Н.Энхболд: Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хумих асуудал байхгүй

Улс төр Галаа Галаа 2017 08 сар 10 514

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна. 

 Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж байна. 

Хэлэлцүүлгийг нээж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэллээ. 

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх аравдугаар сар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 31-нээс эхлэн хөдөө орон нутаг болон нийслэлд хэлэлцүүлэг хийж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгууллагын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн  тэгш хуваарилалтыг хангах, энэ чиглэлээр хийгдэх гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлын зохион байгуулж байгаа хүн болгон, ялангуяа төрийн албан хаагчид маш хариуцлагатай ажиллах шаардлагатай. УИХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх талаар ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүгд оролцож байгаа. Иргэдэд зөв мэдээлэл өгөхөд сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Та нарыг иргэд төрийн ажил хийж байгаа, туршлагатай хүмүүс гэж байгаа. Иргэдээс ирж байгаа бүх саналыг нэг бүрчлэн авах хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрбээр "Гадуур Ерөнхийлөгчийн эрхийг хумих гэж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тийм зүйл байхгүй гэж хэлмээр байна. УИХ, Засгийн газартай хамаатай асуудал 2020 оноос, Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал 2021 оноос байх нь зүйтэй гэсэн байр суурьтайгаар энэ асуудлыг хэлэлцсэн. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгчийн эрхэд халдах гэж байна гэсэн мэдээллүүд үндэслэлгүй. УИХ-аас гаргасан тогтоолд он цагийг нь заагаад өгчихсөн байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулахын гол утга учир нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг яаж оновчтой зөв болгох вэ, Монгол Улс парламентын засаглалтай улс орон юм бол тогтолцоо эрх мэдлийг хуваарилалттай байх ёстой гэж байгаа" гэв.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх