Төв цэвэрлэхийг шинэчлэх “төр”-ийн амлалтууд

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 10 836

Хагас зуун жилийг элээсэн Төв цэвэрлэх байгууламж өдгөө засвар авахааргүй болтлоо доройтсоны горыг Улаанбаатарчууд амсч байна. Төв цэвэрлэх байгууламжийг сайжруулах шаардлагын дагуу зарим засвар шинэчлэлийн ажил 2000 оноос өмнө эхэлжээ. 1998 оноос хойш 2000, 2003, 2007, 2013, 2016 онд зургаан удаагийн засвар шинэчлэл хийсэн байна.

Ийнхүү шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарч эхэлсэн 17 жилийн хугацаанд Төв цэвэрлэхтэй танилцаагүй дарга даамал, үнэрийг нь мэдрээгүй хүнгүй  болов. Төв цэвэрлэхийг шинэчилнэ гэж ярьж, төрөл бүрийн хурал зөвлөгөөн зохион байгуулсныг тоочоод баршгүй. Энэ бүхний эцэст гарсан үр дүнг ярьсан он жилүүдтэй харьцуулахад харамсалтай дүн гарна. Бүр тодорхой хэлбэл, үе үеийн Хотын дарга, Засгийн газрын тэргүүн, салбарын сайд, УИХ-ын гишүүд гэсэн шийдвэр гаргах төвшний хүмүүс төв цэвэрлэхийг шинэчилнэ гэж сүр дуулиантайгаар очиж танилцаад сүүлдээ бараа сураггүй алга болдгийн тод жишээ.

Маск зүүж, хантааз өмсөөд очдог үе үеийн дарга нарын амлалт ажил хэрэг  болсон бол өдийд засвар шинэчлэлд зарцуулсан мөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барьчихсан байж болох. Тиймээс өвөл утаанд дарлуулж, зун угаараар утуулсаар цөхөрч гүйцсэн нийслэлчүүдийн итгэл дээр тоглосон сайд, дарга нарын сайхан амлалтыг эргэн сануулахыг хүслээ. Энд нэг зүйлийг тодотгоход, цэвэрлэх байгууламжийг шинэчлэхээр очиж л байдаг, буцаж л байдаг жишиг тогтсон гэхэд хилсдэхгүй болоод буй дарга нар хувиасаа биш төр, засгийн хариуцлагатай алба хашиж байгаагийн хувьд “төр”-ийн өмнөөс амласан явдал юм.

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын эхний туузыг хайчилсан хүмүүс бол тухайн үеийн Хотын дарга М.Энхболд, Г.Мөнхбаяр нар юм. Тэд хотыг захирах хугацаандаа цэвэрлэх байгууламжтай танилцаж, шинэчлэх талаар ярьж байжээ.

2013.05.27

Э.Бат-Үүл: ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХ­ГҮЙГЭЭР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТУХАЙ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ

-Төв цэвэрлэх байгууламж ачаалллаа даахгүй, үйл ажиллагаа нь доголдож болзошгүй энэ үед Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж байв. Тэрээр “Энэ асуудлыг  яаравчлан шийдвэрлэх ёстой. Улаанбаатар хот хөгжих үү, нүүх үү гэдэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас хамаарна. Төв цэвэрлэх байгууламжийн техник, технологийг сайжруулахгүйгээр хотын хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. Туул голд бүрэн цэвэрлэгдэж чадаагүй хронтой ус нийлж байгаа нь үнэхээр ноцтой явдал юм. Тиймээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулах үйлдвэрүүдэд бид онцгой хяналт тавьж, зарим үйлдвэрийг хаах хүртэл арга хэмжээ авах тухай нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Богино, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулж НИТХ-аар оруулах хэрэгтэй.  Хөтөлбөрөө батлаад жил бүрийн төсөв дээр суулгаад явбал бид шинэ цэвэрлэх байгууламж барих хөрөнгөө шийдвэрлэх боломжтой. Шинэ цэвэрлэх байгууламж барих санаануудаа ирүүлэх болно.  Энэ мэтээр бид шинэ цэвэрлэх байгууламжтай болох ажлыг зайлшгүй хэрэгжүүлэх хэрэгтэй” гэжээ. Энэ үеэр лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байжээ.

2014.05.22

Ц.Баярсайхан: ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ СУДАЛГАА ГАРГАЯ

-Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжтай танилцаж шинээр цэвэрлэх байгууламж барих өртөг тооцоо, техник тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж ирэхийг хүслээ. Аль болох хурдан хугацаанд хэрэгжүүлэхийн тулд олон улсын нээлттэй тендерээр  зураг, гүйцэтгэлийг хамтад нь зарлаж шийдэх талаар ярилцлаа.

2015.4.11

Ч.Сайханбилэг: ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЭЗҮ БОЛОН СУДАЛГААНЫ АЖЛУУД, ХИЙХ ТЕХНОЛОГИ, ГАЗАР НЬ БЭЛЭН

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа. Уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт,Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар оролцов. Ч.Сайханбилэг “Засгийн газар оролцож, дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ  ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй. 2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8.1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгаа.  Шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын төвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна” гэв.

2016.08.02

72 ЦАГИЙН ЗОГСОЛТ ХИЙХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ

-Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцахдаа “Одоо хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Хүлээгдэж байгаа төсөв, санхүүгийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллана” гэжээ. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжид  72 цагийн зогсолт хийх хүсэлт тавьсныг зөвшөөрч ажлын гүйцэтгэлийг маргааш нь газар дээр очиж шалган  засвар шинэчлэлтийн ажлыг цаашид хэвийн явуулахыг үүрэг болгов.

2016.09.14

Ц.Гарамжав: ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ БАЙГУУЛАМЖ БАРИХ ШААРДЛАГАТАЙ

-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Ц.Гарамжав “Шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг жилийн жилд ярьдаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатай байна” гэв.

2016.11.19

Д.Сарангэрэл: ТУУЛ ГОЛЫГ ХАМГААЛАХ ТУСГАЙ ХУУЛЬ ГАРГАХАД САНАЛ НЭГДСЭН

-Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар төв цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “ Саяхны судалгаагаар Туул голын усыг цэвэршүүлсний дараа гэдэсний өвчин үүсгэдэг савханцар нян илэрсэн. Иймд УИХ-ын зарим гишүүн Туул голыг хамгаалах тусгай хууль гаргах тухай санал нэгдээд байгаа” гэв. Гишүүд энэ үеэр Туул голын энгийн хамгаалалтын бүсээс элс, хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулахаар ажиллах болно” гэлээ.

2017.10.24

У.Хүрэлсүх: ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ НЬ ЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ

-Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг шуурхайлах Ерөнхий сайдын захирамж гарч ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулахаар болов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламжтай танилцах үеэрээ “Ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих нь эн тэргүүний зорилтоо болгож  байна. Монгол гэдэг тусгаар улсын хувьд тулгамдсан асуудлаа шийдэх гарц олцгооё. Хугацаа маш бага байна. Ирэх сард хандивлагч орнууд, хөрөнгө оруулагчдыг урьж төслүүдээ танилцуулъя, сонгон шалгаруулалт явуулах ажилд яаравчилъя. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсгийг байгуулна. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалж, нийслэлийн удирдлагууд болон холбогдох агентлагууд маш хурдтай, чанартайгаар хийж гүйцэтгэхэд гол анхаарлаа хандуул, хугацаанд нь гүйцэтгэхэд хурд, туршлага, чадвар дутаж, тухайн байгууллагаа зөв удирдаж чадахгүйгээс ажил цалгардуулбал хариуцлага тооцно” гэжээ.

Энэ мэтээр төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх яриа цаашид үргэлжлэхийг ч таашгүй. Гэхдээ одоогийн Засгийн газрын тэргүүний амласнаар ирэх хавар эхлээсэй гэсэн итгэл найдвар, хүлээлт үлдлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.УЯНГА

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх