Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчөө 30 гэр бүлээ ил болго

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 09 679

УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаа юм. Энэ үеэр гишүүд хоригтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Д.Хаянхярваа: Өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Монгол улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаан оролцож байгаа учраас энд хэлэхгүй байж болохгүй хэдэн зүйл байна. Ерөнхийлөгчөө та арай л даржин зүйл яриад байна. Монгол улсад Тавантолгой, Оюутолгой тойроод бизнесийн бүлэглэлүүд гарч ирээд хулгай луйвар хийгээд Төрд ямар нэгэн байдлаар хохирол учруулаад байгаа бол ил гаргаж зарлаач. Эхлээд 30 гэр бүл гэсэн дараа нь 300 болсон одоо гурван мянга болох юм байна. Тэгвэл тэр гэр бүлүүдээ төрд ойртож болохгүй гэсэн шийдвэр гаргаач. Томилгоо тойрсон асуудлыг та ярьж байна. Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын томилгоог эргэж хар гэж хэллээ. Энд нэг зүйл хэлмээр байна. Дөнгөж саяхан та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар А.Гансүхийг томилсон. А.Гансүх чинь яллагдагчаар татагдаад шалгагдаад явж байгаа хүн. Ямар хүн нь өндөр дээд албан тушаалд томилогдоод ингээд явж байгаа юм бэ?

Ч.Хүрэлбаатар: Би Монголын ерөнхийлөгч Х.Баттулгатай нэг Засгийн газарт хамтран ажиллаж байсан. Танд нэг зүйл хэлмээр байна. Өс зангидсан, гомдсон хүмүүсийн үгээр битгий ажлаа хийгээч ээ. Та надаас 55 тэрбум төгрөг их мөнгө үү гэж асуулаа. Би харьцуулж хоёр зүйл хэлье. Гашуунсухайт руу явсан төмөр зам холболтын цэгээсээ 20 км зөрсөн. Хөгжлийн банкнаас 220 сая ам.долларын зээлээр үүнийг хийсэн. Жилийн 7.3 хүүтэй. Зөвхөн зээлийн хүүнд жил бүр 55 тэрбум төгрөг төлж байна. Хоёрдугаарт Та нийт Монголчуудын өрийг дарна гэж хэлсэн. Төрийн албан хаагчдын арилжааны банкнаас авсан нийт зээлийн 2 сарын хүүгийн төлбөр 55 тэрбум төгрөг юм билээ.

Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчөө та бол Монголын ард түмний ерөнхийлөгч шүү. Тулга тойрсон богино зайн улс төр хийхээ болих хэрэгтэй. 2012 онд таны гацаасан төмөр зам ашиглалтад орсон бол жилд 10 тэрбум ам.долларын ашиг олох байсан. Та Монгол улсын ерөнхийлөгч болоод 5 сар болж байна. Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яагаад нэг ч удаа хуралдуулсангүй вэ? Өнөөдөр Монгол улс өрийн дарамтад орчихлоо. Энэ Үндэсний аюулгүй байдлын асуудал мөн үү? Өнөөдөр Солонгос улсын элчин дээр өдөрт 1000 залуу өргөдөл өгч байна.  Ажилгүйдэл нэмэгдэж байна. Гэмт хэргийн тоо өсч байна. Жилд 25 мянган хүн гэмт хэрэгт холбогдож байна. Жилд 250 хүн бусдын гарт амиа алдаж байна. Энэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудал мөн үү? Энэ асуудлуудаа өнөөдөр яримаар байна. Таныг хориг тавьдаг биш хөгжил дэвшил ярьдаг Ерөнхийлөгч байгаасай гэж хүсч байна.    

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх