Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 962

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр (2018.01.05) 09 цаг 57 минутад гишүүдийн 51.4 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир даргалав.

2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үед улсын төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орох тул Засгийн газрын санал, дүгнэлт ирүүлээгүйн улмаас түр завсарлсан билээ.

Ажлын хэсгээс хэлэлцэж байгаа асуудал нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл  учраас албан ёсны зөвшөөрөл, санал, дүгнэлт авах шаардлагагүй. Мөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс агаар цэвэршүүлэгч, амны хаалт, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөд 2.8, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөд 6.6 нийт 9.5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан. Энэхүү хөрөнгийн эх үүсвэр байгаа учир төсвийн орлого, зарлагын хэмжээнд өөрчлөлт орохгүй гэсэн тайлбарыг өгөв. Иймд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийн үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат, Н.Амарзаяа, Д.Тэрбишдагва, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжив. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх