Оны онцлох тамирчид: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон


2017 он Монголын чөлөөт бөхийн түүхэнд ивээлээ хайрлаж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Пүрэвдоржийн Орхон алтан медаль зүүлээ. Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэх 5 дахь, эмэгтэйчүүдээсээ гуравдахь аварга П.Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул. Энэ сарын 25-нд 24 нас хүрнэ. Сонирхуулахад арванхоёрдугаар сарын 25-нд мөн хүндийн өргөгч М.Анхцэцэг мэндэлсэн байдаг.

Өнгөрсөн жил алдарт К.Ичог ялж дэлхийн бөхийн ертөнцийг доргисон П.Орхон олимпоос хойш улам шаргуу бэлтгэлээ хийсээр энэ жил Босоо аварга хэвээр явна. Тэрбээр УАШТ-ээс эхлээд оролцсон бүх тэмцээндээ тэргүүлсэн бөгөөд энэ жил ердөө хоёрхон удаа ялагдал хүлэсэн байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын төлөө Дэлхийн хошой аварга С.Батцэцэгтэй халз барилдаан хийж эрхээ авсанаар Парисыг зорисон. МЧБХ-ноос санаачлан Халз барилдаан зохион байгуулсан нь дэвшилтэд алхам болсон билээ.

П.Орхон Парисын дэвжээнд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, Шведийн Хенна Йоханссоныг 6:2, Нигерийн Б.Оборудудуг даралтаар цэвэр ялж, Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр /13:0/ ялснаар шигшээ барилдаанд шалгарсан. Аваргын төлөө Украины Юлья Ткачыг 6:3 ялж эх орныхоо Алтан соёмбот далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлж чадсан билээ. Ийнхүү бахдам амжилт гаргаж чадсан түүнд Монгол улсын гавьяат тамирчин цолыг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан билээ.

Нүдээрээ инээмсэглэсэн, адтай сэргэлэн, хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлж чаддаг айлын отгон охин П.Орхоны бахархал бол түүний ээж Б.Пүрэвдулам. Ээжээрээ бахархаж, ээжээсээ маш их итгэл найдвар, урам зориг авдагаа тэрбээр олон удаагийн ярилцлагадаа өгүүлсэн нь бий.
Мөн Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Д.Энхтөр багш нараасаа олон зүйл сурч мэдэн яваадаа үргэлж баярлаж явдагаа илэрхийлсэн. Олон алдартай тамирчид төрүүлэн гаргасан 79 р сургуулийн төгсөгч тэрбээр ШУТИС-ийн оюутан.

Түүний дараагийн зорилго бол сарын дараа болох УАШТ-ээ түрүүлэх. УАШТ-ээ түрүүлж байж Азийн АШТ-ээс эхлээд ДАШТ, Азийн наадамд явах боломж нь бүрдэнэ. Хэтийн зорилго бол мэдээж Токиогийн олимп.

Санасан бүхнээ сэтгэгчлэн бүтээж, Монгол орныхоо нэрийг Дэлхийн тавцанд олон удаа дуурсгаарай П.Орхон

1. УАШТ
2. Красноярскийн ОУТ Алтан медаль
3. Оюутны УАШТ Алтан медаль
4. "Mongolia Open"  Алтан медаль
5. Польшийн ОУТ Алтан медаль
6. Мадридын нээлттэй тэмцээн Алтан медаль
7. ДАШТ-ий сонгон шалгаруулалт С.Батцэцэгийг  ялсан
8. ДАШТ Алтан медаль
9. Армийн ДАШТ Алтан медаль
10. Дэлхийн цомд багаа төлөөлөн 4 барилдаж 4 ялсан Хүрэл медаль

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх