Эрдэнэтийн уран бүтээлчид улаан хивсний ёслолд оролцов


Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Тус салбарынхан ойн баяраа “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүлсэн аж. Тэгвэл өнөрөгч амралтынэ өдөр тус аймгийн үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ёслолыг зохион байгуулжээ.  

1970-аад оны дунд үеэс Эрдэнэт хотын иргэдийн чөлөөт цагаар соёлын үйл ажиллагаа зохион байгуулах зорилгоор Эрдэнэтийн соёлын ордон байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө аймгийн хэмжээнд соёл, урлагийн төрийн өмчит 9 байгууллагад 200 гаруй, хувийн хэвшлийн 16 байгууллага, продакшнд 300 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс “Гавьяат” хэмээх эрхэм хүндтэй цолыг 5 хүн хүртэж, МУСТА, шилдэг ажилтан хэмээх цол, тэмдгийг олон арван уран бүтээлч хүртээд буй.

40 жилийн ойн баяраа тэмдэглэж буй уран бүтээлчдэд хандан аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ соёл, урлагийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гадаад харилцааг өргөжүүлэх, энэ төрлийн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулан аялал жуулчлалын салбарын салшгүй хэсэг болгон хөгжүүлэх зорилготой байгаагаа онцолжээ.

Дашрамд дурдахад, Аймгийн соёл, урлагийн  салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлан, амжилттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд зөвхөн өнгөрсөн онд гэхэд орон нутгийн төсвөөс 150 сая төгрөгийг соёл, урлагийн үйл ажиллагаанд зарцуулсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх