Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

Улс төр Admin Галаа 2017 12 сар 07 408

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна.

УИХ төсвийн алдагдлыг багасгах боломжийг ашиглаагүй, зураг төсөл нь хийгдээгүй обьектод зориулж хөрөнгө оруулалтын зардал тавьсан зэрэг үндэслэлийг иш болгож Ерөнхийлөгч 2018 оны төсвийн хуульд хориг тавьсан гэдгээ мэдэгдсэн.  Хоригийг хүлээж авах эсэх асуудлаар өчигдөр Байнгын хороо хуралдаад дэмжээгүй юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар “125 арга хэмжээний хөрөнгийн зардлыг хэмнэх бололцоотой. Тухайлбал, одоо багийн даргын машиныг шинэчлэх гэж байна. Энийгээ больчих л гэж байгаа юм”  гэж УИХ-ын гишүүдэд хандан хэлсэн.

Түүнчлэн тэрбээр УИХ-ын гишүүдэд 3 тэрбум төгрөг хуваарилсан гэж хардаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд харин өнөөдрийн хуалдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дээрхи 3 тэрбум төгрөгөө сураглана билээ.

Тэрбээр: Хоригт УИХ-ын гишүүдэд 3 тэрбум төгрөг суулгаж өгчээ гэжээ. Миний нэртэй тойрогтоо зарцуулах 3 тэрбум хаана байна вэ. Багийн Засаг даргад 30 сая төгрөгөөр машин авах юм байгаа юм уу. Замбараагүй юм байна гэж хоригт дурджээ.

Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Японоос 850 сая ам.доллар авна гэлээ. Алдагдалгүй төсөв баталж болдоггүй юм уу?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

2018 оны төсөвт УИХ-ын гишүүний гэсэн мөнгө огт байхгүй. УИХ-аар улсын төсвийг батлах явцад 58 тэрбумын хөрөнгө оруулалт нэмэгдүүлсэн. Эхэлчихсэн ажлыг 2018 онд дуусгахын тулд хөрөнгө оруулалтыг нэмсэн.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Төсвөө алдагдалгүй болгочихвол өр буух боломж бүрдэнэ. Сүүлийн 5 жил үргэлжилсэн  бодлогын алдаанаас болж, төсөв алдагдалтай явж ирсэн. Төсвөөс гадуур хэрэгжүүлээд явсан хөтөлбөрийг төсөвт суулгахаар алдагдал өсөж байгаа. Тухайлбал, 2012 онд төсвийн алдагдал ДНБ-ийн 12.9 хувь, 2015 онд 8.1 хувь, 2016 онд 17.5 хувьтай тэнцэж байсан. 2017 онд төсвийн алдагдал 9 гаруй хувьтай гарахаар байгаа. 2018 онд төсвийн алдагдлыг 8 хувьд оруулахаар батлуулсан. Ингэхээр төсвийн алдагдлыг 2017 оныхоос 400 тэрбумаар буулгасан. Олон жил төсөв алдагдалтай явж ирснийг огцом буулгах боломжгүй.

Төсвийн сахилга батыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Төрийн мөнгийг Төрийн сангаас гаргаад арилжааны банкуудад байршуулдаг болсон байна. Төр өөрийнхөө мөнгийг банкинд байршуулчихаад эргүүлээд өндөр хүүтэйгээр авдаг тогтолцоо ужгирсан байна. Энийг засахаар ажиллаж байна.

Өндөр хүүтэй авдаг зээлийг багасгая. Өмнөх өндөр хүүтэй авсан зээл,  үнэт цаасыг бага хүүтэй зээлээр солихоор ажиллаж байна.  Зээлийн хүүгийн зардлыг бууруулахад Сангийн яам онцгойрч ажиллаж байна гэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх