Мялзан өвчин янгирт халдварлаж эхэлжээ


Мялзан өвчин янгирт халдварлаж эхэлжээБог малын мялзан өвчний улмаас дэлхийд ганцхан Монголд байдаг монгол бөхөн олон мянгаараа хорогдож эдүгээ дөрвөн мянга хүрэхгүй үлдээд байгаа билээ. Хэдийгээр байгаль хамгаалах байгууллагууд, төр засгийн хамтын ажиллагааны үр дүнд олон ажил хийж өвчлөлийг зогсоож чадсан ч дахин аюул ойртоод байна. Учир нь, энэ аюулт өвчнөөр янгир өвчлөх нь эрс нэмэгджээ.

Бөхөн хамгаалах сүлжээ багийнхны ярьснаар өвчтэй янгир сүүлийн өдрүүдэд цөөнгүй үзэгдэх болсон аж. Тэд хэдхэн хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Сүмийн хөндийд өвчилсөн хоёр янгиртай тааралджээ. Нэг нь янзага байсан бөгөөд нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байсан бол нас бие гүйцсэн янгир мөн адил шинжтэй байсан ажээ. Эдгээр нь бог малын мялзан өвчний үндсэн шинж билээ. Байгаль хамгаалагчид энэ талаар аймгийн мал эмнэлэг, байгаль орчны газруудад мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь ирж өвчтэй янгираас цусны дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээсэн байна.

Янгир өвчилсөн тохиолдол Ховдын Дарви сумын нутагт ч гарчээ. Өөр олон газар янгир өвчилсөн байх магадлалтай бөгөөд энэ талаар малчдаас мэдээлэл байнга ирж байгаа ажээ. Бог малын мялзан өвчин зэрлэг амьтдад халдах байдал зунаас гайгүй болно гэж өнгөрсөн хаврын их дэгдэлтийн үеэр мэргэжилтнүүд онцлон хэлж байсан билээ. Харамсалтай нь, аюулт өвчин зуны дэлгэр цагт ч амьтдад халдварлах нь зогсохгүй байгаад мэргэжилтнүүд сэтгэл түгшиж байна.

Янгирын сүрэгт энэ өвчин хурдацтай тархвал аргаль зэрэг амьтдад халдах төдийгүй Хар азаргын нуруугаар дамжин Баянхонгорын нутаг дахь амьтдад халдварлаж улмаар малыг өвчлүүлэх бодит аюул ойрхон байгаа аж.Өнгөрсөн хаврын дэгдэлтийн үеэр бөхөн бүхий сумдын малыг вакцинжуулсан ч ойролцоо аймгийн бүх малыг вакцинжуулж чадсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Түүнчлэн төл малыг вакцинжуулсан эсэх нь ч тодорхойгүй байгаа бөгөөд энэ асуудлыг Онцгой байдал, холбогдох яам анхааралдаа авч урьдчилсан сэргийлэх тодорхой арга хэмжээ авах хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Хэрвээ цаг алдвал бог малын мялзан өвчин дэгдэж улсад олон тэрбумын хохирол учирч болзошгүйг хэн ч үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх