Далайн дээрэмчний өргөөнд...


Ахмад Флинтын тухай сонссон уу? гэж асуухад сонсохоор барах уу? гэж хариулдаг нь ад ил балмад явдлаараа алдаршсан ахмадын тухай аймшигт домог олонд түгсэний шинж ажгуу. Хар сахалт хочит далайн дээрэмчний тухай бүгд сонссон хэдий ч тэр бол ахмад Флинттэй харьцуулахад чигчий хуруунд нь ч хүрэхгүй амьтан гэдгийг бүгд толгой дохин зөвшөөрдөг. Юутай ч тэр ахмад бол үе үеийн дээрэмчдээс хамгийн алдартай архаг далайн дээрэмчин, тэнгисийн чоно байсан болохоор испаничууд түүний сүргийг сонсоод өвдөг нь чичирдэг бол харин түүнийг англи гаралтайг сонсоод би их бахархаж билээ хэмээн нэгэн англи эрхэм өгүүлэв. 

Тэр ч байтугай Роберт Льюис Стивенсон өөрийнхөө “Эрдэнэсийн арал” романаа ахмад Флинтын бодит дүр, адал явдлаас сэдэвлэсэн гэдэг. Зохиолч Стивенсон энэ романаа 1883 онд бичиж хэвлүүлсэн ба харин түүнээс 150 жилийн өмнө амьдарч байсан харгис догшин ахмадыг дүрслэхдээ муу муухайгаар харуулаагүй бо-лохоор түүнд хүндэтгэлтэй ханддаг байсан болов уу? Зохиолч Стивенсон Саванна хотод хэсэг саатахдаа цагтаа мандан бадарч байсан далайн дээрэмчдийн тэргүүн ахмад Флинтын тухай нэгэн буурчийн газраас сонсож, сүүлдээ тэр ахмад гандан буураад уг буурчийн газрын өчүүхэн нэгэн жирийн өрөөнд амьсгал хураахдаа “Ганцхан Ром дарс өгөөч!” хэмээн гуйх арчаагүй өтөл архичин болсны нь ч мэдэж авчээ. “Эрдэнэсийн арал” роман дээр Дерби Магрогийн ганц ром дарс өгөөч! гэдэг арчаагүй дорой үгийг бичих болсоны учир чухам тэр байсан ажээ.

Стивенсон тэр буурчийн газар байсхийн ирж саатахдаа аймшигт ахмадын сүнс тэнд өнөө хүртэл хоргодон үлдсэн тухай, бас жинхэнэ далайн дээрэмчний сүнс үхсэн хойно нь ч тодорхой орон зайг эзэгнэн үлддэг гэх зэрэг яриа хөөрөөг сонсоод “Ахмад Флинт өнөө амьгүй, тийм ээ! Тэрбээр аль хэдийнээ үхэж үрэгдсэн боловч амьтан хүмүүсийг сүнсээрээ айлгасаар байгааг бодоход үхсэн хэдий ч амьд ажээ. Гэхдээ энэ бол түүний сүнс, амьд сүнс юм” гэж бичжээ. Зохиолч Стивенсон ингэж бичсэнээс хойш хуучны тэрхүү буурчийн газарт хоргодон үлдсэн далайн дээрэмчний сүнсний тухай хууч яриа хаа сайгүй өрнөж, энэ их сонин хачин яриа хөөрөөнөөс үүдэн “Далайн дээрэмчний өргөө” хэмээх этгээд сонин нэртэй зоогийн газар тэнд үүд хаалгаа нээжээ. Өнөөдөр иймэрхүү этгээд нэрээрээ алдаршсан хуучны нөгөө буурчийн газар болоод ер нь Саванна хотын түүх тэртээ 1733 оноос буюу Англиас шилжин ирэгсдийн үеэс эхэлсэн юм. 

Эхлээд салхи, борооноос халхалсан оромжнууд, тэгснээ газар нүх, хулс, зэгсэн оройтой байшингууд, төдөлгүй тохилог орон сууцууд баригдахын зэрэгцээ усан үзэм, эрдэнэ шиш, арвай буудай тарьц суулгацуудыг хүмүүс авчирч суулгаж, хүнсний ногоо бусад мод бут, цэцэг навч ургуулах болсон хүмүүс анхлан хөл тавиад хөдөлмөрлөж эхэлсэн тэр цагаас хойш хорин жил өнгөрч Жорж мужийн Саванна хот хэмээх усан буудлын хот газрын зураг дээр тэмдэглэгдээд өргөжин тэлжээ. 

Саванна хот тийнхүү шав тавьж хорин жил өнгөрөөд өөрийн өнгө төрхөө хэдийнээ олсноос хойш 1754 онд далайчдад зориулсан буурчийн газар үүдээ нээсэн нь өнөөдрийн “Далайн дээрэмчний өргөө” байв. 

Хатааж зассан модоор урлан түүнийгээ далайн онгоцны бэхэлгээнд хэрэглэдэг модон хадаасаар бөхөлсөн болохоор энэ буурчийн газар хэр баргийн салхи шуурганд нурахгүй найдвартай хэмээн далайчид түүнд тухлах дуртай. Далайчид дотроос чухам ямар хүмүүс энд ирдэг байв? гэвэл эгэл жирийн усан цэргээс авахуулаад эсэн бусын дээрэм тонуул, аллага хядлагаар амьдралынхаа хэв шинж, утга учир болгосон зүсэн зүйлийн дээрэмчид, хулгайч, тонуулчид, гэмт хэрэгтнүүд байлаа. Адал балмад явдалтай Жин Пирра Лафит хэмээх далайн дээрэмчин эгэл хүний амьдралаар амьдарч эхнэр аван гэрлэснээр энд үзэгдэхээ байснаас, бас тэндхийн ром, грог дарсны амтанд согтуурхан суух дуртай зэргээс үүдэн тонуулч дээрэмчид тийнхүү тухлацгаадаг болжээ. Хамгийн адгийн болон алдар нэртэй аль ч дээрэмчнийг олж харъя гэвэл энд ирэхэд л болох ажээ.
Далайн дээрэмчид гэж чухам ямаршуу хүмүүс болох, бас тэдний амьдрал юугаараа онцлог гэдгийг хэлж өгөөч? хэмээн Саванна хотын уугуул Роберт Эжерлигээс би хүссэн юм. Яагаад гэвэл ноён Р.Эжерли тэндхийн булан тохой бүрийг андахгүй нэгэн, бас далайн дээрэмчдийн тухай илүү ихийг мэдэх тул “Далайн дээрэмчдийн зугаалга” хэмээн өвөрмөц аялал жуулчлалыг эрхэлдэг нэгэн билээ.

Далайн дээрэмчдийн амьдрал, амь нас тун богинохон байдаг хэдий ч энэ нь тэдний нэг их зовох зүйл биш. Тэд сэтгэл зүйн талаараа жирийн далайчдаас харьцангуй өөр онцлогтой. Урт насалж, удаан жаргана гэдэг тэдний хувьд дөчин нас хүрээд дүүжлүүрт очиход гомдох явдалгүй гэж үздэгээс холбоотой. Товчдоо хэлэхэд энэхэн насандаа элдвийн дээрэм тонуул хийж гялалзаж яваад гэнэт үхэхэд гомдолгүй хэмээн далайн дээрэмчид үздэгээс тэдний нас амьдралын хэмжээ тун чиг богино байдаг. 
Адал балмад явдлаараа алдаршсан Хар сахалт, Кэлико Жек, Стид Боннет нарын алин нь ч Саванна хотод ирж хуучин буурчийн газар тухалдаг байсан хэдий ч тэднээс бүүр өмнө, тухайлбал Английн шилжин ирэгчид ирж суурьшсанаас хэдхэн жилийн дараа олон хүнийг цааш харуулдаг далайн дээрэмчин зэрлэг эрчүүл байсхийгээд ирцгээдэг байжээ.

“Далайн дээрэмчний өргөө” хэмээн өнөөдөр нэрлэгдэх болсон энэ буурчийн газрын доор урт хонгил байх. Хонгилын үзүүр эцэстээ Саванна гол болон хөлөг онгоцны усан зогсоол хүрдэг гэнэ. Жирийн хэн нэгэн далайгаас хуурай газар жаал амрахаар хөл тавиад мал болтлоо ууж согтсон бол маргааш нь далайн дээрэмчний хөлөг онгоцон дээр сэрж улмаар боол болох тавилан хүлээдэг бол Саванна хотын уугуул оршин суугч хүдэр чийрэг залуу хөвгүүдийг ч аймшигт тэр хувь заяа мөн л тосон авдаг байжээ. Далайн дээрэмчид алсын аянд одохдоо хүнд хүчир ажлын боолчуудыг хөлөг онгоцон дээрээ тэр маягаар хулгайлан авчирдаг бөгөөд харин сохор доголон, хөгшин хөвөө эрчүүдийг тэд хэзээ ч тийнхүү хулгайлдаггүй байсан гэдэг. 

Энэ явдлыг Саванна хотын эрх баригчид мэдсэн ч мэдээгүй царайлцгаадаг байжээ. Яахаас ч буцахгүй далайн дээрэмчдээс тэд үхтэлээ айдагтаа тийнхүү мэдээгүй царайлдаг байсан бөгөөд хулгайлагдан одож буй эрчүүлийн зарим нэг нь хөрөнгө чинээтэй эсвэл эхнэр, олон хүүхэдтэй бол эргүүлэн суллахыг хааяа гуйж гувшдаг байжээ. Хулгайлагдан одох хөөрхий тэр эрчүүлийн хувь заяа тун ч эмгэнэлтэйгээр төгсдөг ажгуу! Тэднийг энд тэндээс хүчээр олзолдоггүй. Харин нөгөө Далайн дээрэмчдийн өргөөнд ганц нэг хундага шарз, дарс ууж суугаа эрүүл биетэй, хүдэр чийрэг эрчүүдийн толгойд нь хүнд зүйл буухад л бүх зүйл гүйцдэг гэнэ. Ухаан алдсан эр нэг сэрэхэд харанхуй нүхэн дотор хүлээтэй хэвтэх бөгөөд өөрөөс нь гадна тийнхүү чивчиртэл хүлээтэй нэлээд хэдэн эрчүүлийг тэнд байхыг мэдэх ажээ. Тэд бие биенээ харж харанхуй нүхнээс гарахыг хүсэх санаа байвч сачий нь үл хүрдэг гэнэ. Хэдэн цаг заримдаа хэдэн өдөр, шөнийн дараа хүлээтэй хэвтэх золгүй тэднийг дээрэмчид харанхуй хонгилоор зөөн хөлөг онгоцондоо аваачин зүг чиггүй алс далайн зүг одоцгоодог гэнэ. 

Маргааш нь тэдний зовлонт өдрүүд эхэлцгээдэг. Хэрэв тэд энэхүү боолын хувь заяатайгаа үл эвлэрэн эсэргүүцэх аваас хөлөг онгоцон дээрээс хөлгүй далайн гүн рүү шидэн живүүлж орхих, эсвэл шууд л буудах буюу толгойг нь тас цавчдаг болохоор олонхи нь төрөлх нутаг, төрсөн гэр орноосоо үүрд хагацах үйлийн үртэйгээ эвлэрцгээх ажээ. Америкийн түүхэнд далайн дээрэмчдийн үүр уурхай, зовлонт тамлалын эхлэл түүх болсон далайн дээрэмчний өргөө ийнхүү 250 гаруй жилийн нүүрийг үзэхдээ басхүү сүнс чөтгөр, хий үзэгдлүүдийн баян намтар, хууч домгоор дүүрчээ. Энд өнөөдөр зоогийн газар төдийгүй зугаалах, адал явдал, хий үзэгдэл сонирхогчдын хөлд хөлхсөн газар болсон байна.

Энд далайн дэээрэмчид болон тэдэнд хулгайлагдан хувь заяагаа хүлээж харанхуй нүхэн хонгилд хүлээтэй хэвтсээр амь насаа алдсан олон хүмүүсийн сүнс хоргодон үлдсэн ажээ. Эндхийн нэгэн ажилтны хэлснээр ялангуяа харуй бүрий болох үеэс үхэгсдийн сүнс амилж, хий үзэгдэлт үйл явдлууд идэвхждэг гэнэ. Аврал эрэх,тусламж дуудах, амь тавих хүмүүсийн дуу хонгилын дороос хашгиралдах нь сонсогдож тэр ч байтугай өрөөстэй хундага сав хагарах, хэн нэгний хөлхөх чимээ шуугиан хосолсоор үүр цайлгадаг бөгөөд нар мандаж гэгээ ороход анир чимээ намсдаг болой. Тони Кросс гэдэг нэгэн эрхэм хүмүүсийн тэр яриа хөөрөөнд үл итгэж Далайн дээрэмчний өргөөнд хүрэлцэн ирээд өөрийн биеэр туршихаар шийдсэн юм. 

Тони Кросс өргөөний ажилтнуудтай уулзан лавлахад тэд үнэхээр сүнс хоргодсон буурчийн газрынхаа тухай, аймшигт явдлаараа алдартай дээрэмчдийн ахмад Флинт бүүр хожим эндхийн нэгэн жирийн өрөөнд амьсгал хураасныг, мөн түүний “Дерби! Ганц ром дарс өгөөч”! гэж дахин дахин өгүүлсээр үхсэнийг хэлжээ. Ахмад Флинт дээрэмчдийнхээ хамтаар хэрхэн олон зуун гэмгүй эргүүлийг чухам эндээс хулгайлж,харанхуй нүхэнд хорьж байсан хийгээд тэднийг боол болгон ажиллуулж бас алж хядаж байсныг, бүүр хожмоо үгүйрч хоосорсон дээрэмчин тэр эр хэрхэн энд ирсэн болон энд хоргодсон үхэгсдийн сүнс түүнийг ер амар заяа үзүүлээгүй тул хэрхэн тарчилж үхсэнийг барин тавин хэлэхэд ноён Тони Кросс үл итгэн инээдэм наргиан болгожээ.

Зохиолч Роберт Стивенсон тэртээ 19-р зуунд мөн л энд ирж тухлахдаа далайн дээрэмчдийн ахмад Флинтын тухай олж сонсоод түүнээсээ сэдэвлэн “Эрдэнэсийн арал” романаа бичсэнийг хэлэхэд ноён Тони Кросс сая л нэгийг бодож байснаа зургаан мянган долларын мөрий тавихыг санал болгожээ. Ингээд Р.Эжерли, ноён Тони Кроссын хамт аймшигт ахмад Флинтын амьсгал хураасан өргөөнд нэгэн шөнийг хамтдаа өнгөрүүлэхээр болов.

Тони Кросс “Эрдэнэсийн арал” номыг авч хонохоор шийджээ. Хэрэв энэ шөнө ахмад Флинтын сүнс хий үзэгдэл болон түүнд харагдахгүй бол буурчийн газрынхан түүнд 6 мянган доллар өгөх ёстой. Харин эсрэгээр бүх юм эргэвэл ноён Т.Кросс 6 мянган доллараа өгөх ёстой байлаа. Шөнө дунд өнгөрч байхад ноён Т.Кросс номын хуудсыг дэлгэж “Надад ром дарс авчираач, Дерби!” гэж уншихад Р.Эжерли ширээн дээр лонх дарс хоёр хундагын хамт авчираад хувааж хийв. Гэнэт тавиур дээр байсан хоосон хундага харшин дуугарсанаа ширээн дээр унаж хагарав. Т.Кросс мэл гайхав. Төдөлгүй үүрийн дөрвөн цаг дөхөж байхад Т.Кросс, Р.Эжерли нарын өмнө эрэгтэй хүний дүрс сүүтэгнэн гарч ирээд “Ганц хундага ром дарс өгөөч!” гэж дахин дахин өгүүлж хэлэв.
Энэ бол ахмад Флинтын сүнс мөн гэдгийг сая л ойлгосон Т.Кросс, Р.Эжерлийн хамт тэндээс хар хурдаараа гарч зугатаажээ. 
Ахмад Флинтын сүнс тийнхүү өнөө ч оршсоор байна. Харин орших оршихдоо далайн дээрэмчний өргөөндөө хоргодон үлдсэнээр аймшигт явдлын үлдэгдэл албин сүнс, хий үзэгдлийн тухай яриа, домог хуучууд үлгэр биш үнэн гэдгийг тийнхүү батлан харуулсаар байх ажээ!

Эх сурвалж: www.wikimon.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх