Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн /НӨШБ/үйлдвэрлэх энгийн хоёр боломжийн тухайд


Өнөөдөр би энэхүү бичвэрээрээ НӨШБ гэж юуг хэлэх тухай товч өгүүлэхийг хүслээ. НӨШБ гэж та бидний хэн нь ч хийж чадахгүй, үл гүйцэлдэх хүсэл төдий зүйл биш юм. Гагцхүү эдийн засгийн зөв тооцоо судалгаатайгаар, хөрөнгө оруулалтыг  татан төвлөрүүлж, зардлаа нөхөн, эргээд ашиг олох үйл явцыг хэлдэг билээ.

Тухайлбал, Монголд бүтээн байгуулахад хамгийн тохиромжтой үйлдвэр бол НҮҮС УГААХ ҮЙЛДВЭР.

Нүүрс угаана гэдэг нь түүхий нүүрснээс шороо, чулуу болоод бусад элементүүдийг салгах үйл явцыг хэлдэг агаад угаасан нүүрсний агууламж нь лабораторийн шинжилгээний нөхцөлийг бүрэн дүүрэн хангадаг. Өөрөөр хэлбэл 1 тонн угаасан нүүрс, 1 сая тонн угаасан нүүрсийг алийг нь ч, хаана ч шинжилсэн бүх үзүүлэлт нь яг адил гардаг бол түүхий нүүрсийг шинжлэх тохиолдол бүрт үзүүлэлтүүд харилцан адилгүй гардгаараа эрс тэс ялгаатай.

Ингэж түүхий нүүрсийг угааж, цэвэр нүүрс болгосны дараа коксын үйлдвэрт шатааж, коксожсон нүүрс гаргаж авах боломжтой.

Дэлхийн зах зээл дээр коксожсон нүүрсний үнэ 300$ байхад асар их нүүрсний нөөцтэй баялаг орд бүхий Монгол улс нүүрсээ энэ үнэд хүрэхгүйгээр түүхийгээр нь экспортолсоор байгаа нь нэн харамсалтайг хэлэх нь илүүц биз ээ.

Бид уурхайн аман дээрээс түүхий нүүрсээ бага үнээр гадагш зарахын оронд хэрхэн НӨШБ үйлдвэрлэж зарах вэ гэдгээ сайтар тооцоолох хэрэгтэй байна.

Нүүрснээс нефть гаргах

Энэ сэдвийг хөндөхийн учир Монгол улс өнөөг хүртэл газрын тосоо түүхийгээр нь гадагш зөөсөөр, өөрсдөө дотоодын хэрэгцээгээ импортоор хангаж байгаа нь хачирхалтай. 21-р зуунд баялгийн эзэд газар нутаг дээрээ аж үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр дэлхийн хөгжлөөс хоцорч, ард олон нь амин зуулгаа арай ядан залгуулж буй дүр зургийг халах цаг хэдийнээ болсон.

Иймд манай групп хөрөнгө оруулалтын төслийнхөө нэг хэсэг болох нүүрснээс нефт гаргах технологийг Монголд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм. Шинху групп НҮҮРСНЭЭС НЕФТ ГАРГАХ технологийг өндөр түвшинд эзэмшсэн агаад өдгөө энэ технологи нь олон улсад эрэлт хэрэгцээ ихтэй байна.

Бид 3 тонн хаягдмал болон хүрэн нүүрсэн дээр 4 тонн ус нэмээд 1 тонн онгоцны бензин гаргах технологийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлж, баталгаажуулж чадсан төдийгүй өнөөдөр энэ технологиор Шинжаан, Өвөр монгол дахь үйлдвэрүүд маань маш ашигтай ажиллаж байгаа.

1 тонн хаягдмал болон хүрэн нүүрсний үнийг 10$ гэж бодвол 3 тонн нүүрсний үнэ нийт 30$

Харин 1 тонн усыг 2$-оор үнэлбэл, нийтдээ усны зардалд 8$ зарцуулах юм.

Ингээд хаягдмал нүүрс болон хүрэн нүүрс 30$ + усны өртөг 8$ = Нийтдээ 38$-оор 1 тонн онгоцны бензинийг гаргаж авна.

Энэ бол 1 тонн онгоцны бензин үйлдвэрлэх өртөг.

Тэгвэл өдгөө дэлхийн зах зээл дээр 1 тонн цэвэр бензин 1000$-оор/ам.доллар/ үнэлэгддэг билээ.

Цахилгаан станц байгуулах ТЭЗҮ-ийн товч тойм

Бид Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулснаар үйлдвэрлэлийн дотоодын хэрэгцээгээ хангах, түүнчлэн илүүдэл цахилгааныг экспортлох боломжийн хүрээнд цахилгаан станц барьж байгуулах ТЭЗҮ-ээ боловсруулсан. Учир нь хамгийн хямд хүрэн нүүрсийг ашиглан цахилгаан үйлвэрлэх боломжтой агаад 280-300 гр нүүрсээр 1 квт цахилгаан үйлдвэрлэнэ. Тэгвэл үйлдвэрлэсэн цахилгаанаа хэнд зарах вэ гэдэг асуулт гарч ирэх юм.

Цахилгаанаа арилжих хамгийн ойр бүс нутаг нь Хятад улс. Хятад руу цахилгаан экспортлохын тулд тус улсын STATE GRID групптэй эрчим хүчээр ханган нийлүүлэх гэрээ байгуулах нь чухал.

Монгол улс цахилгааны илүүдэлтэй юу, хомсдолтой юу?

Цахим талбарт гарч буй мэдээллүүдээс харахад МУ-ын аль ч засгийн үед шинээр цахилгаан станц байгуулах шаардлагтай гэсэн мэдэгдлүүд хөвөрсөөр... Гэтэл Монгол улс цахилгаан эрчим хүчний  хомсдолтой байх нь бүү хэл илүүдсэн эрчим хүчээ газардуулдаг талаар хөрөнгө оруулалтын ТЭЗҮ боловсруулах судалгааны явцдаа олж мэдсэн. Ийм байтал эрх баригчид үеийн үед усан цахилгаан станц байгуулна, нарны цахилгаан үүсгүүрийг шинээр нэвтрүүлнэ хэмээн хөрөнгө мөнгө төсөвлөсөөр байдаг ажээ. Гэхдээ энэ нь ирээдүйд МУ-д хэрэгтэй эко технологи учир буруушаах шаардлагагүй юм.

Тэгвэл одоогийн нөхцөлд бидний боловсруулсан ТЭЗҮ-ээр хүрэн нүүрсээр цахилгаан үйлдвэрлэн зарж, эргээд улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах боломжийг тооцож судалсан.

Шинху групп Хятад улсад нар, салхи, гал, усан цахилгаан станц 10-аадыг барьж байгуулсан. Гэхдээ Хятад улсад төр болон хувийн хэвшлийн аль ч компани цахилгаан станц байгуулж болох ч гагцхүү STATE GRID групптэй гэрээ байгуулсны үндсэн дээр цахилгаанаа арилжих эрх үүсдэг билээ. STATE GRID-тэй гэрээ байгуулахгүйгээр тус улсын нутаг дэвсгэрт 1 квт цахилгаан ч зарах боломжгүй.

Харин хэдэн жилийн өмнө бол Монгол улс цахилгаан үйлдвэрлэж Хятад улс руу экспортлох боломжтой байсан юм. Учир нь 2014 онд ОХУ 1 квт цахилгааныг  0,1 юаниар Хятад улсад нийлүүлэх гэрээг STATE GRID-тэй байгуулсан билээ. Ингэснээрээ өнгөрч буй 4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөн, өдгөө ашгаа олж эхэлсэн байна. Гэтэл МУ энэ боломжийг алдсан нь харамсалтай!

Учир нь: Хятад улс тэр үед ОХУ-д бус, газар нутгийн хувьд харьцангүй ойр, зардал бага гарах тооцоо судалгаандаа үндэслэн мөнхийн хөрш МУ-д хөрөнгө оруулж, цахилгаан станц байгуулаад, эргээд тэнд үйлдвэрлэгдсэн цахилгааныг худалдаж авах боломжийг санал болгосон байдаг. Тэр ч бүү хэл 1 квт цахилгааныг 0,2 юаниар авч болох саналаа хүргүүлсэн ч Монголын засгийн газар “1квт цахилгаанаа манайх 0,5 юаниар танай талд худалдана” гэсэн эдийн засгийн бодит бус үнэлгээ хэлсээр өдий хүртэл тэрхүү яриа хэлэлцээр шийдэлд хүрээгүй үлдсэн юм.

Мэдээж Хятад улсын тухайд Цагаан хэрэмний цаад хэсгээр нүүрс болон өөр бусад байгалийн баялгаар хомс орон учир Монголоос нүүрс тээвэрлэн, цахилгаан станцууддаа нийлүүлдэг. Гэвч энэ нь зам харилцаа болоод байгаль орчинд ээлгүй, илүү өндөр өртөгтэй хэмээн тооцоолсны үндсэн дээр нүүрстэй газар нь цахилгаан станц байгуулаад агаараар цахилгаанаа татах нь газраар нүүрс тээвэрлэснээс хурдан, агаад байгаль орчин, хүн амьтанд ээлтэй гэж үзсэн байдаг.

Энэ бүх нөхцөл байдалд үнэлгээ хийгээд Шинху групп МУ-д хөрөнгө оруулахдаа Цахилгаан станц байгуулж, угаасан нүүрс болоод коксжисон нүүрсний 1 тонн хог хаягдлыг цахилгаан болгож, Хятад улс руу 0,2 юаниар зарж чадвал 1 тонн хаягдмал нүүрсийг, мөн хүрэн нүүрсийг ч 100$ болгох боломжтой  гэсэн тооцоо судалгааг гаргаад байна.

Энэ тооцооллыг энгийнээр илэрхийлбэл:

280-300 гр нүүрс = 1 квт цахилгаан болох боломжтой бол 1 тонн хаягдмал нүүрс болон хүрэн нүүрсээр = 3335 квт цахилгаан үйлдвэрлэнэ.

3335 квт/цахилгаанаа 0,2 юаниар арилжихаар гэрээлбэл = 1 тонн нүүрс 667 юань болно.

667 юанийг доллар руу шилжүүлбэл 6,6-д хуваахаар 100,1 доллар болох энгийн тооцооллыг танд танилцууллаа.

Эцэст нь хэлэхэд НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН  гэж энэ мэтчлэн 1 тонн хаягдал нүүрсээр 3335 квт цахилгаан үйлдвэрлээд, 1 квт тутмыг нь 0,2 юаниар арилжин 100$ болгох, мөн 1 тонн цэвэр бензинийг 38$-оор үйлдвэрлээд, 1000$-оор зарж ашиг олох үйл явцыг хэлдэг билээ.

Энэ мэт боломж бололцоог  монголчууд маань тооцож тунгаах нь чухал юм.

Н.Далай

Эх сурвалж: www.zaluu.com

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх