Улстөрчдөд зүрх шилжүүлэн суулгая


Тэртээ нэгэн өдөр Английн алдарт физикч Стивен Хокинг физикийн шинжлэх ухааныг энгийн ойлгомжтой үг хэллэгээр тайлбарласан “Цаг хугацааны товч түүх”хэмээх ном худалдаанд гарч өргөн олноороо хошуурч байсан юм. Ерөөс байгалын шинжлэх ухаанд суурилсан аливаа нарийн төвөгтэй шинжлэх ухааныг энгийн логикоор тайлбарлан олон нийтийг ганхахгүй бат суурь мэдлэгтэй болгож төлөвшүүлэх ойлголт чухал бөгөөд боловсролын тулах цэг мэт. Эс тэгвээл эдийн засаг, бизнес, улс төр гэх мэт нийгмийн субьектив салбаруудын логик хандлага хүчээ авч залуус, ихэнх олонхи хүмүүсийг сайн төөрөгдүүлэх юмаа.

Би ч гайхах юм.

Дэлхийн улс орнуудаао сурч, ажиллаж байхад тэндхийн ард түмэнтэй ярилцаж байхад “Би өөрийн генетик тестээ тодорхойлуулсан, 20% нь Монголын ген байсан гээд л” түүгээрээ бахархаж бидний түүхийг ярих нь сайхан л байдаг юм. Харин яриа цаашаа гүнзгийрч Монгол орон одоо ямар нөхцөлтэй байна, эмч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг вэ? Гээд уламжлалт асуултууд асуугаад ирэхээр л нүүр улайж, ганц нэг биш бүхэл бүтэн системээрээ гажигт орж, уруугаа харсан пирамид шиг тогтолцоо үүссэнийг тайлбарлах гээд ч чадахгүй юм, тэд нар ч ойлгохгүй байхлдаа. Тэгэхээр эхнээсээ монголын талаар ярилцмааргүй санагдах ч их хаад, төрсөн унтаг, өвөг дээдэс, их заяа төөргөө бодоод л дахиад л ярилцаж эхлэнэ, дор хаяж л асуулт хариулт гээд 60-минутын ярилцлага үүснэ. Яагаад эмч нарын сарын цалин нь хоёр зуун тавин доллар байдаг юм, яагаад Анагаахын сургууль болон резидэнтийн сургалт төгссөн мэргэжилтнүүд нь чанаргүй байдаг юм, яагаад гуравхан сая хүнтэй улсад 10-н анагаахын сургууль жил бүр 1000-орчим элсэгчид авдаг юм? Яагаад нэг өвчнийг нэг л  эмнэлэгт төв нэрээр  эмчилдэг эмнэлэгийн  систем үүсгэсэн юм? Яагаад эрүүл мэнддээ дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ ийм бага хувийг зарцуулдаг юм? Яагаад эрүүл мэндийн даатгалийн системийн үйлчилгээ нь одоог хүртэл хангалттай үйлчилгээ үзүүлдэггүй юм гээд л асуулт бүхэн урсаж гарна шүүдээ? Одоо яалтай билээ? АНУ-д Их сургуулийн эмнэлэгт тодорхой хугацаанд суралцсан учраас сургалтын төгсгөлд нь суралцсан зүйлээ болон Монголын эрүүл мэндийн салбарын тухай багаахан хугацаанд илтгэл тавих үүрэгтэй болохоор ерөнхийд нь дурдаад л өнгөрөхөөс ... Харин тэд энэ эрүүл мэндийн салбараас гадна яагаад хүн амынх нь тал  хувь нь Улаанбаатар хотод хөрс, агаарын бохирдол болон замын түгжрэл дунд амьдардаг болох? Монголд авилга хэрхэн тархсан, банкны зээлийн хүү нь хэд болох, бүс нутаг доторхи нутгархаг үзэл талцал хуваагдал, бүтээлч бус байдал гээд олон зүйлийг  BBC г.мэт дэлхийн хэвлэл мэдээллийн сувгуудаар дамжуулаад олоод авчихна шүүдээ. Би энд яаж ч хамтран ажиллъя, манайх бол үнэхээр сайхан орон гээд хэрэг алга. Өнгөрсөн жил гэхэд л тус мэдээний суваг манай улсын талаар 30-орчим мэдээлэл бэлтгэсэн байсан.

Улс төр хэдийгээр өөрийн гэсэн бүтэц бүрэлдхүүнтэй шинжлэх ухаан ч гэсэн  яг тухайн процессуудын үйл ажиллагаа (цочмог, цочмогдуу, архаг), явц (хурдан, удаан), үе шатнууд  дээр тун маруухан судлагдсан байх юм. Тийм ч учраас улстөрчид нь Онош: Монголын эдийн засаг сэхээнд байна г.мэтээр зөвхөн тойм хэлбэрээр ярьдаг нь анзаарагдсан. Хэрвээ онош тавьж байгаа бол Үндсэн онош, дагалдах онош, хавсарсан өвчин, Хүндрэл гээд бүхэллэг байдлаар нь тавиад нэг мөсөн сайн эмчилчихмээр л байна. Даанч Монгол улсад маань ийм эрдэм чадалтай нь эрх мэдэлгүй, эрх мэдэлтэй нь эрдэм чадалгүй, эрдэм чадалтай болон эрх мэдэлтэй ч сэтгэл зүрх байхгүй, эсвэл ерөөс дээрхи бүгд байхгүй мэт... Сэхээн амьдруулах тасагт өвчтөн хэвтэн эмчлүүлэх заалт бүхий зуу гаран (100) өвчнүүд байдаг ба хүний биеийн 10-н эрхтэн системийн дутагдлаар дээрхи хүнд эмнэлзүйн нөхцөл байдалд орж эрчимтэй эмчилгээ шаарддаг бөгөөд цааш нь нарийвчлан задалвал ангилал тус бүрээр тоо хэмжээ нь ихсэнэ. Эмийн эмчилгээ, тусгай аппаратын эмчилгээнүүдээр эмч сувилагчын цаг тутмын байнгын хяналтан дор л сэхээний заалтнаас нь гартал эмчилгээ хийж энгийн тасагруу шилжүүлдэг маш их ажиллагаа шаарддаг ажил шүүдээ. Хэрвээ та бүхэн анзаарсан бол туршлагтай сайн эмч, сувилагч нарын харц нь, төрх үйлдэл нь яг л Шерлек холмс шиг детиктев төрхтэй, зан байдал сэтгэл хөдлөл нь КГБ-н тагнуулч шиг л байдаг юм. Гэтэл одоогийн туршлагтай гэсэн улс төрч 40, 50, 60 насныхны хувьд бол тийм зүйл үл ажиглагдана. Заримдаа ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай л хэвлэлд тодорхой ярилцлагууд өгч байгаа харагдах юм. Түүнийг улстөрч, эдийн засагч бус “Орчлонгийн хүрд” хэмээх зохиосон ганцхан номоор нь л үнэлбэл бид үгийг нь сонсож болох ёстой ч юмшиг, хүн бүр өргөн сэдвүүдийг хамарсан ийм ном бичээд байдаггүйг мэдэх юм.

Хэрвээ шинжлэх ухаан нь шинжлэх ухаанаасаа арга зүйн хувьд суралцаж болдог бол, зарим нэг системийг нь интеграци хийж болдог бол молекул генетикийн түвшнээс эхлэн эрхтэн шилжүүлэн суулгах, нас барсны дараах задлан шинжилгээ, г.мэт асар том сэдвүүдийг өөртөө багтаасан энэ анагаах ухаан, түүний арга зүйгээс нь бусад салбарууд, эсвэл мэргэжилтнүүд судлан ойлгомоор юм. Уул нь Леонардо да винчийн олон салбар дахь амжилтын нууц нь энэ л байсан юм.

Хууль зүйн яаманд харъяалагдах олон ажлын албадуудын ажлыг (Цагдаа, өмгөөлөгч, прокурор, шүүх, харгалзалгч , шинжээч мэргэжилтэн ) нэг л эмч оюун ухаандаа хийж байдаг гэхээр үнэхээр л их таван ухааны нэг ажээ. Энэ мэтчилэн Анагаах ухааны нэгэн салбар болох физиологийн шинжлэх ухаанд л гэхэд одоогоор үйл ажиллагаа явуулж буй 15-н яамдыг хангалттай харьцуулан ойлгож болохоор тийм өргөн интеграцчлал байдаг юм. Буддын шашинд бичигдсэн их таван ухааны эзэмшихэд хамгийн их хугацаа шаарддаг Тэжээхүйн (анагаах) ухаанд нэвтэрсэн хүмүүсийг төрийн аливаа ажилд квотоор эсвэл төлөвлөгөөтэйгээр оролцуулдаг байх мэтийн зохицуулалтыг хурдан хиймээр байна. Тэд аанай л ерөнхийд нь бясалган бодож төрийн их хэргийг түвшин амгалан авч явж чадна. Хамгийн ойрын бүтээлч бодитой жишээ л гэхэд Польшийн эмч Збигнев Релига юм. Надад хэдийгээр эдийн засаг, улс төрийн салбар өөр мэргэжилийнх боловч өөрийн хичээл зүтгэлээрээ суурь номуудыг нь уншиж бага зэргийн системтэй мэдлэг авсан хэдий ч одоо бичиж буй энэ хэсгийг цэвэр өөрийн салбарын үүднээс бичмээр санагдсан юм.

Одоо бүгдээрээ буцаад өмнөх сэдэврүүгээ оръё:                                                                                                                        МУ-н эдийн засаг яагаад сэхээнд орчихвоо? Би өвчтнийг сэхээн амьдруулах нөхцөлд оруулж чадах тэр олон өвчнөөс зүрхний хэм алдагдал хэмээх нэг л өвчин, Зүрх судасны тогтолцоо хэмээх нэг л эрхтэн тогтолцоог нь ашиглах гэж хичээе. Зүрхний хэм алдагдлал нь Зүрхний хэмнэл хурдсах болон удаашрах гэсэн үндсэн 2-ангилалтай байдаг бөгөөд аль аль нь зүрхний шалтгаант гэнэтийн үхэл болон зүрхний дутагдалд хүргэх чадвартай. Тодруулбар зүрхний хэм түргэсэх нь дотроо зүрхний бүтцийн байрлалын хувьд ховдлын дээд тосгуурын гаралтай ( supraventricular tachycardia зүрхний гэнэтийн нас баралтанд хүргэх нь бага боловч ховдлын гаралтай хэм алдагдалд шилжих боломжтой, энгийн үгээр тайлбарлавал яг л манай залуу улстөрчид лугаа адил,  энэ хэм алдагдлын эмгэг жам нь reentry буюу эсийг сэрээх сэрэл нь нэгээс  нөгөө эсрүү нэгэн зэрэг нэгэн зүгт тогтвортой дамжих ёстой атал хэсэг хэсгийн  хяналтаас гарч ийш тийшээ үсчин цовхчиж хэм алдагдлыг үүсгэнэ. Яг л манай поп улчтөрчид шиг шүүдээ ), ховдлын гаралтай хэмээх ангилалд ( Ventricular tachycardia учир мэдэх ахмад улстөрч хүмүүс мэдсээр байж ойлгомжгүй үйлдлүүд хийгээд байх нь шууд л зүрхний шалтгаант гэнэтийн үхэл мэт улс орны нөхцөл байдлыг самууруулдаг), хэм удаашрах нь дотроо зүрхний дамжуулалт удаашрах ( AV block зүрхний 4-н дамжлагат дамжуулах тогтолцооны аль ч  хэсэгт саатал үүсч болдог эмгэг, харин энгийн жишээн дээр бичихэд бол: О.Баасанхүү гишүүн Н.Энхбаяр даргаас холбоо тасарсан шиг, мөн аливаа бялуу хуваалтын дараа үүсдэг гологсод, гомдогсод, гологдогсдын арми шиг л, эсвэл улстөрийн тойрон хүрээлэгчид нь тухайн улстөрчийг вакуумжуулах М.Энхболд, Н.Алтанхуягын бодит жишээ г.мэт... ) аль аль нь эмгэнэлт байдалд хүргэдэг. Эмч хүний нүдээр бол энэ улс төрд болж буй явдлууд нүдэн дээр дараагийн үйлдлүүд нь зарим нь илт харагдаж бараг хүндрээгүй байхад нь улстөрч болгоныг эмчлээд өгчмөөр санагдах юм. Уул нь эдгээр эмгэгүүдийг 4-н өөр ангилал бүхий хэм алдагдлын эмийн эмчилгээ, цахилгаанаар цохиулах шок эмчилгээ (улстөрийн хүрээнд хэрэг хийсэн нь батлагдсан хүмүүсээ шоронд хориод л байгаа юмшиг, даанч тэдгээр хүмүүс нь нэг бол суллагдчихаад, нэг бол гарч ирээд өшөө аваад байхын.. гэхдээ зүрхний хэм алдагдлын эмчилгээны энэхүү хувилбар нь ч үр дүн багатай бөгөөд дахилт ихтэй байдаг юм), пейсмейкэр суулгах( сэрэл очихгүй байгаа газар нь сэрэл дамжуулах утас суурилуулан автоматаар 60-80 хүртэл зүрхийг агшаадаг хиймэл аппарат суулгадаг арга, Монголчууд уул нь 3-н үеийн хүмүүсийн залгамж холбоонд л энэ цагийн хэлхээнд л аж төрдөг хүмүүс, хэн нэгэн холбоо тасраад байвал түргэн мэдэж асуудлыг эрт зохицуулж чадах цөлх ухаант түмэн юмсан. Харин сүүлийн үед л ийм бүлэглэл улстөрийн хүрээнд ихээр үүсч улс орныг харин ч нэг самарч байна.  ), түлэх г.мэтээр олон аргаар эмчилдэг юм. Түүхэнд тодорсон ямар ч хүчирхэг гүрэн 3-н үе дамжаад сулран доройтдог нь одоогийн гэр бүлийн компанийн засаглалд давтагдаж буйтай адил шалтгаант олон арван шалтгаанаар Монгол хүний дундаж нас маш бага буюу дөнгөж 68-орчим  байдаг, энэ хугацаанд хүний зүрх 2 501 856 000 орчим л цохилоод зогсдог гэсэн үг. Сонирхолтой жишээ авахад бидний энэ их гаднаас босгож буй бонд, өрнүүд, түүнийгээ эргэн төлж буй байдал болох дахин дахин бонд босгож буй г.мэт нь зүгээр л өөрсдийн цохилох зүрхний тоогоо зээлээр урагшлуулж аван амьдарч байгаа мэт. Нэг л болохгүй санагдах юм. Тэгэж байгаад хугацаанаасаа өмнө зүрх зогсоно доо?

Хэдийгээр хэм алдагдлаас болж зүрхний дутагдалд орсон ч түүнийг механикаар эмчилдэг олон аргуудыг эрдэмтэд зохиогоод, хүний амьдралыг эрсдэлт яаралтай мөч болон 2,4,6-н жилээр механик аппаратын тусламжтай уртасгаад  л явж байна. Тэдгээрийн жишээ нь амьсгал зүрхийг орлуулагч машин, ховдол дэмжигч багаж г.мэт дэндүү гайхалтай технологиуудыг гадаад улсуудад аль хэдийн ашиглаад эхэлчихсэн, хүн амын эрүүл мэндийн үйлчилгээнд ажиллууллаад эхэлчихсэн шүүдээ. Би өдөр бүр л нүдээр үзэж гайхан биширч байна. Хэдийгээр зарим нэг эрсдэл байдаг ч гэсэн үүнтэй адилаар банкны хүү, хувийн хэвшилийг дэмжих, татвар бууруулах, инновацийг дэмжих зэрэг механик арга хэмжээнүүдийг хурдан чанартай гүйцэтгэмээр юм. Тэгээд ингээд болохгүй бол одоо харин жинхнээсээ эмчилгээний сүүлийн арга болох  “Улстөрчдөд Зүрх шилжүүлэн суулгая”,гэхдээ улс орноо гэсэн сэтгэлтэй, өргөн түмнээ гэсэн хандлагтай, өндөр ёс суртхуунтай,  эзэн богдын төр засах ухаанд суурилсан, шуналгүй, эх оронч г.мэт сайхан зүрхийг тэдэнд шилжүүлж суулгая. Х.Баттулгад Чингис хааны зүрхийг, Ц.Элбэгдоржид М.Л.Кингийн, Н.Энхбаярт А.Линкольн, У.Хүрэлсүхэд Д.Сүхбаатарын, АН-н дарга С.Эрдэнэд Бурхан багшийн, МАХН-н шинэхэн дарга О.Баасанхүү-д Есүс христийн, З.Энхболдод М.Гандигийн  зүрхийг шилжүүлэн суулгая. Хэдийгээр хүн төрөлхтөн 1968-онд анх хүний зүрхийг шилжүүлэн суулгасан боловч  Монгол улсад 50-н жилийн дараа ч энэ хагалгаа хөгжөөгүй байгаа үед дээрхи үзэл санаа хэтэрхий утопи санагдаж магадгүй ч  Анагаах ухааны хувьд Монгол улсад “Донорын тухай хууль” энэ онд батлагдан, эрхтэн шилжүүлэн суулгах арвин туршлага бүхий Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Зүрхний мэс заслын төв болох Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нар хамтарч ажиллавал 2018-ондоо л Хүнд Зүрх шилжүүлэн суулгах  мэс заслыг хийж үхлээ хүлээж буй эрдэнэт хүмүүний амьдралыг 10-25 жилээр уртасгах асар их бололцоо байна.

Тархи шилжүүлэн суулгах асуудал дэлхий нийт одоо хүртэл туршилтын үе шатандаа явж буй болохоор энэ сэдвээр оролдсонгүй, гэхдээ манай удирдлагад буй улстөрчдийн тархи нь бол маш сайн ажилладаг гэж боддог. Тэдний боловсрол нь сайн боловч зүрх сэтгэлгүй юмчинь. Одоохондоо Зүрхийг нь л шилжүүлж суулгая. Бодит Зүрх шилжүүлэн суулгасан өвчтнүүдэд  багахан хувьд ч гэсэн урт хугацаандаа тэдний хайрлах дурлах, болон бусад мэдрэмжүүд өөрчлөгдсөн гэж яригддаг харилцан яриа байдгийг би мэднэ. Зүрх шилжүүлэн суулгах заалтын хамгийн чухал хэсгүүдийн нэг нь EF-20% буюу зүрхний шахалтын үзүүлэлт нь 50% байхаас дээрхи хэмжээнд хүртэл буусан үзүүэлт байдаг юм.  Одоогийн улстөрчдөд тэдний зүрхийг нь шилжүүлэн суулгах заалт аль хэдийн бүрдсэн, улстөрчдийн улс эх орноо гэсэн сэтгэлд нь шалгуур бүхий заалт үүсгэж хамтдаа шинэ цензур тогтооё. Тэдэнд энэ заалтыг нь өглөө бүр сануулж, шахалт үзүүлж, шаардлага тавьж Улстөрчийн хувьд эх орныхоо төлөөх гэсэн “Зүрх сэтгэлэээ оношлуул” хэмээх шинэ давалгааг өрнүүлцгээе.

Мэдээж зүрх шилжүүлэн суулгуулсны дараа (бүх эрхтэнд хамаатай) эдийн ховхрол, дархлаа дарангуйлах эмчилгээ, халдвар, хавдар гээд олон асуудлууд байдаг ч энэ бүхнийг шинжлэх ухаанд нь даатгаад үлдээье. Одоо хэлэлцэхэд арай эрт байна.

Бичсэн: Хүний их эмч Э.Баттөр \ nwabattur2012@gmail.com\

2018.01.07

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх