Утааны эсрэг ээж аавууд Хотын даргад шаардах бичиг хүргүүлж жагсана


Энэ жил Утааны эсрэг ээж аавууд ТББ агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэгтэй төрийн байгууллагуудын гадаа цуврал жагсаал хийх болно.

Эхний жагсаал Хотын дарга Су.Батболдод хаяглагдаж 11-р сарын 10-ны өдөр, энэ баасан гарагт цайны цагаар 12.00-14.00 цагийн хооронд Хотын захиргааны гадаа болно.

Сүхбаатарын талбайн баруун талд байрлах гурван давхар барилгын гадаа Хотын даргыг Утааг арилгах ажлаа эрчимжүүлэхийг шаардаж жагсах юм. Утааны эсрэг ээж аавуудын зүгээс дугуйчид, уулчдын клубуудыг цэвэр агаарын төлөөх иргэдийн дуу хоолойгоо нэгтгэх энэхүү жагсаалд нэгдэхийг уриалж байна.

Нийслэлийн зүгээс 2018 онд 2.8 тэрбум төгрөгийг агаарын бохирдолтой тэмцэхэд зарцуулж байгаа нь дэндүү хангалтгүй төсөв гэж бид үзэж байна. Гэр хороололд дэд бүтэц барих ажил дэндүү удаан байна.

Төлөвлөгөө ёсоор 2017 оны 11-р сар гэхэд гэр хороолол 5000 айлыг дэд бүтцэд холбочихсон байх ёстой төсөл нь удааширсаар одоо хүртэл газар чөлөөлөлтийн ажил дээрээ л явж байна.

Гол шалтгаан нь Хотын дарга газар чөлөөлөх мөнгийг өмнө жил тавиагүйтэй холбоотой. Хотын дарга Сөүлийн орон сууцны корпорациас 100 тэрбум вонны хөрөнгө оруулалт аваад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, түрээсийн 6000 орон сууц барина, гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийг түрээсийн орон сууцанд оруулна гэж амласан.

Харамсалтай нь нүдэнд харагдаж гарт баригдах бодит бүтээн байгуулалт алга байна. Нийслэлд 2017-2020 онд 100 ширхэг сервис центр байгуулахаар төлөвлөсөн. Гурван жилийн дотор 100 сервис центр гэдэг нэг жилд 33-ыг барихаар байгаа юм.

Гэтэл одоогоор 5 сервис центрийн эхлэл л тавигдсан. 33-ыг нэг жилд барина гэчихээд тавыг л эхлүүлээд орхиод байвал хэзээ хэрэгжиж утааг бууруулах вэ? Байшин, гэрээ дулаалъя, цахилгаан халаагуурт шилжих хүсэлтэй олон айл байна.

Нэг айлд 5-15 сая төгрөгийн зээл дунджаар шаардагдахаар байгааг салбарынхан болоод иргэд мэдээллэж байна. Гэтэл Улаанбаатарчуудад зориулсан Ногоон зээл нь жилийн 17-19 хувийн хүүтэй байгаа нь иргэд төлж дийлэхээргүй байна.

Хэдий Засгийн газар энэ асуудлыг судлаж байгаа ч удаан байгаа учир Хотын дарга энэ асуудалд мөн санаачлага гаргаж манлайлан оролцох шаардлага байна.

Эрх зүйн орчин бүрдүүлнэ, судлаж байна, санамж бичигт гарын үсэг зурлаа гэх мэт үгнээс бид залхаж байна Нийслэлийн засаг дарга Су.Батболд ХУД-ийн Нэгдсэн эмнэдэгийн дэргэд 150-200 ортой хүүхдийн эмнэлэг барина гэж өнгөрсөн өвөл бидний эхний жагсаалын дараа амласан.

Одоогийн байдлаар тэнд ширхэг тойпуй ч өрөгдөөгүй. Тэрбүү хэл нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасгийнх нь цонхны резин нь хуучраад суларчихсан салхи сийгээд хандив гуйж байна.

Мөн нийслэлээс эмнэлэгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар цэвэргүүлэгч тавихаар ажиллаж байгаа. Энэ жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг тавьсан гэж бидэнд ирүүлсэн албан бичигт дурдсан байгаа.

Улаанбаатарт агаар цэвэршүүлэгч хэрэгтэй байгаа бага анги, цэцэрлэг, эмнэлэгийн тасаг нийт 3500 орчим гэж бид багцаалдаж байгаа. Хотын захиргаа жилд 200 ширхэг агаар цэвэршүүлэгчээр хангах хурдаар ажиллана гэвэл 17 жилийн дараа л хүүхдүүд агаар цэвэршүүлэгчтэй болж дуусахнээ.

Тэгэхээр жилд 200 гэдэг дэндүү хангалтгүй байна. Энэ тоогоо нэмэхийг Хотын даргаас шаардаж байна. Засгийн газар энэ оны гуравдугаар сард Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталсан.

2017-2025 онд хэрэгжиж, 9.9 их наяд төгрөгийг зарцуулж орчны бохирдлыг бууруулахаар энэ хөтөлбөрт тусгасан. Энгийнээр тооцвол жил бүр 1 их наяд 124 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулахнээ гэж бид ойлгосон.

Гэтэл 2018 оны улсын болон нийслэлийн төсвөөс нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар хэлэлцүүлэгдэж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжихэд энэ жилд шаардлагатай 1 их наяд 100 тэрбум төгрөг нь хаачсан бэ?

Энэ бол үндэсний хөтөлбөр хэрэгжихгүй байгаагийн бодит нэг баримт. Тиймээс Утааны эсрэг ээж аавууд ТББ-н зүгээс Агаар орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрөө ахин боловсруулж, мөн хэрэгжүүлэхийг У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар болон Агаар орчны охирдлыг бууруулах үндэсний хорооны бусад байгууллагаас шаардаж байна.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 9.9 их ная төгрөгийн 1.5 их нь гэр хороололд дэд бүтэц тавих, Өмнөговиос нүүрс Улаанбаатарт авчирч түлүүлэх зэрэг утаатай шууд холбоотой ажилд зарцуулагдахаар, харин үлдсэн 8.4 их наяд төгрөг нь утаатай холбоогүй шахуу ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал, хот хоорондын аялал жуулчлалын үйлчилгээний цэг барихад 16.8 тэрбум төгрөг, яармагт гүүр, нүхэн гарц барихад 46 тэрбум төгрөг, арьс ширний парк барихад 320 тэрбум төгрөг гэх мэтчилэнгээр бичсээр байгаад 9.9 их наяд төгрөгт хүргээд биччихсэн. 

Эерэг мэдээ гэвэл АХБ-ны санхүүжилтээр СХД-т 400 ортой дүүргийн нэгдсэн эмнэлэг баригдаж эхэлсэн. Энэ эмнэлэг яригдаж эхэлснээс хойш бараг 10 жилийн дараа бүтээн байгуулалтын ажил нь эхэллээ.

Австрийн Вомед компани олон улсын тендерт ялж гүйцэтгэж байгаа, 2019 онд ашиглалтанд орно гэсэн мэдээлэл авсан. Мөн долоон жил гацсан Яармагийн дөрөвдүгээр төрөх эмнэлэгийг 23 тэрбум төгрөгөөр барьж дуусгахаар Томобюлдинг компани 9-р сарын 10-н хавьд барилгын ажлаа эхэлсэн байна лээ.

Дутуу барилгад өгөршилт мэтийн дүн шинжилгээ, гэрээ бичиг цаас гэсээр барилгын бүтэн улирлаа алдаж 9 сараас барилгын ажлаа эхэлсэнд нь харамс ч л байна.

Тендер концесс зарлаж байгаа төрийн байгууллагууд өвлийн улиралд бичиг цаас, гэрээний асуудлаа бүрэн дуусгаад таван сар гэхэд аминд тулсан чухал зүйлсийн барилгын ажлаа эхэлж дадмаар байна.

2018 онд Монголын төр утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зориулна. Харин утаанаас болж өвдсөн хүүхэд насанд хүрэгчдийг эмчлэхийн тулд 160 тэрбум төгрөг зарцуулна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх