Эхний өдөр хоёр ёкозуна уналаа


Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё өчигдөр эхэллээ. Энэ сарын тэмцээнд 22 монгол сүмоч дөрвөн зиндаанд хүч үзэх бөгөөд үүнээс дээд зиндаа буюу Макүүчид есөн бөх эрэмбэлэгдсэн байна.

Кюүшюү башёгийн чансааг өнгөрсөн 9-р сард түрүүлсэн мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлж байгаа бол баруун жигүүрийг мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал магнайлж байна.

Харин баруун жигүүрийн хоёрдугаарт жагссан, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд энэ сарын тэмцээнийг өнжлөө. Монгол сумочдоос маэгашира Такайнова А.Баасандорж бас бэртлийн улмаас өнжиж байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озэки цолоо алдаж, зүүн жигүүрийн сэкиваки цолтой хүч үзэхээр болжээ. Тэрбээр 10 ба түүнээс дээш давахад озэки цолоо эргүүлэн авна.

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира цолтнуудыг тэргүүлсэн бол Ичиножюү А.Ичинноров барууны дөрөв, Араваши Э.Дөлгөөн барууны тав, Чиёошома Г.Мөнхсайхан зүүний зургаад тус тус эрэмбэлэгдээд байна.

Өчигдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи Оношод унасан бол япон аварга Кисегосато манай бөх Тамаваши Мөнх-Оргилд ялагдав. Ийнхүү хоёр аварга эхний өдөр унаж башё сонирхолтой эхэллээ.

Харин 69 дэх аварга Хакүхо М.Даваажаргал Котошёогикүг давлаа. Озэки цолтой хоёр бөх Гойёдо, Такаясү нар өрсөлдөгч бөхчүүдээ ялсан. Энэ сард 10 давбал озэки цолоо эргүүлэн авах Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ эхний өдөр маэгашира Хокүтофүжид өвдөг шороодсон бол маэгаширагийн 4-д эрэмбэлэгдсэн Ичиножёо А.Ичинноров Чиёонокүниг, Араваши Дөлгөөн Такарафүжиг, Чиёошома Г.Мөнхсайхан Точионошинг тус тус давлаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх