Тэр л алмас байсан байх аа


Булган сумын нутаг нь хангайн нуруу, түүний салбар уулс, их хөвч, өндөр сүрлэг асга хад бүхий уул, төрөл бүрийн араатан, ан амьтан, жимс, ургамлаар элбэг учраас хаана нь ямар амьтан хүнд мэдрэгдэхгүйгээр амьдарч байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй биз ээ. Ахмад хүмүүс анчдын хууч сонсч, сэтгэлдээ хадгалагдан ирсэн нэгэн сонирхол татсан амьтны тухай товч өгүүлэхийг хичээв. 

Нэг дэх тохиолдол: 

Булган сумын Тусгалт багийн нутаг Хөх даваа, Хушгат, Хоромсог орчмоор одоогоос 130-аад жилийн өмнө нэгэн үл танигдах амьтан үе үе үзэгдэж хүн амьтныг айлган цочоох болжээ. Нэгэн өглөө малд явсан хүн айж сандарсаар арын ууланд нөгөө муухай амьтан явж байна гээд амьсгаадан гүйж иржээ. Тэгэхэд нь Түмэндэмбэрэл тэргүүтэй 3 эр буу зэвсэг барин гэтэж очтол цохио хадан дээр том хар амьтан буруу хараад сууж байжээ. Сайн гөрөөчин Түмэндэмбэрэл гуай цахиур буугаар буудангуут нөгөө амьтан муухай чарлаад уначихсан гэнэ. Тэр даруйд очиж чадалгүй нэлээд хүлээсний дараа гурван анчин зориг гаргаж очтол сэрвээгээрээ махирдуу, биеэрээ дүүрэн үстэй, өндөр хүн дүрстэй амьтан үхчихсэн байжээ. За, бид буруу хэрэг хийчих шиг боллоо. Олон жил хээр гадаа явсаар зэрлэг болсон хүн ч байж магадгүй. Ямар ч байсан гурван биеэсээ бусад нэг ч хүнд хэлэхгүй гэж тангараглаад асганд булж далдалсан гэнэ лээ. Хожим нь энэ нууц бүдэг бадаг задарч эхлэжээ. Булсан асгыг хэрэв олбол алмасын яс гарах байх шүү.
 

Хоёр дахь тохиолдол:

1910-аад оны үед тус сумын Тамир багийн Дунд ба Их тээлээр хэсэг гөрөөчид хоёр хоног мод үргээн гөрөөлөг хийжээ. Шар булуу,  Санчигийн модыг хэдэн хүн үргээж явтал дундуур нь явсан нэг үргээлэгчийн дуу гаралгүй чимээ тасарсан гэнэ. Үргээлэгчид суурийнхаа хүмүүс дээр ирээд нэлээд удсаны дараа нөгөө үргээлэгч царай нь зэвхийрч нүд нь орой дээрээ гарах дөхөөд юм хэлэх гээд дуу нь гарахгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа “Та нар намайг загнаад яахав. Түргэн харьцгаая. Энэ модонд сарлагийн үхэр шиг биеэрээ дүүрэн хар үстэй, хүн шиг өндөр амьтан  хойт хоёр хөл дээрээ зогсон модны цаагуур наагуур бултганан харайж гүйж байгаад миний хажуугаар хурдалж өнгөрлөө” гээд өөрөө уг амьтныг дууриах гэж оролджээ. Энэ өдрийн гөрөөлгөнд Жамъянгарав, Яндаг, Лувсанчүлтэм нарын сайн анчид явсан гэдэг. 

Гурав дахь тохиолдол:

1970-аад оны үед сумын төвөөс хэдэн хүмүүс анд явж мөн л Их тээлийн модыг үргээжээ. Энэ гөрөөлгөнд сумын бага сургуулийн Л.Элбэг багш хамт явж сууринд сууж, буугаа шийрлээд байж байтал чанх урдаас нь нэгэн хар амьтан хурдалж гэнэ. Овоо хараагаа тааруулахын хооронд хажууд нь нөгөө амьтан ойртоод иржээ. Сайн ажиглавал хоёр хөл дээрээ хол хол үсэрч цовхорсон, биеэрээ битүү үстэй бөгтөр хар амьтан байсан гэдэг. Элбэг багш үнэхээр айж сүрдэн суусан газраасаа босч чадахгүй, харцагнаас нуугдсан болжмор шиг үнс шиг царайтай болчихсон сууж байжээ. 
    
Үргээлэгчид Элбэг багш дээр ирээд юу гарав, юм үзэгдэв үү гэж асуухад нь ганц ч үг хариулаагүй юм гэнэ лээ. Анчид цус харвасан байж магадгүй, хүний аминд орох нь ээ түргэн буцъя гээд багшийг гэрт нь хүргэж өгөөд хэвтүүлсэн юм билээ. Энэ тухайгаа хоёр хоногийн дараа ярьсан бөгөөд түүнээс хойш бараг хэвтэрт байж байгаад хэдхэн жилийн өмнө насан өөд болсон билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх