Өнөө үеийнхний сүүдэрт чичирсэн хойч үеэ яах вэ


Замын-Үүд суманд сураггүй болсон охиныг хайх явцад дутуу баригдсан барилга дотроос осгож нас барсан 11 настай хүүгийн цогцос олджээ.  Бурхан минь хойч үеийнхэнд минь юу нүүрлээд байгаа нь энэ вэ. 

Социализмын үед Монголд ирсэн гадаадын нэг аялагч “Монголд хүүхдүүд  шиг их эрх дархтай хүмүүс алга” гэж  бичиж байв. Тэр үед бүх нийтээрээ хүүхдийн төлөө “За” гэж хэлдэг байлаа.  Хүүхдийн заяа их, тийм цаг үе байв.  Бүр хүүхдэд зориулсан “Бамбарууш” гээд нэртэй кофе хүртэл байсан. “Бамбарууш”-т тэр үедээ л ховорт тооцогдох сүүний уураг, ээдэм, тараг цөцгийгөөс эхлээд амтат ундаа жимс гээд томчуудад хүртээлгүй бүхэн өрөөстэй, үнэ хямд.  Харин одоо “Бамбарууш” маань баар болчихсон халамцуу гөлөмцүү хүнээр дүүрэн байдаг болсон. 

Өгсөн бүхнээ булааж авсан нь

Цагаан морин жилийн хувьсгалаар Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж эрх мэдэлтэй, танилтай танлтай бүхэн өмч хөрөнгөтэй болох их аянд эрслэн зүтгэв. Энэ их уулгалсан шуналын дэвд хамгийн түрүүнд өртөж “өмч хувьчлал” нэрээр эздийн гарт  орсон нь хүүхдийн гэсэн тодотголтой бүхэн байв. Тэдгээрийн нэг нь энэ “Бамбарууш”.

Улаанбаатарт гэхэд цэцэрлэг сургуулиас гадна хүүхдийн ном сан, Хүүхэд залуучуудын театр, Хүүхдийн кино театр, Гандангийн хүүхдийн эмнэлэг, пионерийн зуслан, Хүүхдийн паркийн зарим хэсэг гээд хүүхдэд зориулсан бүхнээ эргээд булааж авах аян эхэлсэн юм.  Харин ямар азаар Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв, Олон улсын хүүхдийн  “Найрамдал” төвөө хүүхдүүддээ авч үлдэж вэ.

Яармагт ч билүү, хүүхдийн эмнэлэг барьж байгаад дутуу орхичихсон, хөрөнгө санхүү байхгүй гээд хэдэн жил араг бүтээц нь наранд гандаж, салхинд гундаж зуугаар тоологдох тэрбумын хөрөнгө хөсөр хэвтэж байна. Монголын төр хүүхдүүддээ ийм хүйтэн сэтгэлээр ханддаг болсон.

Монголын төр сүүлийн 20 гаруй жил хүүхдийн гэсэн бүхнийг булааж авсан шигээ эргүүлж өгч чадсан уу гэдгийг эргэн харах хэрэгтэй болж байна. Хэл амтай, хэрүүл зодоонтой алдаг оног олддог 20 мянган төгрөгөөс өөр эх орныхоо ирээдүй хойч үеийнхэнд гар сунгасан нь юу билээ. Итгэхэд бэрх ч гэлээ энэ хугацаанд хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт огт хийгдсэнгүй. Хүүхдийн эмнэлгийн сураг дуулддаг байснаа сүүлдээ популист уриа дуудлага болж хувирсан. АН-ын үед Хүүхдийн эмнэлгээр Засгийн газар нь хэсэг шоудаж, суларсан барилга саваа хүртэл хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэр гаргасан ч хэрэгжсэнгүй. Яармагт ч билүү,   хүүхдийн эмнэлэг барьж байгаад дутуу орхичихсон, хөрөнгө санхүү байхгүй гээд хэдэн жил араг бүтээц нь наранд гандаж, салхинд гундаж зуугаар тоологдох тэрбумын хөрөнгө хөсөр хэвтэж байна. Монголын төр хүүхдүүддээ ийм хүйтэн сэтгэлээр ханддаг болсон. Удахгүй ханиад томууны улирал эхлэхээр Улаанбаатарын хүүхдийн эмнэлгүүд /олон ч биш дээ, хөөрхий/ өчтөнөө багтааж шингээх газаргүй болж, шал коридороо гудас хөнжлөөр зулах болно. Харж л байгаарай, тэр үеэр дахиад л хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ гээд чанга дуугаар ярьцгаах байх.

Монголын төр хүүхдээ ингэж харамлаж хажиглаж байх зуур Ажаа гэгээнтэн гэх ач буянтан хавдартай хүүхдэд зориулсан 70 ортой эмнэлгийг өөрийн болон бусдаас хуримтлуулсан хөрөнгө мөнгөөрөө босгож, буян үйлдэв. Сэтгэл гаргаж чадвал туурга тусгаар улсын төр байтугай ганц дайчин ганцаарддаггүйн жишээ энэ болой.

Хэрэгтэй үед хэн дэргэд нь байх вэ

Эзэн Чингисийн эх орон эдүгээ хүүхдэд ээлгүй орноор тодорход тун ойрхон байна. Хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд суманд 8 настай охин сураггүй болоод 10 гаруй хонож байна. Энэ охиныг хайх явцад тус сумын дутуу баригдсан барилгаас 11 настай хүүгийн цогцос олджээ. Аймаар уу.  Эх сурвалжийн мэдээллээр бол эцэг эхтэйгээ үл ойлголцоод гарсан хүү осгож эндсэн нь тэр байжээ. Яахаараа осготлоо, амь насаа золитол тэгж гомдож гоморхдог билээ. Ийм үед, хэрэгтэй цагт нь хэн хүүхдийн дэргэд байх ёстой болж байна вэ. Яаж тэр бяцхан зүрх, томоогүй сэтгэл оюунд нь байгаа баяр жаргал, зовлон шаналалыг нь ойлгож хуваалцах ёстой вэ.

Хүүгийн цогцос тэнд хэр удсаныг  хэлж мэдэхгүй. Харин энэ хугацаанд эцэг эх, сургууль багш нар нь юу хийж,  анхаарал сэрэмж нь хаана явсан нь хачирхмаар. Зөвхөн нэг сумын жишээ шүү дээ. 

Өсвөр насны хэчнээн ч хүүхэд өндөр барилга дээрээс үсэрч өөрийн амьдралаа дуусгав. Амжиж тэдний сэтгэл зүрх рүү өнгийж, шаналал гунигийг нь нимгэлж чадаагүйд хэн буруутай вэ 

Яахаараа осготлоо, амь насаа золитол тэгж гомдож гоморхдог билээ. Ийм үед, хэрэгтэй цагт нь хэн хүүхдийн дэргэд байх ёстой болж байна вэ. Яаж тэр бяцхан зүрх, томоогүй сэтгэл оюунд нь байгаа баяр жаргал, зовлон шаналалыг нь ойлгож хуваалцах ёстой вэ.

Энэ оны эхээр Цагдаагийн байгууллагынхан мэдээлэл хийх үеэрээ өнгөрсөн жил /2016 онд/  гэмт хэргийн улмаас 112 хүүхэд амь эрсэдсэн гэсэн тоо баримтыг дурдаж байв. Энэ арай ахадсан гэмээр тоо байгаа биз. Монгол хэдэн хүнтэй билээ, үүнээс хэд нь хүүхэд билээ. Хүүхэд бол хүүхэд. Яахаараа гэмт хэргийн чиг зүг тэр балчир гэгээн ертөнц рүү чиглээд байна вэ.  

Сүүлийн таван жил гэхэд зам тээврийн ослоор 220 гаруй хүүхэд эндснээс 80 гаруй хувь 0-14 насныхан байжээ. Насанд хүрэгчдийн хайхрамжгүй, хайнга хэнэггүй байдлын золиосыг хүүхдүүд амиараа төлж байгаа нь энэ.  

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн тухай сэдэв Монголоосоо хальж мэдэхээр байна.  Хойт эцэг нь , төрсөн аав нь , олны танил гавьяат гээд гэхчлэн нэр ус энд хавчуулагдаж явна. Ингэхээр хүүхэд хүчирхийлэгчийг баян, ядуу,  хөгшин залуу, хол ойр, хамаатан садан хар элгийн гэлгүй,  боловсролтой боловсролгүй гэж ялгах боломжгүй гэдэг нь үүгээр харагдаж байна. Товчхондоо бол хэн ч байж болно. Бас нэг аймшиг нь энэ.

Хэдэн жилийн өмнө өргөж авсан эцгийнхээ  бэлгийн хүчирхийлэлд 5 жил болсон охин “Аав хүн хүүхдээ ингэж хайрладаг юм байх гэж боддог байсан” гэж ярьсан байдаг.  Хүүхэд  гэж ийм л гэнэн цагаан ертөнц.

Өнгөрөгч жил гэхэд 70 шахам хүүхэд хүчирхийлэлд өртснөө өөрсдөө ирж  хэлсэн тухай  тоо баримтыг  Хүчирхийллийн эсрэг төвийн дэд дарга П.Золзаяа ярилцлагадаа дурджээ. Үүний цаана хаана хэнд хандахаа мэдэхгүй яваа олон хүүхэд бий.

Гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүүхдийн хүчирхийлэл хэдэн жилээр ч нуугдмал үргэлжилж байдгаараа  аюултай. Адгуус хүртэл охин үр төлөө гишгэдэггүй хорвоод монгол эр хүн ингэтлээ тэнэгэрч байгааг  юутай жишихээ мэдэхгүй байна.   

Хууль номоороо бол 14-өөс доош насны хүүхдийг бага насны хүүхдүүд гэж үздэг. Тэгвэл сүүлийн үед 4-7 насны хүүхдүүд гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал ихсэх хандлагатайг  мэргэжлийнхэн онцолж байна.

Хүүхдийн байгууллагын нэгэн ажилтан “Өсвөр насныхан амиа хорлох байдал ихэссэн. Үүний цаад шалтгаан нь хүчирхийлэлд өртсөн байж болох шүү дээ” гэжээ.

Эх  орны минь ирээдүй болсон үр хүүхдүүддээ  төр нь өмөг түшгээ,  иргэд нь хүний өөрийн гэлгүй хайр халамжаа  зориулах сайн цаг хэзээ ирэх вэ. Томчуудын сүүдэрт хүүхдүүд чичирч байна

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх