Б.Ганбат: Төв банкны засаглал, үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлнэ


Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал Б.Ганбаттай ярилцлаа.

-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн бариад байна. Хуулийн төслийн үзэл баримтлалаас харвал төв банкны хараат бус байдлыг үнэлэх үнэлгээгээр манай төв банкны үйл ажиллагаа ямар байна вэ

-Төв банкны хараат бус байдлыг үнэлдэг олон улсын шалгуур үзүүлэлтүүд бий. Энэ шалгуур үзүүлэлтээр харвал манай төв банк 50 хувьтай байгаа. Тэгэхээр бид төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлсэн. 

-50 хувь гэдэг нь олон улсын жишигтэй харьцуулахад хэр үзүүлэлт вэ?

-Дундаас доогуур хэмжээнд явж байна гэж харагдаж байгаа. Гэхдээ энэ тухайн улс орны хөгжлийн түвшин гэх зэрэг олон шалгуур бий. Манай улстай ижил хөгжлийн төвшинтэй улсуудтай харьцуулахад төв банкны хараат бус байдлын үнэлгээгээр дундаас доогуур байна гэх тооцоо гарч байгаа юм.

-Энэ шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд хуульд ямар өөрчлөлт хийх шаардлагатай байна вэ. Одоогийн хуулиар Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас томилж байгаа. Ингэж томилох нь зөв үү, буруу юу гэхээсээ илүү ингэж томилогдсоныхоо дараа хараат бусаар ажиллах боломж хэр байдаг юм бол?   

-Одоо эрх зүйн орчны хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчийг УИХ томилж байгаа. Монголбанк үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг. Түүний удирдлагыг УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага томилж байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийн бие даасан байдал нь мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын үйл явцаас илэрч харагддаг. Бид хуулийн өөрчлөлтөөр Мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ямар зарчим баримтлах вэ гэдгийг тодорхой тусгаж өгч байна. Олон улсын жишигт төв банкны мөнгөний бодлогын хараат бус зөвлөл ажилладаг. Зөвлөл нь хараат бусаар ажиллаж, хамтын удирдлагын зарчмаар бодлогын шийдвэр гаргадаг. Бид хуулинд өмнө нь байсан зохицуулалтын хүрээнд тодорхой бус байсан харилцааг нэлээд тодорхой болгож өгч байгаа. Төв банк мөнгөний бодлогын зөвлөлтэй байна. Зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилно. Мөнгөний бодлогын зөвлөлөөс гарах бодлогын томоохон шийдвэрүүд хамтын удирдлагын зарчимд суурилна гэж байгаа.

-Монголбанк бодлогын хүү тогтоож, валютын ханшийг тогтоодог юм байна гэх ойлголттой байдаг. Шинэ хуулийн төслөөр Монголбанкны чиг үүргийг илүү нарийвчлах талаар ямар зүйл заалт тусгагдаж байгаа вэ? 

-Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангах гэж өөрчилсөн.  Одоо байгаа хуулийн хүрээнд төв банкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж томъёолсон байдаг. Тэгэхээр Монголбанкны баримтлах гол зорилго нь инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах. Инфляци нэмэгдэж байна уу, үгүй юу гэдгийн илрэл нь үнийн өсөлт юм. Тийм учраас олон улсын туршлагад ч “Үнийн тогтвортой байдлыг хангах” гэж тусгасан байдаг. Өмнө нь “Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” гэж тусгасан байдаг нь хоёрдмол агуулгатай байна. Нэг талаас үнийн тогтвортой байдал, нөгөө талаас валютын ханшийн тогтвортой байдал гэж ойлгогдоод байдаг. Тийм учраас үүнийг илүү нарийвчилж, тодорхой болгож өгч байгаа юм. 

-Хуулийн төслийн үзэл баримтлал дээр онцолсон нэг зүйл нь “Төв банкны удирдлагыг томилох, чөлөөлөх үндэслэл, ЗГ-тай харьцахад үүсч болох зөрчилдөөний шийдэл” гэх ангиллаар үнэлгээ буурсан байна гэж байгаа. Энэ яагаад вэ гэдгийг тайлбарлана уу?

-Өргөн барьсан хуулийн төслийн бас нэг үндсэн зохицуулалт нь энэ л дээ. Төв банкны удирдлага, үйл ажиллагаа, засаглал нь олон улсын түвшинд тавигддаг нөхцөл, шаардлагыг хангасан байх ёстой гэх агуулгаар явж байгаа. Хуулийн төслийн дагуу Төв банк удирдах зөвлөлтэй байна. Удирдах зөвлөл олон улсын жишгийн дагуу хамтын удирдлагын зарчим дээр шийдвэр гаргана. Гэхдээ удирдах зөвлөл нь мөнгөний бодлогын зөвлөлийн хуулиар харьяалуулж өгсөн хэлэлцэх асуудлаас бусад асуудлаар шийдвэр гаргах юм. Ингэж зааг, ялгааг нь тогтоож өгч байгаа. Өмнө нь явж байсан практикийг харахад Монголбанкны Ерөнхийлөгч буюу нэг субъектээс хамааралтайгаар шийдвэрүүд гарч явсан юм билээ. Тэгэхээр шинэ хуулийн төслөөр бодлогын томоохон шийдвэрүүдийг Мөнгөний бодлогын зөвлөл гаргана. Дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад шийдвэрүүдийг Монголбанкны удирдах зөвлөлөөр шийдвэрлэх юм. 

-Шинэ хуулийн төслөөр Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглохоор тусгасан байна. Ийм зохицуулалт хийж өгснөөр ямар давуу тал бий болно гэж харж байгаа вэ?

-Монголбанк Засгийн газраас санхүүжүүлэх ёстой аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс болж, үндсэн үйл ажиллагаа нь доголддог, цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлдөг өмнөх практик байсан. Тэгэхээр үүнийг одоо оруулж ирж байгаа хуулийн төслөөр нэлээд хязгаарлаж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, Монголбанк Засгийн газраас хараат бус байна гэдгийг онолын хувьд хязгаарлаж өгсөн. Энэ чиглэлээр үүрэг даалгавар, зөвлөмж өгөх үйл ажиллагааг бүрэн хязгаарласан. Төв банк Засгийн газартай хоёр л чиглэлээр харилцана. Нэгдүгээрт, Засгийн газар төсвийн улирлын шинж чанартай зөрүү гарвал Монголбанкнаас санхүүжилт өгч болно. Хоёрдугаарт, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээний хүрээнд Засгийн газрын бонд, үнэт цаасыг худалдаж авна гэж байгаа. Үүнээс бусад чиглэлээр буюу Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа нийгмийн шинж чанартай аливаа төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг тусгаж өгсөн.

-Нэлээд томоохон өөрчлөлтүүдийг агуулсан хуулийн төсөл болсон гэж ойлгогдож байна. Гэвч энэ хуулийн төслийг УИХ батлах болов уу. Хэрвээ батлахгүй бол ямар сөрөг үр дагавар гарах бол?

-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтраад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл, байдлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Хөтөлбөрийн бас нэг шаардлага нь төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг олон улсын түвшинд нийцүүлэх, төв банкнаас банкуудад тавих хяналт, шалгалтын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх гэж байгаа. Энэ шаардлагуудын улмаас төв банкны хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага урган гарч байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг манай улсын өнөөгийн нөхцөл байдал, олон улсын байгууллагаас тавигдаж байгаа нөхцөл шаардлага, цаашдын өөрчлөлтийн хүрээнд зайлшгүй батлахаас өөр арга байхгүй. УИХ цаг хугацааны хувьд энэ ондоо багтаж батлах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх