Германы их эвслийн ЗГ байгуулах ажил нэг алхмаар урагшиллаа

Дэлхий Admin Галаа 2017 12 сар 05 824

А.Меркелийн барууны төвч үзэлт Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэлтэй их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар хэлэлцээ хийхийг зүүний төвч үзэлт Социал-демократ намын удирдлага зөвшөөрснөөр Германы шинэ засгийн газар байгуулах ажил нэг алхмаар урагшиллаа гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Социал-демократ нам нь Германы хоёр дахь том нам юм. Өнгөрсөн есдүгээр сард явуулсан парламентын сонгуульд А.Меркелийн Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбоо эвсэл 33.5 хувийн саналаар тэргүүлсэн бол Социал-демократ нам 21 хувийн саналаар хоёрдугаарт орсон билээ. Социал-демократ намын дарга Мартин Шульц нь А.Меркелийн эвсэлтэй нэгдэхгүй гэдгээ сонгуулийн дараа мэдэгдсэнээр А.Меркель жижиг намтай хамтран эвслийн засгийн газар байгуулахаас өөр аргагүйд хүрээд байсан юм. Гэвч А.Меркелийн эвсэлтэй хамтран эвслийн засгийн газар байгуулахаар тохиролцоонд хүрээд байсан Чөлөөт ардчилсан нам цагаачлал болон эрчим хүчний асуудалтай холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн засгийн газарт нэгдэхээргүй болсноо хэд хоногийн өмнө зарласан юм. Үүний улмаас А.Меркель хүнд байдалд ороод байв. Харин Социал-демократ намын дарга М.Шульц Германы Ерөнхийлөгч Фрэнк-Вальтер Штайнмайертай саяхан уулзсаныхаа дараа байр сууриа зөөллөж, А.Меркелийн хоёр намын эсвэлтэй хамтран дахин их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх шийдвэрийг өчигдөр гаргажээ. Гэвч тэрбээр хэлэхдээ “Гэхдээ их эвслийн засгийн газар байгуулах эсэх эцсийн шийдвэрийг энэ пүрэв гарагт болох намын бага хурлын үеэр нийт гишүүдийн саналаар гаргана” гэжээ. М.Шульц дахин намын даргаар сонгогдох эсэх нь энэ хурлын үеэр мөн шийдэгдэх аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх