Ус-Чандмана эрдэнэ


Дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус эзэлж, үлдсэнийнх нь талаас илүүг Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын мөс цас эзэлдэг. Харин бидний хэрэглэдэг цэвэр ус дэлхийн нийт усны ердөө нэг хувь юм. Дэлхий дахинд жилд 1.8 сая хүн цэвэр усны хомсдолоос болж хорвоог орхидог байна. ДЭМБ-ын судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэг хувьд л ундны ус хүрэлцэх тооцоо гарчээ . Тэгвэл дэлхий нийтийн 2030 он хүртэлх зорилт “Тогтвортой хөгжил-2030”-г НҮБ-ын ерөнхий ассамблейгаас батлахдаа нийт хүн төрөлхтнийг баталгаат ундны усаар хангах зорилт дэвшүүлсэн юм.

Ус чандмана эрдэнэ гэж монголчууд ярьдаг. Энэ нь ус амьдралын эх булаг, юугаар ч орлуулшгүй үнэт зүйл гэсэн агуулгыг илэрхийлдэг. Усны үнэ цэнэ хүн, амьтан, аливаа амьд бие усгүйгээр оршин тогтнож чадахгүй, мөн усыг ямар нэг өөр аргаар гаргаж авч чадахгүйд оршиж байгаа юм. Мөн дэлхий  дээрх бүх усны өчүүхэн бага хэсэг нь цэвэр ус байдаг нь усны үнэ цэнийг илтгэнэ.

Хүн төрөлхтөнд ирээдүйд учрах хамгийн том аюул нь усны хомсдол бөгөөд иймдээ  ч XXI зууныг шар алтны төлөөх бус цэнхэр алтны төлөөх зуун хэмээн нэрлэж байна.  

Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608,000 сая шоо метр жил  бөгөөд үүний   90 хувийг    гадаргуугийн ус, үлдсэнийг бага хэмжээтэйг газрын гүний ус эзэлдэг.  Гол, мөрний  усны нөөцийн 70 гаруй  хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн  уулсын өндөрлөг  хэсэг буюу нутаг  дэвсгэрийн  30 гаруй  хувьд бүрэлддэг.
Энэ нь  өндөр уулын  бүсэд  250 мм -ээс дээш  хур тунадас  буудагтай  холбоотой.   Түүнчлэн Монголын  орны гол, мөрний урсацын ихэнх  хэсэг  нь  гадагш  хил даван  урсдаг онцлогтой бөгөөд үүнээс улбаалан эх оронч бус гол гэх ойлголт ч гарсан. Хангайд гадаргын усны ихэнх байх бөгөөд харьцангуй нөхөн сэлбэгдэх чадвартай гэж үздэг. Харин гүний ус голдуу говь нутгийн хөрсөн доор байх бөгөөд нөхөн  сэлбэгдэх чадвар муутай. Хэрвээ  усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь  буурах, шавхагдах эрсдэлтэй бөгөөд энэ нь цөлжилт, хуурайшилтыг дагуулах аюултай гэж эрдэмтэд үздэг. Тиймээс аль болох гадаргын усаа ашиглах, гүний усаа нүдний цөцгий мэт хайрлах сануулга үргэлж явж, энэ ч хэрээр хангайгаас говь руу зарим голын гольдрилыг өөрчлөн урсгах төсөл яригддаг билээ.

Өмнийн говьд   томоохон уул уурхайн орд газрууд үйл ажиллагагаа явуулж, хэрэгцээгээ гүний усаар хангаж байгаа нь Монгол орны газрын гүний усыг хомсдуулах эрсдэлтэй. Газар доорх усны  ашиглах боломжит  нөөц,  ус  хэрэглээний  хэтийн  төлөвийн  харьцуулсан   судалгааны үр дүнгээр  говийн   бүс  нутаг  дахь  уул  уурхай,  үйлдвэрлэл,  бусад  усны  хэрэгцээг  газрын  доорх усаар  2020 оноос өмнө хангах боломжгүй болох судалгааг  эрдэмтэд 2014 онд танилцуулж байв. Мөн монголчууд  нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг гүний уснаас хангадаг  . Тиймээс газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч , түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд  төрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд  ажиллаж байна.  

ЦЭНГЭГ УСНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ-ОЙ МОД

 Монгол орны үзэсгэлэнт уул нурууд  Хэнтий, Хангай, Хөвсгөлийн ойтой талбай бүхэлдээ дэлхийн цэнгэг усны томоохон нөөц бөгөөд Байгал нуурыг тэтгэгч Сэлэнгэ мөрний усан хагалбарт хамаарна. Байгаль хамгаалах уламжлалт арга ухааныхаа ачаар монголчууд ангаж, цангахын зовлон үзэлгүй өнөөг хүртэл оршин тогтножээ. Гол мөрөн, булаг шандын эх дээрх модыг огтолдоггүй байсан сайхан уламжлал нь өвөг дээдэс маань “Мод дагаж ус, ус дагаж амьдрал” хэмээх зүй тогтлыг мэддэг байсны илрэл. Амьдралын эх булаг болсон усыг хадгалж, түгээхэд ой мод хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг. Усыг цуглуулж, жигд барьж хуваарилах, цаашлаад тунадасны хэмжээг нэмэх зэргээр байгаль дээрх усны горимыг зохицуулдаг шидтэн бол ердөө л ой. Үүнээс гадна хөрсөнд нэвчсэн хур тунадас цэвэрлэгдэж, эргээд цэвэр усаар гол мөрөн, тэнгис далайг тэтгэдэг байна. Хүн төрөлхтний хөгжил дэвшил усыг 100 хувь цэвэршүүлж буй ч байгалийн эргэлтэд орсон шиг чанартай усыг нийлүүлэх яагаад ч боломжгүй юм. Хөрсийг тогтоон барих чадвараараа ой мод юутай ч зүйрлэшгүй агуу хүчтэн. Модод хэдий чинээ цөөрнө төдий чинээ байгалийн усны горим алдагддаг жамтай.  Их хэмжээний хур тунадсыг модны үндэс өөртөө барьснаар үер усны гамшгаас, хөрсний нуралт үүсэхээс сэргийлдэг хамгаалагч.

Тэрчлэн ийн тогтоон барьсан усаа нөөцлөн, гантай, хуурайшилттай үед эргээд хүн зон, байгаль дэлхийгээ цэвэр усаар тэтгэдэг ачтан. Яг энэ үзэгдэл манай улсын говь болон баруун бүсийн гадаргын усыг үүсгэдэг ажээ. Хангайн нурууны өвөр бэл, Монгол Алтай нурууны араас эх аван урсах голууд эдгээр уулын хөндий рүү нийлж олон тооны нуурын сүлжээ бий болгодог. Энэ сүлжээнд Ховд, Завхан голын сав газар, Бөөн цагаан, Орог, Таацын цагаан нуур, Байдраг, Таацын болон Түйн зэрэг гол, Тэс голын сав газар хамаардаг юм байна. Үүнийг Монголын гадагш урсгалгүй усны ай сав гэж нэрлэдэг бөгөөд манай орны ой бүхий газраас эх аван, амьдралыг тэтгэн урссаар байна.  Далайд гарцгүй, Төв Азийн өндөрлөгт орших манай орны ой нь Номхон болон Хойд мөсөн далайн цэнгэг усны эх болдог. Хангайн нуруунаас эх авдаг голууд Орхон, Орхон Сэлэнгэд, Хэнтийн нурууны голууд Байгал далайг тэтгэдэг Туул, Хараа, Ерөө голд цутгана.

Байгал далайн цэнгэг ус Ангар болон Енисей мөрний ай савыг бүрдүүлж, улмаар Хойд мөсөн далайд цутгадаг тогтоцтой. Харин дараагийн хэсэг нь Хэнтийн нурууны Бурхан халдун уулын зүүн сугаас эх авсан Онон гол Балжин, Амгалангийн голтой нийлэн, Ульхан гэх газраар ОХУ руу гардаг. Буйр нуур, Онон, Хэрлэн, Улз, Халхын голууд нийлж Далай нуурт цутган, цааш Хайлан мөрөнгөөр дамжин Номхон далайд цутгах Амар, Хайлангийн ай савыг бүрдүүлдэг байна. Тиймээс Монгол орны ойг дэлхийн усны гурван том ай савын хагалбарыг дагаж бүрэлдсэн гол, мөрний усны нөөцийг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх чадвартай экологийн өндөр ач холбогдолтой, цэвэр усны үйлдвэрлэгч хэмээн үздэг. 

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх