“НАСНЫ ХИШИГ”-Т БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ


Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн  жаран тав ба түүнээс дээш насны ахмадууд жилд хоёр удаа “Насны хишиг”-ээ авсан. Засгийн газараас батлан хэрэгжүүлсэн энэ тэтгэмжийг  цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгож байхаар тогтсон байдаг.  Баярын өмнө олгох “Насны хишиг”-ээ авахын тулд ахмадууд өмнө нь бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх шаардлагагүй. Харин энэ жил шинээр болзол хангасан буюу өнгөрсөн оны долдугаар сараас хойш 65 нас хүрч байгаа ахмадын бүртгэл эхэлжээ. Энэ удаагийн бүртгэлд хамрагдаж чадаагүй, эсвэл болзол хангаагүй ахмадууд Үндэсний баяр наадмын өмнө хамрагдах гэнэ.

Бүртгүүлэхдээ тэтгэмж авах тухай өргөдлийн маягтыг харьяа, дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн мэргэжилтнээс авч бөглөнө. Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэйгээ очих аж. Өөрийн биеэр очих боломжгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зургж, он сар өдрийг тэмдэглүүлснээр “Насны хишиг”-т хамрагдах боломжтой. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарт хамт маягт бөглөж өгөх ёстой аж. Энэ онд Халамжийн нэгдсэн сангаас “Насны хишиг”-т 20.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Сар шинээс өмнө олгох хишигийг ахмадууд Хаан банк, Төрийн банк, Капитал банкаар дамжуулан ямар нэгэн зээлийн хүү, үлдэгдэл зэрэгт төлбөр, хураамжгүйгээр авна. Харин өөрийн эзэмшиж байгаа дансаар мөнгө авах бол тухайн банкинд хандан дансаа бүртгүүлж мөнгөө авах боломжтой. Хэрэв хүсвэл “Насны хишиг” авах тусгай данс нээлгэж болох бөгөөд банкууд насны хишиг олгох дансыг үнэ төлбөргүй нээж өгөх юм байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх