Г.Атармаа: Шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл бид тэвчээртэй байсан


Нийслэлийн ИТХ тодорхой хугацаанд хурлаа хийж чадахгүй болсонтой адил Баянзүрх дүүргийн ИТХ-д ч гацаа үүсээд байгаа аж. ИТХ-ын төлөөлөгч, анх томилогдсон дарга Г.Атармаагаас тэнд үүссэн улс төрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн ИТХ бүтэн жилийн турш маргаантай байлаа. Сая болсон VII хуралдаан ч нэлээд маргаан дагуулсан гэсэн. Чухам юу болов?

-Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн энэ оны арваннэгдүгээр сарын 9-ний А/42 тогтоолоор VII хуралдааныг арваннэгдүгээр сарын 27-ны 15.00 цагт хуралдуулж, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлахаар шийдвэрлэсэн юм.

Гэтэл хурлын зарыг манай намаас сонгогдсон төлөөлөгч нарт арваннэгдүгээр сарын 21-нд утсаар хэлсэн. Засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх учраас холбогдох материалыг дэгийн дагуу төлөөлөгч нарт зарын хамт хүргүүлэх ёстой. Түүнчлэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч урьдчилсан байдлаар нийтэд сонсгол тавиагүй, намын бүлгүүдэд хэлэлцүүлэг огт хийгээгүй, хуралдаан хийхээр товлосон өдөр хүртэл ямар ч материал бидэнд өгөөгүй.

Иймд МАН-ын бүлэг хуралдааны өмнө буюу арваннэгдүгээр сарын 25-нд хуралдаад дээрх баримт бичгүүдтэй танилцах, түүнчлэн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс сонсгол авах эрхтэй гэж үзсэн учир хуралдааныг хойшлуулахаар санал нэгдэн холбогдох газруудад мэдэгдэж, албан шаардлага хүргүүлсэн юм.

Гэтэл тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хуралдаан хойшилсон тухай зар ирсэн. Уг нь хуралдааны товыг зарлах эрх зөвхөн тэргүүлэгчдэд хуулиар олгосон байдаг, нэгэнт зарласан хурлыг хойшлуулах, эсэхийг хуралдаанаар хэлэлцэн, оролцож буй төлөөлөгчдийн олонхын саналаар шийдэх ёстой.

-Яагаад гэнэт хуралдааныг хойшлуулж, хэлэлцэх асуудлаа өөрчилсөн юм бол?

-20-иод хоногийн өмнө хурлын тов, хэлэлцэх асуудлаа баталсан юм чинь, энэ хугацаанд бидэнд танилцуулах материалаа явуулах боломж бүрэн байсан. Одоо ч өгөөгүй нь бэлэн байхгүй гэдгийг нотолж буй юм.

-Дүүргийн ИТХ хэдий болтол хоёр дарга, хоёр тамгатай байх бол?

-Тодорхой хугацааны дараа энэ асуудалд цэг тавигдах байх. Ямар ч байсан хурлын дарга гэх Ш.Ганчимэгийн шүүхэд хандсан маргаан саяхан шийдэгдэж дууссан. Энэ хүний хувьд хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэрийн он цагаар эхэлж байгаа. Энэ өдөр бол 2017 оны зургадугаар сарын 21.

Уг нь Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх долоон маргааны тавыг нь Сонгуулийн хорооны гаргасан тогтоол хуульд нийцсэн гэж шийдсэн боловч харамсалтай нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим яг ижил таван маргааны хоёрыг нь манай талд хэвээр үлдээж, гурвыг нь АН-ын талд шийдсэн. Энэ гурван маргааны нэг нь Ш.Ганчимэгийн нэхэмжлэлтэй.

Гэхдээ Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх АН-ын долоон нэр дэвшигч өөрөө болон ухуулагчаараа дамжуулан Сонгуулийн хууль зөрчин, сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан гэдгийг нотолсон нь хамгийн үнэн бөгөөд бодитой баримт.

Одоо АН-ын таван төлөөлөгчийн бүрэн эрхийг шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгуулийн хорооноос өргөн барьж, ИТХ-аар хэлэлцэн баталгаажуулах, хоёр тойрогт дахин сонгууль явуулахаар болсон. Гэвч АН өнөөг хүртэл бүрэн эрх нь баталгаажаагүй хүнийг хурлын даргаар сонгон хууль бусаар үйл ажиллагаа явуулсаар байна.

-Таныг анхдугаар хуралдаанаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга болсон гэж сонсож байсан юм байна.

-Сонгуулийн үр дүнгийн дараа Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос 2016 оны аравдугаар сарын 24-ний 61 тоот тогтоолоор МАН-ын 19, АН-ын 16 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр анхдугаар хуралдаанд өргөн барьсан. Энэ тогтоолын эсрэг АН-ынхан Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээр тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдсэн.

Уг тогтоолд Ш.Ганчимэг тэргүүтэй нэр бүхий зургаан нэр дэвшигч байхгүй. Үүнээс үзэхэд орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулсан. Анхдугаар хуралдаанаар энэ талаарх маргаан өрнөж, хуралдаанаа хийж чадахгүй, дахин зарласан. Улмаар анхдугаар хуралдаанаар олонх болсон МАН-аас ИТХ-ын даргаар намайг сонгосон.

Мөн Засаг даргаар Э.Бат-Амгаланг өргөн мэдүүлж, нийслэлийн Засаг дарга нэг удаа батламжилсан ч бид ажлаа авч, өрөө тасалгаандаа орж чадахгүй бөөн үймээн самуун болсныг та бүхэн мэдэж байгаа. Бид хууль шүүхийг хүндэтгэж шүүхийн шийдвэрүүдийг эцэслэн гарах хүртэл тэвчээртэй байсан.

Эх сурвалж: unuudur.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх