С.Бямбацогт: Төрийн албаа улс төрийн байгууллага болгон хувиргах алхам хийх гээд байгаа нь үндсээрээ буруу

Улс төр Admin Галаа 2017 12 сар 04 551

Төлөөллийн байгууллагыг “төөрөлдүүлэх” үү

Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль мэндлэхээр дуншиж буй. Гэвч эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг завсарлага авчихлаа.  Хэлэлцэх нь зүйтэй хэмээн парламаентын танхимд оруулж ирсэн дээрх хуулийн төсөл  эдүгээ  хүний, өөрийн бүлгийн  санал  зөрөлдөөний “хайчин гал” дунд байна. Завсарлага авах шалтгаан энэ болсон. Хэргийн учир гэвэл төлөөллийн байгууллага, Захиргааны байгууллага хоёрыг нэг саванд хийж “цоохор салаа” гэдэг шиг  бүтэц бий болгох гээд байгаа явдал.

Яригдаж буй төслөөр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхийн тулд аймаг, сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн 30 хувийг төрийн албанд ажиллуулах заалтыг  оруулж байгаа юм. Үүнийг зарим хууль тогтоогчид Төрийн албаны тухай хуулийн “төрийн албан хаагч улс төрөөс ангид, хараат бусаар бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах ёстой” гэсэн зарчмыг зөрчсөн заалт гэж үзжээ.  Нөгөө талаасаа энэ нь Үндсэн  хуулийн үзэл баримтлалтай ч нийцэхгүй гэсэн санааг илэрхийлж буй.

Харин хамгийн ноцтой нь эрх мэдлийн эрэмбэ алдагдах магадлал бий болж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх засаглал иргэдийн төлөөллийн байгууллагын толгой дээр тонгочих  нөхцөл байдал  бүрдэнэ.  Орон нутгийн Засаг дарга нар Иргэдийн Хурлынхаа эрх мэдлийг давхар атгах боломж үүгээр бий болж, нэг ёсондоо орон нутагт бас давхар дээл  өмсөх болж байна гэсэн үг.  Иргэдийн хурал гэдэг нь сонгуулийн байгууллага.  Харин төрийн захиргааны албан хаагч томилогддог тогтолцоо. Энэ хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа бий.

Хууль боловсруулагчдын тооцоолсноор  сонгогдоод намдаа суудал аваад ирж байгаа хүмүүсийг албан тушаалаар  урамшуулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ бол холион бантан, зарчмаа зөрчсөн үйлдэл болно. Иргэдийн төлөөллийн болон захиргааны   байгууллагаар “хонины найр” хийвэл засаглалын хомсдлыг жинхэнэ утгаар хөхүүлж, хариуцлагыг эзэнгүйдүүлэх, хаацайлах бэлэн жор бий болгож байна гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт энэ талаар “Засаглалын тогтолцоо төрийн институци хоорондын зөрчилтэй байдал нь Монгол Улсын эрх ашигт үнэндээ нийцэхгүй байна” гээд “төрийн албаа улс төрийн байгууллага болгон хувиргах  алхам хийх гээд байгаа нь үндсээрээ буруу юм” хэмээжээ. Дээрхи хуулийн төслийн талаар ийм байр суурьтай гишүүд цөөнгүй байна.  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэрэв УИХ дээрх хуулийг батлах юм бол Үндсэн хуулийн цэцэд очих болно. Намынхаа хэдэн нөхдийг төрийн албанд шахахын тулд хууль зөрчдөг байж таарахгүй” гэдэг байр суурь илэрхийлээд авсан. Үүнийг буруутгах аргагүй. Ингэж л харагдаж байгаа байх.

 “Ижил зүсний” эрх мэдэлтэй төрийн гурван институци

Монгол Улс нэг танхим бүхий парламентын засаглалтай орон. Засаглалын энэ хэлбэр тодорхой шалгуур, нөхцөлтэй.  Харин Монголын парламентын засаглал гадаад талдаа байтугай дотоод орчиндоо ч ойлгомж муутай. Товчхондоо, жинхэнэ сонгодог утгаар нь бий болгож чадаагүй. Үүний уршгаар засаглалын тэнцвэртэй байдал алдагдсан, бие биедээ томорхсон, өөр өөрийн эрх мэдэл, эдлэх эрх дархаа  булаалдсан ийм саармаг байдалтай болчихсон. Иймээс ч Монголыг хагас парламентын, холимог засаглалтай гэхчлэн тодорхойлдог. Нэгэнт парламентын засаглалыг сонгосон бол түүнийг сонгодог утгаар нь хөгжүүлэх учиртай. Гэтэл Үндсэн хуулийн зарим нэг заалт үүнд тээг болсоор ирсэн. Тухайлбал, Үндсэн хуулинд Монгол улсын Ерөнхийлөгч нь  эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн атлаа хууль санаачлах эрх бүхий субъект  гээд заачихсан. Түүнээс гадна хуульд хориг тавьдаг, томилгоонд оролцдог гээд давуу эрх олонтой. Үүнээс үүдээд хоёрдмол утга санааг илэрхийлээд байгаа юм.

Түүнчлэн Засгийн газар гээд  хууль санаачлах эрх бүхий бас нэг субъект байгаа. Гэтэл цаана нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ  байж байдаг. Ийн ижил зүстэй эрх мэдлийг Монголд гурван ч субъект хамтарч “эзэмшиж” байгаа нь засаглал хоорондын тэнцвэр, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсаар ирсэн. Чухамдаа Үндсэн хуулинд заасан институци хоорондын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хоорондын эрх мэдлийн хуваарилалт оновчтой биш байгаагаас төрийн залгамж чанар алдагдаж, Монголын хөгжлийг зөвхөн нэг сонгуулийн циклээр хардаг, ялсан намынхны тааллаар явдаг болсон.  Үүний нэг жишээ нь  Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх гэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлалтайгаа зөрчилддөг тухай хууль тогтоогчид онцолдог.

Монгол гэсэн том зургаа харж Үндсэн хуулиа хэлэлцье

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол М.Энхболдын тэргүүлсэн парламентын түрүүлж барьж авсан ажлын нэг.  Нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн зун намар бүх ард түмнээрээ хэлэлцүүлж, одоо эрхэм гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.   Эцэг хуульд оруулж буй өөрчлөлтийн гол хэсэг нь энэ Засаглалын тэнцвэрийг хадгалах явдал хэмээн харж байгаа.  Хэн нэг гишүүн санал гаргаад гарын үсэг цуглуулаад Засгийн газраа огцруулчихдаг. Засаг нь ийм эмзэг, парламентдаа барьцаалагдчихсан байдаг. Парламентын засаглалд шилжсэн 25  жилийн хуганцаанд Засгийн газар нь ердөө 1,5 жилийн настай байсан нь үүний баталгаа. Парламент нь Засгийн газрын томилгоо хэлэлцсээр байгаад ихэнх хугацаагаа өнгөрөөдөг. Засаг тогтворгүй байна гэдэг улс орны хөгжил хөсөр хаягдах нэг шалтгаан.

Үүнээс гарах арга зам ганцхан л бий. Тэр нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах явдал. УИХ-ын энэ намрын чуулганы хэлэлцэх асуудалд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт туссан байгаа.  Ардын нам, Ардчилсан намаасаа үл хамааран монголчууд нэг л зорилготой нэгдмэл ард түмэн. Бидний хувь заяа, нүүх нүүдэл, буух буурь нэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөө улстөржилгүй, Монгол гэх том зургаараа харж хэлэлцэж батлах нь  энэ парламентын түүхэн үүрэг, хүндтэй гавьяа болж үлдэнэ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх