Ц.Туваан: Эрх баригчид татвар нэмэхдээ ямар ч тооцоо судалгаа хийгээгүй нэмсэн

Улс төр Admin Галаа 2018 01 сар 05 1597

АН-ын удирдлагууд өнөөдөр "Ардчилалын өргөө”-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан хэлэхдээ  " Өнөөдөр АН-аас татварын нэмэгдэл, эдийн засгийн хүндрэлийн асуудал болон мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдэгдэл хийх болно . Өнгөрсөн сонгуульд оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөр байгаа. Тус нам мөрийн хөтөлбөртөө  шинэ төрлийн татвар гаргаж, мөн одоо байгаа татварыг ямар ч нөхцөлд нэмэгдүүлэхгүй гэсэн амлалт үүрэг авч ард түмэнд танилцуулж байгаад УИХ-д сонгогдсон. Та бүхэн энэ талаар сайн мэднэ. Гэтэл саяхан энэхүү мөрийн хөтөлбөрийнхөө  заалтыг зөрчиж , нийтдээ 9 төрлийн татварыг нэмэхээр УИХ-д оруулж ирлээ. Тэд энэ татварыг нэмэхээр оруулж ирсэн нөхцөлөө ОУВС-ын тавьсан шаардлага хэмээн ийм халхавчаар халхавчилж нэмлээ. Энэ 9 төрлийн  нэмэгдүүлсэн татваруудын нөлөө нь ард түмний амьдралд нэлээн хүндээр тусахаар нөхцөл байдал үүсээд байна.  Манай нам энэ асуудлыг эсэргүүцэж  2018 оны 1-р сарын 3-ны өдрийн АН-ын УИХ дах бүлгийн хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед ард иргэдийн нуруун дээр та бүхний нэмсэн 9 төрлийн татвар чинь маш хүнд нэрмээс болж очиж байна. Ийм учраас энэ татварынхаа нэмэгдэлийг УИХ-ын гишүүдэд сануулж, татварын нэмэгдлийг дахиж эргэн харах шаардлага тавьсан. Өнөөдөр АН УИХ дах бүлгийнхээ шийдвэрийг 100 хувь дэмжиж энэхүү мэдэгдлийг хийж байна. 2011-2012 онд гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ Монгол улсад нийтдээ 11 тэрбум орчим ам доллар орчим байсан. 2014 онд энэ нь 1 тэрбум ам доллараас доош орох хүртэл буурсан.  

Тухайн  үед  эдийн засгийн ийм хүндрэлийн  үед АН энэ янз бүрийн байдлаар татвар нэмэгдүүлэх байдлаар ямар нэгэн ачааг үүрүүлээгүй. Тэр үед бид дотоод зардлаа хэмнэх яамдынхаа сайд дарга нарынхаа зардлыг танах, бусад эх үүсвэрээс  хөрөнгө мөнгө хэмнэх гэсэн арга замаар шийдвэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл бид ямар нэг татвар нэмээгүй. Харамсалтай нь сая эрх баригчид  энэ 7 төрлийн үндсэн татвараасаа татвараа нэмэгдүүлэхдээ тооцоо судалгааг маш муу хийж, татварын өөрчлөлтийг хийлээ. 2017 оны 4-р сарын 1-ээс зэрэгцэн эхлэн хэрэгжсэн иргэдийн хадгаламжийн хүүгээс авах татвар бол бүх хүмүүст тэгш байх зарчимтай байх ёстой. Гэтэл саяын татварын нэмэгдэл нь хүүхдийнхээ мөнгийг хадгаламжинд хадгалаад өсгөж байгаа иргэдийн орлогоос хүртэл татвар авахаар ийм байдлаар хийсэн нь туйлын буруу шийдвэр. Эрх баригчид  мөн автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлж, энэ дотроо ард түмний унаа гэгддэг Приус автомашины онцгой албан татварыг нэмснээр нийт автомашинд ногдох үнэ 5 орчим сая төгрөгөөр нэмэгдэж, энэ нь иргэдийн нуруун дээр хүндрэл учруулж байна.  Сөрөг хүчнийхэн бид  өнгөрсөн хавраас эхлэн бид шат дараатай үүнийг эсэргүүцэж ирсэн. Ард түмэн ч гэсэн шат дараалан янз бүрийн эсэргүүцлийг илэрхийлж, автомашинаа шатаах хүртэл хэмжээнд эсэргүүцсэн боловч төр засаг маань чихнийхээ хажуугаар өнгөрөөлөө. Өнөөдөр энэ 2018 оны 1-р сараас эхлээд эдгээр татварууд дотор орж ирж, шатахууны онцгой албан татвар нэмэгдсэн байдал бол литр шатахуун 50-150 төгрөгөөр нэмэгдэн авто тээвэр ашиглаж худалдаа наймааг эрхэлж явуулдаг том газар нутагтай Монгол улсад байдлыг улам хүндрүүлж байна. Тэгэхээр энэ нь бензиний  суурь үнийн нэмэгдэл болоод явчихаж байна. Нөгөө утгаараа иргэдийн нуруун дээр энэ үнийн өсөлт нь маш том дарамт үүсгэж инфляцийг шууд нэмэгдүүлэх муу үр дагавартай шийдвэр болсон.  Мөн хувь хүний орлогын албан татвар 1-р сарын 1-ээс нэмэгдэж байгаа.

Саяын татварын нэмэгдлээр 1 сая 500 мянган төгрөнөөс дээш орлоготой иргэдээс татвар авахаар болсон. Энэ нь Монголын ард түмний амьдарлыг авч явж байгаа дундаж давхаргын иргэдийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дундаж давхаргын иргэдээс шууд татвар байдлаар ингэж дээрэмдэн  авч байгаа нь туйлын буруу шийдвэр юм.  1 сая 500 мянган төгрөг гэдэг бол ам доллараар 600 орчим доллар гэсэн үг. 600 гаруйхан ам долларын орлого олж буй хүмүүсээ өндөр орлоготой чинээлэг баян хүмүүс гэж үзэж байгаа бол үнэхээр эмэгнэлтэй явдал.  Үнэндээ энэ нь маш бага хэмжээний мөнгө. Нэг үгээр хэлбэл эрх баригчид үлдсэн тэр 90 гаруй хувийг нь дундаас доош ядуу түвшинд байгаа гэдгийг шууд хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж АН үзэж байна. Эрх баригч МАН-хан эдийн засаг оны эцэст өсөж, валютын нөөц нэмэгдсэн хямрал байхгүй болсон мэтээр хэлж ярьж байгаа. Үнэхээр хямрал байхгүй болсон юм бол иргэдийнхээ халаас руу гар дүрж ингэж татвар авч байгаа нь ухаангүй тэнэг  явдал. Тийм учраас эрх баригчид энэ шийдвэрээ эргэн харж уг асуудлыг нэн даруй авч хэлэлцэн цуцлахыг шаардаж байна. Харин үүний эсрэг бид Монгол улсын 300 мянган орчим худалдаа эрхлэгчид ажлын байр эрхлэн татвар төлж буй хувийн хэвшлийнхний өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаа банкны зээлийн хүүг тодорхой түвшинд бууруулах, түүнээс дээш гаргахгүй байх мөн өнөөдөр зээл нэрээр иргэдийн халааснаас маш их хэмжээний мөнгийг хүүлж байгаа энэ  байдлыг эсэргүүцсэн мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийг санаачлаад ажлын хэсэг байгуулан судалгааныхаа шатанд явж байна. Удахгүй бид энэ хуулийн төслийг  УИХ-д өргөн барих болно. Эцэст нь товчхон хэлэхэд манай намын зүгээс эрх баригчид энэхүү нэмэгдүүлсэн татваруудаа эргэн харж шийдвэрээ яаралтай цуцлахыг тэднээс шаардаж байна гэлээ.

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай  "МАН Монгол улсыг удирдаад өнөөдөр 500 гаруй хоног болсон байна. Үүнийг бид "манарсан 500 хоног "гэж үзэж тайлан гаргасан байгаа. Энэ тайлангаас харж байхад эрх баригч МАН өнгөрсөн 27 жилийн турш Монгол оронд арайхийн бий болоод байсан нийгмийн дундаж давхаргын эсрэг хүчтэй дайралт хийсэн байна. Өнөөдөр статистикийн судалгаагаар Монголын нийт ард түмний 900 гаруй хүн ядуу амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Гэтэл эрх баригчид  арайхийн бий болсон дундаж давхаргынхний эсрэг шууд дайрч эхэлсэн нь үүний нотолгоо. Өнөөдөр ч гэсэн энэ 1-р сарын 1-ээс хэрэгжиж байгаа эдгээр татварууд  бол нийт монголчуудыг бүгдийг нь ядуу болгох бодлого явуулж байна гэж үзэж байна. Мөн ямар ч ёс суртхуунгүй МАН-ын хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг дураараа өөрчлөхийг бид хэрхэвч хүлээн  зөвшөөрөхгүй” гэв.       

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгаас асуулт асуув.

Та сая ёс суртхуун гэж ярилаа. Саяхан танай намын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Мурат ёс суртхуунгүй үйлдэл гаргаж сошил ёртөнцөөр бөөн шуугиан дэгдээгээд байгаа. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

АН ёс суртхууныг эрхэмлэдэг нам. Яг өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд бид энэ асуудлыг сайн мэдэхгүй, зөвхөн сошил ёртөнцөөр явж байгаа мэдээлэл гэж үзэж байгаа. Би ойрын хугацаанд  УИХ-ын гишүүн Д.Мураттай уулзана. Өнөөдөр яриад тэр зургууд нь үнэн худлаа нь мэдэгдэхгүй байгаа. Эвлүүлэг ч юм уу бүү мэд сайн мэдэгдэхгүй байна. Бид ойрын хугацаанд түүнтэй уулзаад энэ асуудлаар асууж ярилцаад олон нийтэд мэдээлэл хийнэ гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх