд санал явуулж, зургийг нь илгээгээд чадаагүй. Манай зарим эрдэмтдэд ч үзүүлсэн, бичээс их эртнийх учраас утгыг нээж чадахгүй байсан. Энэ жил бүх талын ая тал тохирч, сургууль маань хөрөнгө хүч гаргаж, 4-5 хоног явж судалгаа явууллаа. Бичээс маш өндөрт байгаа учраас хуулж авахад хэцүү. Барилгын тусгай шат угсарч байж тийшээ гарч хуулбарлан авч утгыг нээж уншлаа. Христосын тоолол буюу одоогийн тооллоор 89 оны долдугаар сард гэж ханзан дээр байна. Бидний хувьд зургадугаар сар гэж үзэж байсан. Агуулга нь Зүүн Хань улсын түлхээс, түрэмгийлэх бодлогоор Умард Өмнөд Хүннү салсан үед Умард Хүннүг дайлахад Өмнөд Хүннүгийн цэргийг ашиглаж, зүүн талаас Уханьчуудын цэрэг, Баруун талаас Тангад, Төвдийн хүчийг нийлүүлсэн тухай юм. Хятад ханзан дээр бол 36 мянган цэрэг гэсэн байгаа. Түүхэн баримтуудад түүнээс илүү, дутуу янз бүрээр тайлбарласан байдаг.  Тэр үед хийсэн том байлдаанаар Орхон гол хүртэл байлдаж Хүннүгийн Шаньюгийн ордыг сүйтгэж, буцах замдаа тахилга үйлдэж, түүнийгээ хадан дээр бичиж үлдээсэн нь түүх болж үлджээ. 

-Тэр хавьд хүннүг баримтлах өөр ямар олдвор байна?

-Энэ талаар “Ханьшу” гэж номд  байдаг. Тусгай 24 дэвтэртэй. Түүний нэгд энэ тухай бий. Тухайлбал, түүхэн газар орны нэрийг  бид үсэг нэг бүрчлэн тулгасан. Хадны бичээсийг зарим үсэг бүхий хэсэг өмөрч унасан тохиолдол бий. Тэр болгоныг бид анхаарсан. Бичээс 20 мөртэй. Хойноосоо урагш, өөрөөр хэлбэл баруунаас зүүн тийш япон бичиг шиг уншдаг. Нэг мөр нь 10-17 ханз үсэгтэй. Нэг хэсэг нь жаахан баларсан. Бичээсийг бид ханзаар нь ч нийлж тулгасан. Чимиддорж гуайн гаргасан утгын нээлт тун удахгүй хэвлэлд нийтлэгдэнэ.

-Судалгааны ач холбогдлыг эрдэмтэд  хэрхэн үнэлж байгаа вэ?

-Судалгааны үр дүн хэмжээлшгүй юм. Бичээсийг нээж  уншсанаар түүхийн маш чухал зангилааг тайлсан. Яагаад Хүннүчүүд тарж бутрав. Ямар учраас нэг хэсэг нь баруун тийшээ нүүх болсон бэ. Өмнө нь бол Умард, Өмнөд Хүннү салсан байсан. Тэгвэл  Ухань улс хоёр Хүннүг хооронд нь эвдрэлцүүлж, нэгийг нь нөгөөгөөр цохиулах бодлого хэрэгжүүлсэн байна. Түүнээс үүдэж, Дундад Азийн Цагаан Хүннү салсан байдаг, манай тооллын 91 онд. Одоогийн Убекстаны нутаг Арал далайгаас нааш нүүж Цагаан Хүннү улс тогтсон, нэг хэсэг нь Атиллагийн Хүннү  болж салсан, бас хэсэг нь Энэтхэгийн Хойд хэсэг рүү суурьшсан. Үлдсэн 100 мянган өрх нь Сяньбиг дагаж нэгдсэн. Өмнөд Хүннүчүүдийн ихэнх нүүж Цагаан хэрэм рүү  очоод уусч алга болсон. Үйл явдлын түүхэн гогцоо ийм учиртай. Үүний баримт болох түүхийн дурсгалыг нээснээрээ ач холбогдолтой юм.

-Танай сургуулийн эрдэмтэн багш нар  өөр ямар судалгаа хийв?

-2000 шахам жилийн өмнө болсон  үйл явдлын бичиг өмнө тохиолдож байсан зүйл бараг байхгүй. Зөвхөн энэ бичгийг тайлж уншсанаас гадна бид археологийн маш олон дагавар баримтууд, Монголын түүхийн сүүл үеийн буюу Их Монгол Улсын хаадын үеийн түүхтэй холбоотой тодорхой хэдэн обьектийг судалж тогтоосон. Газар дээр үлдсэн эд мөрийн баримт, сурвалж бичгүүдийн орон зай, тухайн үед болж байсан үйл явдлыг энэ удаагийн аяллаар эцсийн байдлаар тогтоосон. Өмнө тогтоосон байсныгаа  лавшруулж  үзсэн.

-Их хаадын үеийн түүхтэй холбоотой ямар олдворууд Дундговьд байна вэ?

-Дундговь  аймгийн Дэлгэрхангай сумын Тарагт  багийн нутагт 1141 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Өгөөдэй хаан таалал төгссөн. Эртний Иран сурвалжид байдаг. “Монголын нууц товчоо”- бол Өгөдэй хаан тэнгэр болов гэж бичсэн байдаг. Яаж яваад нас эцэслэсэн талаар нэг ч үг байхгүй. Тэгвэл Рашид Ад Диний сурвалжид Хар Хүрэмээс дөрвөн өдөрчийн газар Чихигт ан хийж яваад хээрийн ордондоо таалал төгссөн гэж бий. Чихигт ан гэж юу байв гэвэл ав хоморгын нэг хэлбэр. Тэр нь Өтөг Хула  уулнаа болсон гэж бий.  Тэгвэл Хула уул тэнд оршдог. Өтөг хөөврийн тал дэргэд нь байж байна. Тэр үед маш олон зээрийг  тэр хөндийд хурааж авлаж байж. Тухайн үе  арванхоёрдугаар сар гэдэг бол мах сайхан хөлдөх цаг, их авын үе. Үүнийг тохиолдуулан их ав хоморгоор цэргийн хээрийн сургууль хийдэг. Өгөдэй хааны нас барсан шалтгааныг эрдэмтэд янз бүрээр таамаглан бичдэг. Тэгвэл газар нь одоо ч нэрээрээ оршиж байна. Үүнийг бид 1992 онд явж тогтоож байсан. Түүнийгээ  сая лавшруулж үзсэн.  Онгийн голын зүүн, баруун эрэг, уртаашаа 100, өргөөшөө 50 км орчим талбай, Төгрөг цагаан чулуутын хөндий маш сайхан өвстэй газар. Тэнд цэргүүдээр зээр гөрөөсийг хураалган, нутгаасаа гаргахгүйн тулд шонд дарцаг, даавуу өлгөж байгаад авладаг байж. Түүний үргээлгийн чулуун шонгууд одоо ч байна. Дурсгалыг тогтооход зай, түүхэн он цаг, сурвалжид тэмдэглэсэн газар нутаг яг таарсан. Тийм олон шонг хэн яах гэж босгох вэ. Ав хоморго, цэргийн сургуулийн талбай гэдэг нь хөдөлбөргүй тогтоогдсон.

-Онгийн гол дагасан түүхийн бусад дурсгалд ямар зүйлүүд илрэв?

-Өгөдэй хааны ордонгийн туурь бий. Эрдэмтэд янз бүрийн замаар судалсан. Тэр талаар манай археологчид мөн урьдчилсан таамагласан зүйлүүд байдаг. Түүнийг хэмжилт хийж судалсан судалгааны ажлууд бий. Энэ талаар археологчдоос асуу..

Эх сурвалж: www.zaluu.com

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх