О.Баасанхүүг намаас нь хөөгөөгүй

Улс төр Admin Галаа 2017 12 сар 05 1081

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, тус намын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Удвал нар мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв.
 
МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээс гаргасан. Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн хэмээн үзэж, МАХН-ын хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин энэ асуудалд МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны дарга Г.Давааням “Манай намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хоёр сар хойшлуулж байна. Дээд шүүх бүртгэх л ёстой, хянах ёсгүй. Хэн нэгний захиалгаар дүгнэлт гаргасан” гэсэн хариу тайлбарыг өглөө.
 
МАХН-ын хоёр хуваагдаад буй. Намын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэсэн бүлэглэл тус нам дотор бий болж, их хурлаа хийж, намын даргаа солих асуудлаар өөр өөр байр суурийг илэрхийлж буй. Үүнээс үүдэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээллийг хийж байсан. Харин өнөөдөр МАХН-аас энэ мэдээллээ үгүйсгэлээ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах болзлоо хангасан гэж хэлсэн болохоос хөөсөн гэх албан ёсны шийдвэр гараагүй. Тэр өнөөдөр ч манай намын гишүүн хэвээрээ байгаа” хэмээн ярилаа. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “МАХН намайг хөөвөл төрийн санхүүжилтээс татгалзах шаардлагатай болно” гэсэн мэдэгдлийн хариуд Ц.Оюунбаатар “УИХ-ын гишүүний 10 сая төгрөгийн л асуудал” гэсэн ойлгомжгүй хариултыг өглөө.
 
Тус нам ирэх оны нэгдүгээр сарын 27-нд хийх юм байна. Харин О.Баасанхүү нарын зарлан хуралдуулах гэж буй их хурал нь хүчин төгөлдөр бус гэдгийг МАХН-аас мэдээлэв. УИХ-ын О.Баасанхүү 73 хүний нэрийг бүрдүүлж, их хурал хийхээр ярьж буй аж. Харин тэр хүмүүс дунд нь МАН болоод АН-ын 10-аад хүний нэр бий. Бас МАХН-ын зарим хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэлэв.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

bi 2017 12 сар 05

setgetsiin uvchtei hunii nam