Монгол Улс 3 тэрбум ам.доллар, 20 тн алттайгаар 2018 онтой золгов


Эдийн засагт  оны эхээр ирж буй сайн мэдээ гэвэл хоосрох дээрээ тулаад байсан валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч өссөн тухай  байлаа. Энэ нь үндсэндээ Монгол Улсын импортын хэрэглээг наад зах нь хагас жил гаруй хугацаанд хангах хэмжээний нөөц юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр Чингис бондын хүлээгдэж буй хуваарьт эргэн төлөлтийн 500 сая ам долларыг Гэрэгэ бондоор төлсөн.  Тэгэхээр энэ онд өөр тулгамдсан гадаад төлбөр тооцоо бараг үгүй.  Эдийн засагт энэ хэмжээгээр дарамт хөнгөрч байна.

Энэ сарын дундуур ОУВС-ийн төлөөлөгчид Монголд ирнэ. Тэд хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаас гадна энэ үеэр Монголын Засгийн газрын төлөөлөгчид татварын  асуудлаар нэмэлт яриа хэлцэл өрнүүлнэ гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв тус сангийнхан хэрэгжиж буй хөтөлбөрөө хангалттай хэмээн үзвэл эдийн засагт орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Энэ бүхэн Монголын гадаад валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлнө.   Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа юм.

Төв банкинд хуримтлагдаад байгаа 3 тэрбум ам.долларыг 2016 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм байна. Эдийн засагчдын хэлж байгаагаар валютын нөөц нэмэгдэх  хамгийн наад захын эерэг нөлөөлөл нь төгрөгийн ханш чангарахад чухал нөлөө үзүүлдэг ажээ.

“Алт-2” хөтөлбрийн хүрээнд өнгөрсөн жил  алт тушаалт түүхэн дээд түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл 2017 онд  Монголбанк алт, мөнгө худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханштай нийцүүлснээр нийт худалдан авсан алт 20.0 тоннд хүрчээ. Үүнийг өмнөх 2016 онтой харьцуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт юм байна.  Авдрандаа алттай байна гэдэг валютын нөөц нэмэгдэх бас нэг чухал хүчин зүйл болдог байна.  Монгол банк ойрын жилүүдэд алт худалдан авалтыг 25 тоннд хүргэхээр зорьж буй юм.

Хэрэв Засгийн газар Ханбогдод барихаар төлөвлөж буй зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж чадвал  тэндээс ялгаж авсан алт Монгол Улсад үлдэнэ гэсэн тооцоо байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ ханш өнгөрөгч оны турш дээшээ чигтэй байж үндсэндээ 10 орчим хувь өссөн гэсэн таатай мэдээ байгаа юм.

Монгол Улс нэг үеэ бодвол валютын нөөцөө нэмэгдүүлж, алт тушаалт өссөн, Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа зэрэг нь  Монголын зээлдэх зэрэглэлийг өсгөж, энэ хэрээрээ хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх