Ц.Төмөр-Очир: Зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг эх орондоо хийх болсон

Эрүүл мэнд Admin Галаа 2017 08 сар 11 997

Жил бүрийн наймдугаар сарын хоёрдахь долоо хоногт “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” тохиодог билээ. Энэ өдрийг угтан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж яваа нэгэн “их айл”-ын ололт амжилт, бүтээн байгуулалтыг сонирхсон юм. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очиртой ярилцлаа.

-Юуны өмнө баярын мэнд хүргэе. Маргааш “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-тохионо. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд, энэ өдөр хийсэн, бүтээснээ дүгнээд, сайн ажилласнаа шагнаж урамшуулдаг онцгой өдөр байдаг?

-Баярлалаа. Улсын III төв эмнэлгийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсадын өдрийн баярын мэндийг эх орны өнцөг булан бүрт, ард, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд цаг наргүй8 мөр зэрэгцэн ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууддаа хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Улсын III төв эмнэлэгт одоогоор нийт 760 гаруй хүн ажиллаж байна. Манай эмнэлэг бол улсын хэмжээний зүрх, мэдрэлийн үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг.

Энэ чиг үүргийнхээ хүрээнд, үндэсний хэмжээнд зүрх, мэдрэлийн чиглэлийн тусламж үйлчилгээг мэргэжил, аргазүйгээр ханган бүх талын мэргэжлийн туслалцааг үзүүлж ажилладаг. Хот, хөдөөгийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, сургалт семинар зохион байгуулах, хот, хөдөөгийн аль ч эмнэлэгт лавлагаа түвшний зүрх, мэдрэлийн чиглэлийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

-Өвөл, зуны алинд ч ирсэн, танай эмнэлэг үргэлж хөл ихтэй угтдаг. Ахиц, дэвшилтэй зүйлүүд ч мөн олон харагдаж байна?

-Өнгөрсөн жилийн эрүүл мэндийн салбарын эмч ажилтны өдрөөс өнөө жилийн энэ өдрийг хүртэл манай эмнэлэгт нэлээдгүй олон ахиц дэвшил гарсан. Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдал, чанар хүртээмжийн асуудал дээр өмнөх жилүүдийг бодвол харьцангуй их ахиц дэвшил гарсан байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах, эмчилгээ үйлчилгээний дараалал, мэс засал, эрчимт эмчилгээний хэсгүүдэд үйлчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлын мэдээллүүдийг өмнө нь зөвхөн эмч, сувилагч тодорхой цагуудад гарч мэдээллийг өгдөг байсан бол одоо Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Шилэн эрүүл мэнд” төслийн үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийнхээ хүртээмжийг сайжруулах чиглэлд нэлээд анхаарч ажилласан. Энэ хүрээнд тус эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэс заслын хэсэг, мэс заслын эрчимт эмчилгээний хэсэг, зөвлөх поликлиник, оношлогоо шинжилгээний бүх хэсгүүдэд мэдээлэл хүлээж авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ нь иргэдэд үл ойлголцол үүсгэхгүйгээр эрүүл мэндийн байгуул­лагын мэдээллийг ил тод, шуурхай хүргэх, шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүлээж авах  боломжийг бүрдүүлэн ажилласан гэж үзэж байгаа.

-Саяхан танайхан баяр наадмын өмнөхөн хагас жилийн үйл ажиллагааныхаа тайланг хэлэлцсэн. Мөн энэ үеэр туг өргөх ёслолын арга хэмжээ зохион байгуулсан гэж сонссон. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

- Улсын III төв эмнэлэг жил бүр улсын баяр наадмын өмнө уламжлал болгон төрийн далбаа, эмнэлгийн тугийг өргөх хүндэтгэл ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээг долдугаар сарын 9, 10-ны аль нэг өдрүүдэд зохион байгуулдаг. Эрүүл мэндийн салбар болоод эмнэлэгтээ хамт олноо хошуучилж ажилласан, тухайн жилдээ төрийн дээд шагнал хүртсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлсэн, онцгой үр бүтээлтэй ажилласан эмч, ажилчдаа урамшуулах, байгууллага хамт олноороо бахархах зорилго бүхий ийм арга хэмжээ юм. Энэ жил 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн хувьд, бид эдийн засаг хямралтай байгаа энэ цаг үед Монгол хүн эрүүл мэндийн шалтгаанаар гадны улс  оронд эмчлүүлэхээс илүү эх орондоо өртөг багатай зардлаар эмчлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. Жишээ нь, бид тусламж үйлчилгээндээ оношлогоо эмчилгээний  12-13 төрлийн шинэ арга технологиудыг нэвтэрүүлсэн. Үүний 80-90 гаруй хувь нь зүрх, мэдрэлийн чиглэлийн тусламж болно.

-Өнөөдөр дэлхийд эрчимтэй хөгжиж байгаа тархины судсан доторх мэс заслыг манай эмч нар 2014 оноос хойш бие даан хийж эхэлсэн. Энэ том ажилд өнөөдөр гарсан ахиц, дэвшил юу байна вэ?

-Өнөөдөр хүний гавлын ясыг нээхгүйгээр тархины судсан дотуур тархинд хүрч мэс засал хийж байна. Зүрхийг нээхгүйгээр судсан дотуур нь хагалгаа хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүх хагалгаа нь өндөр хөгжилтэй оронд өртөг өндөртэй хийгддэг. Энэ боломжийг Монгол Улсдаа бүрдүүлэх, цаашдаа өртөг өндөртэй хагалгааг гадаадын улс орон руу явж хийлгэдэг урсгалыг бууруулах зорилготой ажиллаж байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээ гадаад явж эмчлүүлэх өвчний 119 тоот тушаалын жагсаалтад байдаг. Энэ өвчнөөр цаашид үндэсний хэмжээний мэргэжлийн багийг бэлтгэх, шат дараатай үйл ажиллагааг явуулснаар өөрийн эх орондоо хийдэг болоод байна. 2018 оноос энэ өвчнөөр цаашид гадаад явж эмчлүүлэх шаардлагагүй боллоо гэсэн үг юм. Одоогоор бид давхардсан тоогоор 100 гаруй хүнд энэ эмчилгээг хийгээд байна. Зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн аблаци эмчилгээнийх нь зардал гэхэд 20-40 мянган ам.долларт багтдаг. Бусад эмийн эмчилгээ болон эмнэлгийн үйлчилгээний зардал орохгүйгээр ийм өртгөөр хийгддэг. Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад 100 мянган ам.доллараар зүрхний хэм алдалтыг эмчлэх эмчилгээг хийж байна. Мөн  манай эмч нар одоо тархины судсан дотуур хийгддэг хоёр төрлийн хагалгааны чиглэлийг гадаад эмчилгээний жагсаалтаас хасуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна. Саяхан манай эмч нар Япон, Солонгос улсуудад мэргэжил дээшлүүлээд ирсэн. Эмч нарын багийг шат дараатай бэлтгэх, чадавхижуулах ажлууд үе шаттай хийгдэж байгаа. 

Өнөөдөр гүрээний ба нурууны тэжээж байгаа судасны нарийсал, мөн тархины судасны эмгэг сүлжээрэл (мальформаци), судасны цүлхэн (аневризм), зэрэг өвчнийг судсан дотуурх мэс заслаар эмчлэх, мөн тархины хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөх зэрэг эмчилгээнүүд хийгдэж байна. Цаашид тархины судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээг өргөжүүлж, хөгжүүлснээр гадагшаа явж байгаа олон төрлийн мэдрэлийн мэс заслын өвчнүүдийг дотооддоо хийх нөхцөл боломж бүрдэх юм. Тархины мэс заслын судсан дотуурх энэ хагалгаанууд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зөвхөн мэс заслынх нь өртөг нь 100 мянган ам.доллараас дээш өртөгтэй хийдэг. Харин манай иргэд өнөөдөр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 07 тоот тогтоолын хүрээнд бага мөнгө төлөөд, эх орондоо хийлгэх бүрэн боломж бүрдсэн байгаа.

-Энэ төрлийн өвчлөл бас залуужаад байна уу. Ер нь хамгийн их тохиолддог эмгэг өвчнүүд нь юу байдаг вэ?

-Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан монгол хүний тархины судасны эмгэгүүд ихээр оношлогдож байна. Үүний дотор хамгийн их тохиолддог өвчнүүд бол цус харваж хүндэрдэг тархины судасны цүлхэн (аневризм), судасны эмгэг сүлжээрэл (мальформаци), судасны бөглөрөл ( венийн тромбоз)  зэрэг өвчнүүд ихээр оношлогдох болсон.Тархины судасны эмгэг цүлхэнгүүд хагарч тархинд цус харвах эрсдэлүүд нэмэгдэж байна. Мөн өвчлөл залуужиж байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчнөөр 25-30 насны 3-4 хүн эмчлэгдэж байх жишээтэй. Тиймээс цаашид өвчнийг эрт оношлох тоног төхөөрөмжүүдийг илүү сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулах, чадавхижуулах асуудал хурцаар тавигдаж байна.

-Улсын III төв эмнэлэг зүрх, мэдрэлийн чиглэлийн үндэсний хэмжээний лавлагаа төв. Сургалт судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Бид саяхан Эрүүл мэндийн сайдын санаачлагаар гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжлийн баг, хамт олныг оношлогоо, эмчилгээний шинэ технологид суралцуулж эхэлсэн байгаа. Манай эмнэлгийн зүрхний хэм алдалтын эмчилгээний баг БНСУ-ын Кореа их сургуулийн Аннам эмнэлэгт суралцахаар болсон. Нөгөөтэйгүүр, тархины мэс заслын судсан дотуурх мэс заслын баг дараагийн ээлжинд явахаар төлөвлөгдөж байна. Энэ хоёр чиглэл дээр манай эмнэлэг тодорхой бодлого барьж ажиллаж байгаа. Нөгөө талаар зүрх шилжүүлэн суулгах багийг бэлтгэх, зүрх шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээнд ажиллах эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах ажлыг ЭМЯ, ЭМ-ийн сайдын санаачилгаар эхлүүлсэн байгаа. Монголд одоо элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна. Улсын III төв эмнэлэг бол үндэсний хэмжээний зүрх, судасны төв эмнэлэг учраас цаашид зүрх шилжүүлэн суулгах үйл ажиллагааг энэ эмнэлэгт хэрэгжүүлнэ гэсэн салбарын бодлого явж байгаа. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Английн Кембрижийн их сургуульд ирэх есдүгээр сард эхний мэргэжилтнүүд жилийн хугацаатай сургалцахаар явах гэж байна. Сургалтын зардлыг Английн тал бүрэн дааж байгаа. Ер нь бол Монголд гадны улс оронд очиж зүрх шилжүүлэн суулгасан иргэдийн цөөнгүй мэдээлэл байдаг. Мэдээж эдгээр хүмүүс эдийн засгийн боломжтой хүмүүс байгаа. Монгол Улсын хүн амын ихэнх хувь нь дундаас доош амьдралтай учраас энэ хүн амд эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, үр дүнтэй үзүүлж, амь насыг нь аврах, эрүүл мэндийн салбарын дэлхийн түвшинд хүрсэн хагалгаануудыг ард иргэддээ ижил түвшинд үзүүлэхийг зорьж ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд манай эмнэлэг 2016 оны “Эрүүл мэндийн ЭКСПО”-д оролцоод “Эрүүл мэндийн шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага”-аар шалгарсан.

-Эдийн засгийн чадавх  тааруухан байгаа энэ үед олон эмч, сувилагчдыг гадны улс орон руу  сургалтад явуулна гэдэг бас л том ажил. Мөн одоогоор хэчнээн хүн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад байгаа вэ?

-Бид дан ганц Засгийн газар, яамны дэмжлэг туслалцааг харахгүйгээр өөр ямар боломжууд байж болох вэ гэдгийг эрэлхийлж ажилладаг. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гадаад орнуудын эрүүл мэндийн их сургууль, эмнэлгүүдтэй холбогдоод, тэдний дэмжлэгтэйгээр эмч мэргэжилтнүүдээ сургах үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байна. Жишээ нь, манай эмч нар Япон, Солонгос улсад тархины судсан дотуурх өндөр түвшний мэс заслын сургалтад хамрагдсан. Цаад талаас нь зардлыг нь 100 хувь даасан. Мөн жилдээ 16 оронд 110-120 гаруй эмч, сувилагч сургалтад хамрагдсан байгаа. Гадны өндөр хөгжилтэй улс оронд сургалтад хамрагдсан эмч нарын цалингийн 60 хувийг олгодог. Тиймээс сургалтанд хамрагдаж ирээд доод тал нь таван жил тасралтгүй идэвх зүтгэлтэй ажиллах ёстой гэх мэтчилэн хамтын ажиллагааны гэрээг хатуу хийж ажилладаг. Мөн сувилагч, тусгай мэргэжилтнүүд ийм сургалтад явах боломж бас хомс байдаг. Тэгвэл манай эмнэлэг 3-4 жилийн өмнөөс сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдээ сургалтад явуулж эхэлсэн. Түүнчлэн үйлчилгээний ажилтнууд, асрагч  нарыг  БНСУ-ын хамтын ажиллагаатай эмнэлэг рүү богино хугацааны сургалтад багаар нь явуулж, байгууллагын соёл, эмнэлгийн ажилчны харилцаа, хандлага зэрэг сургалтад хамруулж эмнэлгийн ажилтны сертификат гардаад ирдэг болсон. Энэ ажлаараа бид бас эрүүл мэндийн салбар дотроо анх удаа үйлчилгээний ажилтнуудаа гадаад оронд сургалтад хамруулсан анхны байгууллага гэж хэлж болох байх.

-Манай улсад өвчлөл, нас баралтаараа зүрх судасны өвчин, хавдрын өвчлөл байнга тэргүүлсээр явдаг. Танай эмнэлэг саяхан энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулах зорилготой үндэсний хэмжээний аяныг эхлүүлсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Бид “Хаан банк”, “Хаан банк сан”-д олон удаагийн хүсэлт тавьж, олон арван уулзалт хэлэлцүүлэг хийсний үр дүнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн улс орон даяар “Цусны даралт ихсэх өвчний эсрэг аян”-ыг зарласан байгаа. 2017 оны төлөвлөгөөгөөр эхний нэг жилд Улаанбаатар хотод энэ арга хэмжээг өрнүүлнэ. Шаардагдах санхүүжилтийг “Хаан банк”-наас гаргаж байгаа. “Хаан банк”-ны дөрвөн том төв дээр цусны даралтаа хянах өндөр түвшний аппаратуудыг суурилуулна. Манай иргэд банк, үүрэн телефоны опператорууд дээр нэлээд урт дараалалтай үйлчлүүлдэг. Ингэж хүлээх зуураа даралтаа үзээд, эрүүл мэнд болоод биеийн байдлаа хянах бүрэн боломжтой. Мөн даралт үзэж байгаа тэр хэсэгт тодорхой зөвлөмжүүдийг байршуулна. Түүнчлэн даралт үзсэн аппаратууд дээр тухайн хүний цусны даралтыг хэмжсэн мэдээлэл бүхий талон хэвлэгдэх юм. Үүнийгээ дарааллынхаа тасалбартай хамт теллерт өгөхөд “Хаан банк”-ны теллерүүд танд шаардлагатай анхан шатны зөвлөгөө мэдээллийг бас давхар өгнө. Учир нь, “Хаан” банкны теллерүүд анхан шатны сургалтад хамрагдсан байх юм. Ингэснээр бид даралт ихсэх өвчнийг багасгаж, даралт ихсэх өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулах зорилгыг агуулж энэ ажлыг эхлүүлсэн. Энэ бол нэлээд өргөн хүрээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил учраас бид богино хугацаанд сургалт сурталчилгааны ажлыг аль болох өртөг зардал багатайгаар зохион байгуулж ажиллаж байна.

Зүрх, мэдрэлийн чиглэлийн үндэсний лавлагаа төв эмнэлгийн үүрэг ёсоор, мөн Засгийн газраас баталсан, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс энэхүү ажлыг эхлүүлсэн байгаа. Дээр нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт Улсын III төв эмнэлэг зүрх судасны үндэсний сүлжээгээр 24 цаг холбоотой ажилладаг. Орон нутгийн болон дүүргийн зүрхний эмч нартай онлайнаар холбогдож ажилладаг. Энэ үйл ажиллагааг идэвхжүүлэх, зүрх судасны чиглэлээр ард иргэдийн дунд мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх ажлуудыг идэвхтэй хийхээр төлөвлөсөн байгаа.

-Эрүүл мэндийн салбар энэ оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Харин танай эмнэлэг “Байгууллагын соёлыг дэмжих жил” болгосон байсан. Онцлоод дурдаач гэвэл ямар ажлуудыг хэлэх вэ?

- Улсын III төв эмнэлэг сүүлийн дөрвөн жил дараалан эмнэлгийн ажилтан, ажиллагсдынхаа харилцаа хандлага, ёс зүйн түвшнийг дээшлүүлэх  кампанит ажлыг хийсээр ирсэн. Жишээ нь 2014 онд “Ёс зүй, харилцаа хандлагын жил” гээд бүтэн жилийн төлөвлөгөө гаргаж, энэ чиглэлийн сургалт мэдээллийн ажлуудыг идэвхтэй зохион байгуулсан. 2015 онд “Ёс зүйг эрхэмлэсэн эв нэгдэл, итгэлцэлийн он жил” гэсэн уриатай ажилласан. Энэ нь өөр хоорондоо ч, үйлчлүүлэгч иргэдтэй ч эв нэгдэлтэй, харилцаа хандлага сайтай байх гэсэн зарчмыг хэвшүүлэх зорилготой. 2016 оныг бид “Харилцаа хандлагын жил” болгосон. Энэ хүрээндээ бүх төрлийн ажил, үйлчилгээ, харилцааг сайжруулахад анхаарч ажилласан. Харин 2017 оныг “Байгууллагын соёлын жил” болгон зарлаж ажиллаж байна. Байгууллагын соёл гэдэгт элдэв зүйлийг засч сэлбэх, будаж гоёхоос илүүтэй тэнд ажиллаж байгаа ажилтан өөрөө соёлтой байж, үйлчлүүлэгчид соёлтой үйлчлүүлнэ. Тиймээс хувь хүн ямар сургалт мэдээлэлтэй байж, өөрсдийнхөө соёлын түвшинг дээшлүүлэх вэ? Хамт олон, удирдах албан тушаалтнууд, дунд түвшний менежрүүд ямар үүрэгтэй байх вэ гэсэн зарчмуудыг боловсруулан мөрдүүлж, жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарт байнга яригддаг, ялангуяа улсын эмнэлгийн эмч, ажилтнуудын харилцаа хандлагын талаарх шүүмжлэлийг багасгах зорилготой юм. Мэдээж улирал тутамд, хагас жилдээ, бүтэн жилдээ ажлаа дүгнээд ахицаа үнэлээд явдаг.

Өнгөрсөн хоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болсон. Энэ үеэр 2016 онд эрүүл мэндийн байгууллагуудаас манай байгууллага  нэгдүгээр байрт шалгарсан. 2015 оны ажлын үзүүлэлтээрээ дэд байр эзэлсэн. Энэ бүхнээс харахад Улсын III төв эмнэлэг ажил, амжилтаараа эрүүл мэндийн салбарт дээгүүр байр эзэлж, үнэлэгдэж явна. Цаашид энэ амжилтаа ахиулаад улам ихийг хийж бүтээх зорилго, зорилттой ажиллаж байна. 

-Иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг, наргүй ажиллаж байдаг энэ салбарын хүмүүс  өөрсдийнхөө эрүүл мэндэд хэр анхаарч ажилладаг юм бол?

-Сүүлийн гурван жилд бид эмнэлгийнхээ эмч, ажилчдын эрүүл мэндийн асуудалд анхаарч энэ чиглэлийн ажлуудыг илүү өргөн хүрээнд явуулж байгаа. Ингэхдээ зүгээр нэг үзлэг төдийхөн кампанит ажил зохион байгуулахаас илүүтэй үзлэг, оношлогооны чанарт илүү анхаарч ажилладаг. Жишээ нь, бид Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Улсын III төв эмнэлэгт ажиллаж байгаа бүх эмэгтэйчүүдийг хавдрын урьдал оношлогоонд бүрэн хамруулсан. Энэ шинжилгээгээр хавдрын урьдал үе шатанд оношлогдсон, одоо эмчилгээнд явж байгаа, өөрөө энэ байдлаа мэдээгүй явж байгаа ганц нэг тохиолдлууд илэрсэн байгаа. Мөн өөр бусад өвчний чиглэлээр нарийн мэргэжлийн шинжилгээнүүдэд хамруулж байна. Зүрх судасны чиглэлээр эмчийн хяналтанд орох, сахарын өвчтэй хүмүүсийг хяналтанд авч бүртгэлжүүлэх, эмчлэх ажлуудыг хийж байна. Энэ ажилд тасаг, нэгжүүдэд ажиллаж байгаа туршлагатай эмч нараа дайчилж ажиллуулсан. Ер нь бүгдийг нь бүртгэлжүүлээд, эрсдэлт бүлгүүдийг нь тодорхойлсон. Энэ ажлыг сүүлийн гурван жил зохион байгуулж байна. Эмч, ажилчдын эмчийг мөн тусад нь гаргаж ажиллуулж байна. ЭМД-ынх нь хүрээнд шаардлагатай оношлогоо, шинжилгээнд хамруулж байна. Өндөр өртөгтэй шинжилгээнүүдэд үнэ төлбөргүй хамруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  Мөн энэ жил бид эмчилгээ оношлогооны тасгууд өөрийн ажилчдынхаа эрүүл мэндийг хэрхэн дэмжиж ажилласан, идэвхтэй оролцсоноор нь ажлыг нь үнэлж, урамшуулах ажлыг бас зарласан байгаа. Энэ сард хэдэн хүнд үйлчлэв, хэр үр дүнтэй ажиллав гэдгийг нь тайлан  тооцоо судалгаатай нь харьцуулж дүгнэх ажлыг бас хийж байна. Оны эцэст энэ үзүүлэлтүүдээр нь шалгаруулаад тасаг  нэгжээ урамшуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 

-Ярилцлагынхаа төгсгөлд тулгарч байгаа саад бэрхшээл юу байгааг асууя?

-Би 1994 онд Анагаах ухааны их сургууль  төгсөөд энэ эмнэлэгт их эмчээс нь эхлээд өнөөг хүртэл ажиллаж байна. Бага залуу эмч байхаасаа ачаалалтай ажиллаад сурчихсан учраас бэрхшээл зовлон тоочихыг хүсдэггүй. Аль болох бага зардал мөнгөөр боломжийн үр дүнтэй ажил хийчих юмсан гэсэн хоёргүй сэтгэлээр зүтгэж явна. Хэдийгээр бид төсвөөс санхүүждэг, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй зүйлүүд байдаг ч зохицуулъя гэсэн сэтгэлтэй хамт олон ажлыг бас хийж болдог гэдгийг харуулахыг зорьж ажиллаж байгаа. Ажлыг бас урагшлуулж, ахиулж болдог гэдгийг харуулахсан гэж манай хамт олон хичээн зүтгэж ажилладаг юм. Нэн шаардлагатай чухал аппарат, тоног төхөөрөмж хэрэгтэй байгаа ч эдийн засгийн нөхцөл боломжиндоо тохируулаад ажиллаж байна. Гэсэн ч энэ учир шалтгааныг эрүүл мэндийн сайд маань анхааралдаа авч, асуудлыг шийдвэрлэж өгөхөөр тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийхээр болоод байгаад баяртай байгаа. Энэ жилдээ зүрх, тархины мэс заслын тасгуудад хэрэгцээ шаардлагатай зарим аппаратуудыг шийдвэрлэж өгөхөөр болсон нь нэн тулгамдсан асуудлыг өргөс авах мэт шийдсэн гэж ойлгож болох байх аа.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.zaluu.com

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх