Ө.Тайван: Монгол улсын оюутан залуус ӨМИС-д тэтгэлэгээр суралцах боломжтой


Өвөр монголын Их сургуулийн түүхт 60 жилийн ойн өдрүүд эл өдрүүдэд тохиож байна. Мөн БНХАУ-д багш нарын баярын өдөр болж байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Өвөр монголын Их сургуулийн багш доктор /Ph.D/ Ө.Тайван – тай  ярилцлаа.

– Өвөр монголын Их сургууль өнгөрсөн  60 жилийн хугацаанд боловсролын салбарт ямар үүрэг гүйцэтгэв гэдгээс яриагаа эхлэх үү

-ӨМИС 1957 онд байгуулагджээ. Гэхдээ ӨМИС-ийг  улсын дотоодод болон олон улсын талбарт  жархан жилийн түүхтэй гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл маш өндөр суурь дээр ӨМИС байгуулагдсан гэж хэлж болно. Бүр Манж Чин улсын сүүл үед зүүн монголд, мөн  баруун монгол буюу Сөнөдөд Дэмчигдонров вангийн байгуулсан хэд хэдэн сургууль байсан. Тэнд ажиллаж  байсан багш нар, тэнд бэлтгэгдэж байсан шилдэг оюутнууд ӨМИС-д ирсэн.  Түүнчлэн Улаанхүү дарга Бээжин, Ханжоу, Шанхайн Их сургуулиудаас  шилдэг сайн эрдэмтэн, академич  багш нарыг хязгаар нутаг Өвөр Монголыг дэмжээрэй хэмээн урьж ӨМИС-ийн оюутнуудад хичээл заалгах болсон. Түүгээр зогсохгүй дэлхийн 2 дайны өмнө  Японы байгууламжид  ажиллаж байсан мэргэжилтэн нарыг, дайн дууссаны дараа шорон оронд хоригдож байсан японд суралцсан шилдэг мэргэжилтнүүдийг гаргаж ӨМИС авч ажиллуулж байсан түүхтэй. Тэгэхлээр ӨМИС 1957 онд байгуулагдахаас өмнө суурь бэлтгэл ийм өндөр байсан гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

–  ӨМИС 60 жилийн түүхэнд  нийт хэдэн салбараар хэдэн мянган мэргэжилтэн бэлтгэн гаргасан вэ?

– Манай сургууль хүмүүнлэгийн ухааны 7 салбартай байсан. Тухайлбал, хэл шинжлэлийн салбар, түүхийн салбар, хууль эрх зүйн салбар, нийгмийн салбар гэх мэт. Мөн байгалийн шинжлэх ухааны  6 салбарт сургалтын үйл ажиллагаа явуулж байсан. Тэр дундаа тооны ухаан, биологийн ухаан, химийн ухааны салбар  сайн хөгжсэн. Эдгээр салбарт академич тэргүүтэй том эрдэмтэд төрөн гарсан.

– ӨМИС-ийн суралцагчдын хэд орчим хувь нь Өвор монгол  суралцагчид байдаг вэ?, Ер нь гадаад оюутан суралцагчдын тоо ямар вэ?

– Монгол хэл утга зохиолын болон Дундад улсын хэл зохиолын салбар гэж байсан. тэр дундаа Монгол мэргэжил гэж тусгай ангийг энд дурьдаж болно. Тэнд бүр монгол хүүхдүүд суралцдаг. Монгол судлалын эдгээр ангид тухайн цаг  үед  Монголын томоохон эрдэмтэд болох Бямбын Ренчин, Лувсанвандан нар ӨМИС-д хүрэлцэн ирж урт хугацаанд  хичээл зааж байсан. Монгол судлал, утга зохиолын  энэ  суурийг дээр нэр дурьдагдсан монгол эрдэмтэд ирж, гардан ажиллаж, биечлэн зааж, бүтээн байгуулсан, бусад салбарт монгол хүүхдүүд цөөн, байгалийн шинжлэх ухааны салбарт монгол хүүхдүүд цөөн суралцдаг. Жишээ нь: оноо өндөр монгол хүүхдүүд байгалийн шинжлэх ухааны салбарт нэг ангид 2-4 хүүхэд л  элсэн орж суралцдаг. Манай сургуулийн захирлаар ажиллаж байсан  академич Шуурган 1950-иад оны сүүлчээр буюу  Соёлын хувьсгалаас өмнө Хянган аймгаас биологийн салбарт ирж суралцсан монгол хүүхдийн нэг байсан юм. 1980-иад оноос эхлэн  гадаад хэл, хими, эдийн засаг, философийн салбарт  2000 оноос Нийгэм, угсаатан зүй, социологийн салбарт монгол хүүхдүүдийг элсүүлэн суралцуулж эхэлсэн.

– ӨМИС-ийг Дорно дахины монгол судлалын төв гэж нэрлэж болох тухай мэдээллийг нэг бус удаа сонсож байсан. Танай сургууль оюутан суралцуулахын зэрэгцээ монгол судлалын судалгааны ажлыг хэрхэн явуулж байна вэ?

–  1987 онд бүх хятадын эрдэм шинжилгээний их хурал болж уг их хурлыг ӨМИС зохион байгуулсан. Энэ хуралд 17 улсын 100 гаруй эрдэмтэд ӨМИС-д цуглаж, Монгол судлалын олон талт асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэр үеэс дэлхийн улс орны монгол судлаач эрдэмтэдийн хувьд ӨМИС-ийг Монгол судлалын томоохон төвийн нэг гэж хүлээн зөвшөөрөв.. Ингэх нь учиртай. Монгол Юань улсын түүхийн судлалын талаар  хятад сурвалжийг нягталсан талаар нэлээд тэргүүний эгнээнд очсон. Мөн Монгол улсын эрдэмтэдийн удирдлага дор монгол хэл, утга зохиолын салбар нэлээд хүчтэй хөгжиж эхлэсэн. Дараа нь нутаг бэлчээрийн асуудал, хүн зүй,  Монголын өндөрлөгийн  байгаль орчны талаарх судалгаагаар хятад эрдэмтэн Би Бао академичийн удирдлага дор монгол судлал болоод байгаль орчин зүйн судлал хөгжсөн тал байна.

– Монгол судлал, монголын түүх судлалын талаар танай сургууль ямар чиглэл барьж судалгаа хийж байна вэ? Ялангуяа Чин гүрний үеийг судлах талаар ямар судалгаа  хийгдэж байна вэ?

– Дээр хэлсэнчлэн Юань гүрний үеийн “Юанши” сударыг нягталж судлах ажилд анхаарлаа хандуулж байна. Энэ чиглэлд хийгдсэн судалгаа дэлхийн томоохон эрдэмтэдийн хараанд нэгэнт өртөж, судалгааны эргэлтэнд нэгэнт орсон. Манай ахмад үеийн багш нар болох Их Мянгадай Ренчин,  Жоу Чин Шу, Хуан Шу Чен нарын хийсэн  энэ төрлийн судалгааны ажлыг дурьдаж болно. Тэгвэл бидний дараа үеийн судалгааны ажил бол Чин гүрний судалгааны ажил юм. Энэ чиглэлээр Чимэддорж багш, Оюунбилэг профессор нарын удирдлаган дор Манж-Монгол архивын баримтыг Бээжингийн 1-р архиваас  олж, хуулбарлан авч, нягталж орчуулж, судалгааны эргэлтэнд оруулах тэглэх  ажлыг хийсэн. Энэ нь урьд өмнө хийгдээгүй шинэ ажлуудыг эхлүүлсэн хэрэг юм. Үүний дараа шинэ үеийн түүх яригдана. Шинэ үеийн түүхийн хүрээнд 1991 онд олон улсын эрдэмтдийн хоёрдугаар Эрдэм шинжилгээний хурлыг ӨМИС ахин зохион байгуулсан. Тэр цаг хугацааг болтол шинэ үеийн түүхэнд зөвхөн намын түүхийг оруулж ойлгож байсан бол 1991 оноос эхлэн шинэ үеийн түүхийн хүрээнд Өвөр Монголын түүх, Ар, Өвөр монголын түүх, олон салбарын түүхийг шинээр нягталж эхэлсэн.

– ӨМИС-д суралцахыг хүссэн оюутан залууст ямар боломж байгаа вэ? Тухайлбал, Монгол улсаас танай сургуулийг зорьж суралцах хүсэлтэй оюутан залуус юуг анхаарах вэ?

-Ийм боломж бий. Нийгмийн шинжлэх ухааны талаар авч үзвэл  Ар монгол, Халимаг, Буриадын залуу эрдэмтэд манай  сургуульд ирж суралцах боломж нээлттэй байгаа. Юуны өмнө эдгээр улс орнууд Дундад улстай  гадаад харилцаа эерэг нээлттэй байна.

Мөн “Нэг бүс- Нэг зам”-ийн чиглэлээр судалгаа хийж Монгол улс, ОХУ-ын харьяанд байгаа Монгол үндэстний хувьд  ӨМИС-д бакалавр, магистр, докторын түвшний сургалтан хамрагдан тэтгэлэгээр суралцах боломжтой байгаа. Оюутны тэтгэлэг авч суралцснаар эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлтэй чадварлаг залуучуудын хувьд зөвхөн сургалтандаа анхаарах боломжтой болох юм.  Орос, англи хэлний мэдлэгтэй суралцагчдын хувьд давуу талтай. Учир нь манай энд эдгээр хэл бичгийн талаарх мэдлэг бүр хомс. Зөвхөн хятад хэлнээс орчуулах нь элбэг. Монголын суралцагчид энд ирээд монгол бичгийн эх сурвалж юмуу  монгол бичгээр гарсан баримт мэдээллийг уншаад шингээхэд монгол судлалын хөгжил,  угсаатан зүйн судлалд ихээхэн нэмэртэй хэрэг болно. Манай түүхийн салбарт монгол оюутнууд олон тоогоор суралцдаг бөгөөд  Хятад оюутан цөөн суралцдагч тэд зөвхөн монголоор ярьж, монгол бичгийн эх сурвалжуудтай ажиллах ёстой болдог. Монголын оюутнуудын хувьд хятад хэл бичиг сурах нь мөнхийн хөрш хятад улсын хэл соёлтой танилцах том боломж болно. Сүүлийн үед манайд суралцахаар ирж байгаа оюутнуудын хувьд ихэнхдээ  хятад хэл бичиг тааруухан ирдэг.  Энэ талаар ӨМИС-д суралцахаар зорин ирж байгаа оюутнууд анхаарах хэрэгтэй.

– Та монголын уншигчидад хандан юу хэлэх вэ?

– Монголчууд та бидний хувьд түүхийн шинэ нөхцөл боломж нээгдэж байна. Хятадын умард хөршид хандаж байгаа “Нэг бүс-нэг зам” бодлогын хүрээнд хил дамнасан  улс үндэстнүүдэд эдийн засгийн болон соёлын харилцааны  өргөн боломж нээгдэж байна. Иймээс та бид эдгээр боломжийг ашиглан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ахиулах, монголын эрдэмтэд, Өвөр монголын эрдэмтдийг харилцан солилцох, зарим зүйлээр зуузай холбон урагш давшина гэдэгчлэн хөгжих хүч хэрэгтэй. Түүхийг авч үзвэл ийм боломжууд хааяа хааяа зурвас нээгдэж байсан байдаг. Хөгжлийн энэ боломжийг ашиглан эрдэмтэн судлаачдын зүгээс Монгол судлалын судалгааны ажлыг урагш ахиулъя гэж хэлэх байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх