Хортой өндөгний хэрэгт холбогдуулан 2 хүнийг баривчилжээ

Дэлхий Admin Галаа 2017 08 сар 11 3307

Европыг донсолгосон хортой өндөгний хэрэгт холбоотойгоор 2 хүнийг баривчилсныг Нидерландын прокурорын газар мэдэгдлээ. Нидерландын цагдаа нар өчигдөр тус улсын шувууны фермд шавж устгагч фипронил бодисыг ашигласны уршгаар Европ даяар хортой өндөг тархсан байж болзошгүй гэж сэжиглэж, тэднийг баривчилсан байна.

Нидерланд, Бельгийн хамтарсан мөрдөн шалгах багийнхан Нидерландын 8 шувууны фермд нэгжлэг хийжээ. Тэд фипронил ашигласан байж болзошгүй Нидерландын компаниуд болон Бельгийн ханган нийлүүлэгчдийг шалгасан байна. Уг хорт бодис нь тахианы цусыг сордог шавьжийг устгах зориулалттай юм. Үүнтэй холбоотойгоор Нидерландын холбогдох албаны мэдээлснээр сэжигтнүүдийг иргэдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсан хэргээр баривчилсан байна.

Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн сарын дундуур буюу Европын орнууд руу экспортлосон Нидерландын өндөгнөөс фипронил илэрсний дараагаар эхэлсэн юм. Харин Европын холбоо энэ хэргийн талаар Бельги улсаас албан бичиг хүлээн авсны дараа буюу өнгөрсөн сарын сүүлээр мэджээ.

Их Британийн хүнсний эрүүл ахуйн стандартын газрын мэдэгдсэнээр тус улсад дахин 700 мянга орчим хортой өндөг байж болзошгүй юм байна. Фипронил нь хүний биеийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдэгдсэнээс гадна Нидерланд нь Европын холбооны хамгийн том өндөг экспортлогч улс юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх