Т.Аюурсайхан: Хандив нэрээр намд авлига өгсөн бүлэглэлүүд төрийн бодлого, баялгийн хуваарилалтад оролцдог

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 10 1015

Монгол улсад болж байгаа хямрал бол эдийн засгийн гэхээсээ улстөрийн хямрал болох тухай яригддаг. Харин улстөрчид өөрсдөөсөө зайлуулж эдийн засаг, санхүүгийн хямрал мэтээр ярьж ирсэн.

Тэгээд телевизийн дуран харахаараа манай, танай нам үүнд буруутай гэх боловч хурлын танхимаас гарангуут манай танайх байхгүй түрийвч нэгтэн болох нь ойлгомжтой байдаг.

Тэгвэл эрдэмтэн судлаачид хямралыг маш олон талаас харж, үүдэл сэдлийг нь ойлгомжтойгоор таниулахыг хичээдэг. Тиймээс өнөөгийн Монголд нүүрлэсэн хямрал нь юуны түрүүнд улстөржилт, тэр дундаа намд, нам ч гэж дээ  бүлэглэлүүд төрийг барьцаалсантай холбогддог юм.

Энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн доктор Т.Аюурсайхан санаачлан өчигдөр намын зохион байгуулалтын тухай “Төрийн хямрал ба улстөрийн намын шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хуралд парламентад суудалтай намуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцсон. Эрдэм шинжилгээний хуралд МАН-аас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, МАХН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хөтөлбөрт АН-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцож “АН-ын шинэчлэлийн үйл явц, тулгамдсан асуудлууд" сэдвээр илтгэл тавих байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас ирээгүй.

Бид эндээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы илтгэлийг онцолж байна. Бага хуралд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “МАН-ын шинэчлэл, хөгжлийн бодлого, хөтөлбөр" хэмээх илтгэл тавилаа.

Түүний илтгэлийн гол утга нь “МАН доторх тулгамдсан асуудлуудыг бид өөрсдөө хэн хэнээс илүү мэдэрч, ойлгож байгаа. Бид улс төрийн намын эрхзүйн орчныг яаж сайжруулж, шинэчлэх ёстой вэ.

Энэ асуудлыг байнга шахам ярьдаг, Хэлэлцүүлсэн нэр ч зүүдэг. Эрдэмтдийг цуглуулж санааг нь цуглуулсан болоод тараадаг. Харин асуудал бахь байдгаараа үлддэг жишээтэй.

Шинэчлэлийн талаар маш олон санал санаачилга гарсан. Тухайлбал 2003 онд Монголд ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын IV бага хурал болсон. Эндээс Улаанбаатарын тунхаглал гээчийг батлан гаргасан, Тунхаглалд улс төрийн намуудын шинэчлэл зохих хэмжээгээр тусгагдсан.

Тухайлбал шинэчлэлийг гүнзгийрүүлж, олон намын тогтолцоог бэхжүүлэх зорилтыг дэвшүүлжээ. Үүний хүрээнд 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, баталсан.

Гэвч энэ хууль цаг үеийн тулгамдсан асуудлууд, олон улсын нөхцөл, улс орнуудын харилцаа, улс төрийн намуудыг дагаж байгаа хөгжлийн явцыг болон манай улсын төр, нийгмийн харилцаа, үүнийг холбож намын үүргийг тодотгоход төдийлөн нөлөөлж чадаагүй. 

Үүнийг шийдэхийн тулд сүүлийн 2013 оноос Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх талаар олон удаа ярьсан. Г эвч намуудад үүнийг өөрчлөх хүсэл зорилго байсангүй.

Намын удирдлагуудаас гадна түүнийг парламентад төлөөлж байгаа гишүүдэд ч ийм сонирхол байхгүй гэдэг нь илэрхий болсон. Тиймээс бид энэ ажлын нэн түрүүнд парламентад суудалтай улс төрийн намууд, гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төр судлалын эрдэмтдийг нэгтгэх шаардлагатай ажээ. Улс төрийн намын шинэчлэлийн асуудлаар манай хорооноос тодорхой саналыг дэвшүүлсэн.

Тухайлбал, 2013 онд болсон намын XXVII Их хурлаас бид томоохон зорилтуудыг гарган ирсэн. МАН-ын Бодлого, шинэчлэлийн хөтөлбөрийг бид боловсруулаад үүнийг орон даяар танилцуулан, иргэдийн саналыг авч, Их хурлаар хэлэлцүүлж байлаа.

Нийгмийн хөгжлийг дагаад бүх нам зүүний, зүүн төвийн бодлого дэвшүүлдэг болсон. Харахад өөр өөр үзэл баримжаатай мэт боловч бодит байдал дээр ийм л байна.

МАН ч үзэл баримтлалаа тодорхойлохгүй бол социал демократ юм уу, зүүний ардчилсан юм уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгэхээр үзэл баримтлалаа нэн тэргүүнд тодорхойлох зорилт тавьсан юм.

Хоёрдугаарт, хуйвалдааны бүлэглэлүүдийг ил болгомоор байна. Ил болгосноор тэдгээр бүлэглэлийг хүлээн зөвшөөрч байгаа юм биш. Нэгэнт л албан бус бүлэглэл фракц олширсон болохоор илчилж, таслан зогсоох зорилт тавьсан.

Гуравдугаарт, намын даргыг томчууд бус гишүүд хөтөлбөрөөр нь сонгодог болъё гэсэн. Өөрөөр хэлбэл, намын даргыг сонгохдоо арваадхан хүн хөшигний цаана хэлэлцэж, бие биедээ эрх шилжүүлэх маягаар ажилладаг.

Гэтэл энэ хүмүүсийг нь намын гишүүд хүлээн зөвшөөрдөггүй. Намын гишүүддээ зөвшөөрөгдөөгүй хүнийг нийгэм ч хүлээж авдаггүй, Учир нь намын гишүүд бол нийгмийн толь.

Улмаар тэр намын бодлого, хөтөлбөр ч нийгэмд зөвшөөрөгдөхгүй, үр дүнд хүрэхгүй. Нийгмийг дагуулах хөдөлгөгч хүч байх намын хүч алдагддаг, Тийм учраас намын гишүүд нь хөтөлбөрөөр нь сонгодог болох ёстой, Тэр сонголт ил тод, хяналттай байх ёстой.

Дөрөвдүгээрт, гишүүдийг шинэчлэн бүртгэж, оролцоог нь хангах чанартай нам болъё. Сүүлийн жилүүдэд нам гишүүдийн тооны араас л хөөцөлддөг болсон.

Мянга мянгаар нь гишүүн элсүүлдэг. Гэтэл гишүүдийнх нь дунд намын бодлого, чиглэлийг огтоос ойлгоогүй байх тохиолдол маш олон бий. Үүнээс болж хэт намчирхдаг.

Тавдугаарт, санхүүжилтийг ил болгох. Энэ нь маш чухал асуудал. Санхүүжилт бүрхэг байснаар нам дагасан авлига газар авлаа. Хандив нэрээр авлига өгдөг. Гэтэл хандивыг далд бизнестэй этгээдүүд өгнө.

Намыг ингэж санхүүжүүлснээрээ нөгөө далд бизнесийн бүлэглэлүүд нь улстөрийн намын оройд гарчихдаг. Эргээд төрийн бодлогод нөлөөлж, баялгийн хуваарилалтад оролцдог. Баялгийн хуваарилалтыг цөөнх, далд бизнесийн эрх ашигт зарцуулдаг. Тэгэхээр энэнээс ангижрах нэг том хөшүүрэг нь санхүүжилтийг ил болгох явдал.

Зургаадугаарт, авлигад өртсөн гишүүддээ хариуцлага тооцож, цэвэр нам болмоор байна. Нам дагасан авлига намын нэр хүндийг унагааж, энэ хэрээр нийгэм улстөрийн намд итгэхээ болино.

Долоодугаарт, оновчтой бүтэц зохион байгуулалт, хариуцлагын тогтолцоо. Өнөөдөр намын бүтэц хэтэрхий данхар байгаа. Энэ нь төрийн бүтэц данхар байгаагаас шууд хамаарч байна. Ийм олон яам манайд хэрэгтэй гэж эрдэмтэн, судлаачдаас асуухад хэрэггүй л гэдэг.

Төрийн хэтэрхий данхар бүтцийг эзэгнэж ажиллахын тулд нам нь данхайчихдаг. Нөгөө талаар нам бас данхар бүтэцтэй байгаагаас тэрийгээ шингээхийн тулд төрийг данхайлгадаг. Мөн хариуцлагын тогтолцоо гэх зүйл нам дотор тунхаг төдийгөөр л оршиж зөвхөн даргыг хамгаалахад чиглэн ажилладаг. 

Наймдугаарт, боловсон хүчний бодлогыг татагдаж бус хөдөлмөрлөж дэвших системээр солимоор байна. Одоо бол нэг дарга нь залгамжлагчаа аль эртнээс тодруулчихдаг. Хөтөлж, гаргаж ирээд л тавьчихдаг. Энэ байдал бүхий л шатанд байгаа. Бүр гүн гүнзгий шигчихсэн.

Эдгээрийг XXVII Их хурлаас Бодлогын баримт бичигт шингээн гаргаж ирсэн. Гэхдээ Улстөрийн намын тухай хуулийг бид өөрчилж чадсангүй. Тэгэхээр одоо болох XXVIII Их хурлаар эдгээр асуудлыг цэгцэлж авах зайлшгүй шаардлагатай болж байна.

Учир нь намын Их хурал нь зөвхөн дарга сонгох үйл ажиллагаа л болж хувирсан. Дарга сонгоод тухайн бүлэглэл л солигддог. Өөр үр дүн байхгүй. Энэ хэвээр байвал дарга солиод юу ч өөрчлөгдөхгүй тул хэрэгжүүлэх эзэнтэй, тооцох хариуцлагатай ажил болгоё" гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх