Монгол улсаас цагдаагийн Олимпийн хос медальтан төрлөө


Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод амжилттай үргэлжлэн явагдаж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон спортын бусад 55 төрөлд өрсөлдөж байна.

Өчигдөр Цагдаагийн олимпийн их наадмын дугуйн спортын төрөлд ОБЕГ-ын "Аврагч Спорт Хороо"-ны тамирчин, ОУХМ Эрдэнэбатын АЛТАН-ОЧИР хол, ойрын зайнд уралдаж алт, хүрэл хос медаль хүртэж цагдаа, аврах хүчний байгууллагын дэлхийн аварга болж байна. Э.АЛТАН-ОЧИР нь Өвөрхангай аймгийн уугуул, энэ жил 22 настай, дугуйн спортоор хичээллээд 4 жил болж байна. Тэрээр олон улсын чанартай спортын 20 гаруй тэмцээн уралдаанд улс эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд энэ удаад ийнхүү дугуйн төрөлдөө хос медаль хүртсэн анхны эрэгтэй тамирчин боллоо.
Өмнө нь 2015 оны Цагдаагийн олимпоос манай улс дугуйн төрлөөр хос алтан медаль хүртэж байсан удаатай. 
Ази тивийн аварга, цагдаагийн дэслэгч Түвшинжаргалын ЭНХЖАРГАЛ энэ төрлөөр гурван хос алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байсан юм. Дашрамд дуулгахад энэ хоёр тамирчин хоёулаа нэг багшийн шавь нар юм. Цагдаагийн ахмад, ОУХМ 
Түмэн-Өлзийгийн ДАВААТОГТОХЫН дасгалжуулалтаар дугуйн спортын анхны гараагаа эхлүүлсэн байна. Тэмцээн 08 дугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх