Дэлхийн банк хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлнэ

Улс төр Галаа Галаа 2017 11 сар 10 445

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед хөдөлмөр эрхлэлтийн бодлого үйл ажиллагааг өргөжүүлэх, ажил хайгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дэх боломжуудыг илүү хүртээмжтэй ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Төслийн үр дүнд ажлын байр шинээр бий болсноор ажилгүйдлийн түвшин буурч хүн амын бодит орлого өсөх замаар ядуурлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж буй тухай Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой уулзах үеэр танилцуулсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүндэтгэлийн танхимд болсон уулзалтын үеэр сайд С.Чинзориг Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай олон жилийн турш нягт хамтран ажиллаж, нийгэм эдийн засгийн бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлээд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд урьдын адил зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааг үр дүнтэйгээр үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа хэллээ.

Ялангуяа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслийн шугамаар орон нутагт зохион байгуулалттай ажлын байр бий болгох, нөхөрлөл, хоршоо, хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжиж шаардлагатай жижиг зээлээс гадна МСҮТ төгссөн залуус ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгоход нь гарааны дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бага хүүтэй урт хугацааны лизингээр авахад туслах арга хэмжээг авбал үр дүнтэй гэдгийг С.Чинзориг сайд онцолсон.

Тэрбээр мөн Монгол Улс сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах талаар ярилгүй, арга хэмжээ авалгүй явж ирсэн нь бодлогын том алдаа байсныг ҮСХ Дэлхийн банктай хамтран танилцуулсан ядуурлын судалгаа харуулсан хэмээгээд шинэ Засгийн газар ядуурлыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, тодорхой бодлого барьж ажиллахаар шийдвэрлэсэн.

Үүний тулд эхний ээлжинд эмзэг бүлгийн өрхөд үзүүлдэг хүнсний дэмжлэгийн хамрах хүрээг хоёр дахин нэмж нийт 240 мянган хүнд энэ дэмжлэгийг үзүүлэх, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн иргэдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасныг дуулгаад Засгийн газраас Ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий бөгөөд энэ ажилд Дэлхийн банкнаас техникийн туслалцаа үзүүлэхийг хүсч буйг уламжилсан юм.

Түүнчлэн Монгол Улсын нийт ажиллагсдын 50 гаруй хувийг бүрдүүлдэг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг тогтмол орлогогүй иргэдийн 80 хувь нь нийгмийн даатгалын гадна үлдэж ирээдүй нь баталгаагүй байгааг өөрчлөх үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулахад Дэлхийн банкны тусламж нэн чухал байгааг дурдсан.

Дэлхийн банкны зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлд техникийн болон судалгаа арга зүйн зөвлөмж өгөх ажлыг үргэлжлүүлэн үр дүнтэйгээр явуулах болно гэдгийг Жеймс Андерсон хэлсэн.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх