Ч.Хүрэлбаатар: Хоригийн асуудлыг хурдан шийдэхгүй бол ОУВС-гийн хурал хойшлох магадлалтай

Улс төр Admin Галаа 2017 12 сар 06 608

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийн зарлага хэсэгт өчигдөр хэсэгчлэн хориг тавьсан. Түүний тавьсан хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг, мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүлээн авсангүй. Тиймээс уг асуудлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхийлөгч 2018 оны төсөвт хэсэгчлэн хориг тавилаа. Сангийн сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ.

-Хоригийг уншиж үзсэн. Хэд хэдэн алдаа харагдаж байна лээ. Тухайлбал улсын төсөв, Нэгдсэн төсвөө агуулгыг нь ойлгоогүй холиод биччихсэн. УИХ нэгдсэн төсвийг биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Ядаж арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаад нь үнэхээр харамсч байна. Төсөвт ДНБ-ий 8 хувь гэж баталсан. 1.5 хувиар буулгана гэдэг 600 тэрбум орчим төгрөгийн зөрүү юм. Тэгэхээр энэ бол тоглоом биш.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн  хурал болох гэж байна. Гэтэл энэ үеэр хориг тавигдаж байгаа нь сөрөг нөлөөтэй байх?

-Тийм. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 15-нд товлогдоод байгаа. Энэ хурлаар Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэхийг хэлэлцэнэ. Тиймээс хоригийн асуудлыг нэн даруй шийдэхгүй бол захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байна. Монгол Улстай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС-г буруутгаж, түүний цаана манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт өгч байгаа олон улс, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна.

-Хоригт “УИХ-ын гишүүний гурван тэрбум” гэх зүйл орсон байсан. Мөн хөрөнгө оруулалтуудыг шүүмжилсэн байсан?

-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт нэлээд буурах хандлага байгаа. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт ААН-үд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна.  Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж өгсөн. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй. Харин ч эдийн засаг сэргэнэ.

-Европын холбооноос Монгол Улсыг оффшор бүсээр зарлаж, хар жагсаалтад орууллаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Европын холбоо өнгөрсөн зургадугаар сараас эхлэн манай Сангийн яамтай харьцаж эхэлсэн юм билээ. Улмаар манай улсыг ил тод байх зарчмыг хууль, тогтоомжууддаа тусгах шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Учир нь Европын холбооноос тавьж байгаа шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд Сангийн яам анхаарч ажиллана.

- Монгол Улсыг оффшор бүс дэх улс орон гэж зарлах нь ямар үр дагавартай байж болох вэ?

-Таатай зүйл бол биш. Бид өөрсдөө оффшорыг эсэргүүцэж ярьдагтай адил Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.  

-Энэ мэдээлэлтэй холбогдуулан Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх үү?

-Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ, 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх