Нээлттэй сонсгол явуулах зохицуулалт тодорхойгүй гэж үзэв

Улс төр Admin Галаа 2017 12 сар 07 358

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо. Санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг танилцуулсан юм. Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 20-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.
 
Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурал батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
 
Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд гишүүдийн саналыг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд нэмж тусган Улсын Их Хурлын даргад танилцуулахаар тогтлоо.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх