Х.Ганбаатар: Бид Европын зах зээлд гарах боломжоо маш муу ашиглаж байна


Манай улсын Засгийн газар 9 жилийн өмнө Европын холбоотой худалдааны таатай нөхцөлийн гэрээ байгуулж 7300 нэр төрлийн барааг Европын холбооны гишүүн орнуудад татваргүй худалдаалах эрхтэй болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд ердөө 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Монгол улс жил дунджаар 80 гаруй сая ам.долларын экспортыг Европын орнуудтай хийдэг байна. Уг асуудлаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатартай ярилцлаа. 

Өнөөдрийн байдлаар Европын холбооны гишүүн орнууд руу хэдэн аж ахуйн нэгж бараа, бүтээгдэхүүн экспортолж байна вэ?

2008 онд Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой хэлэлцээр хийж 7300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлох гэрээ хийсэн байдаг. Бид энэ боломжийг маш муу ашиглаж байгаа. Бидний оронд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд энэ боломжийг ашиглаад Монголд үйлдвэр нээгээд Европ руу бараа бүтээгдэхүүнээ гаргаж байна. Европын орнууд руу экспортоор гарч буй бараа, бүтээгдэхүүний тоо жилээс жилд өсч байгаа. Манай улс ноос, ноолуур, оёмол бүтээгдэхүүн, хүнсний болон уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнийг европ руу гаргаж байна.

Бид боломжоо маш муу ашиглаж байна гэж та хэллээ. Одоо экспортоор гарч буй барааны нэр төрөл ямар хэмжээнд байна вэ?

7300 нэр төрлийн бараанаас 40 гаруйхан төрлийн бүтээгдэхүүнийг Европ руу гаргаж байна. Бусдын ерөөсөө гаргаж чадахгүй байгаа. Европын холбооноос гадна Япон улстай хийсэн эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу 3400 нэр төрлийн барааг хоёр талдаа татваргүй нийлүүлэхээр болсон. АНУ-тай хийсэн хэлэлцээр ч бий. Европын холбооны худалдааны таатай нөхцөл гэдэг нь Монголд үйлдвэрлэсэн барааг ямар нэгэн татваргүй, тооны хязгааргүйгээр Европын холбооны орнууд руу гарган гэсэн үг. Энэ бол худалдааны маш том таатай нөхцөл юм. Бид чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлж чадаж байвал том зах зээл нээлттэй байна.

Европын орнууд манай улсын ямар бүтээгдэхүүнийг сонирхож байна вэ?

Хөдөө аж ахуйн гаралтай бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнийг сонирхож байна. Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн авч байна. Үүнээс гадна мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд бий. Жишээ нь европын орнууд руу өлөн гэдэс маш их хэмжээгээр гарч байгаа. Чацарганы тосыг бас нэрлэж болно.

Европын орнууд руу экспорт хийхэд гарч буй хүндрэлтэй зүйлс юу байна?

Манай улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн европын стандартыг хангаж чадаж байна уу гэдгийг нотолж чаддаггүй. Бидэнд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн чанартай гэдгийг нотлох лаборатори байдаггүй. Мөн тээвэрлэлт, сав баглаа боодлын чанарын асуудлыг нэрлэж болно. Финланд, Франц зэрэг орнууд манай улсаас адууны мах, ургамлын гаралтай бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг. Ганцхан эргэлзээ байгаа нь чанар.

Энэ асуудлыг хэн шийдэх ёстой вэ?

Энэ асуудлыг төр шийдэх ёстой. Гэвч төрд тийм бүтэц, эдийн засгийн бололцоо алга. Тийм болохоор манай хувийн хэвшлийнхэн өөрсдөө шийдэж эхэлж байна. Манай улсын ноолуурын компаниуд олон улсын лобараториар бүтээгдэхүүний чанараа тодорхойлуулж брэндээ гадаадад таниулж байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Гадаадад суугаа элчин сайдууд манай улсад хийсэн энэ бүтээгдэхүүн сайн шүү гээд танилцуулдаг болмоор байгаа юм.

Хоёр хөршдөө бараа бүтээгдэхүүн худалдаалах боломж нөхцөл ямар байдаг юм вэ?

Бид ОХУ, БНХАУ-д ноолуур гаргахад 40-50 хувийн татвар төлнө. Татвараас болоод чанартай бараагаа борлуулж чадахгүй байна. БНХАУ-ын иргэд манай улсад ирээд ноосон хивс авдаг. Бид хивсээ хоёр хөршдөө худалдах гэхээр өндөр татвар төлдөг. Асуудал үүнд байгаа юм. Таатай мэдээ гэвэл Эрдэнэт үйлдвэр Европын орнуудад хивсээ нийлүүлээд эхэлсэн. Тэнд татваргүй, тоо хэмжээнд хязгаар тогтоогоогүй гээд олон давуу тал байна.

Европын холбооны орнуудад бараа бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой аж ахуйн нэгжүүд юуг анхаарах ёстой вэ?

Худалдааны нэмэлт нөхцөл буюу GSP plus-ийг хангах ёстой. Хүний эрхийн болон олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хангасан байх ёстой гэсэн үг. Бага насны хүүхэд ажиллуулдаг ажилтан, албан хаагчдынхаа эрхийг зөрчдөг. Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдвэрлэл явуулдаг. Авлигын хэрэгт нэр холбогдож байсан компанитай европын орнууд хамтран ажилладаггүй. Ийм зөрчил гаргасан бол бараа, бүтээгдэхүүн экспортлох эрхгүй болдог. Үүнийг бизнес эрхлэгчид маань анхаарах хэрэгтэй. Манай ажил олгогч эдийн нэгдсэн холбоо, Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр гадаад худалдааны нэмэлт нөхцөлийн тухай гарын авлага, үнэлгээний аргачлал, асуулгын хуудсыг боловсруулаад байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх