Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Эмэгтэйчүүдийн улсын аваргын түүх


Эмэгтэй чөлөөт бөхийг 1990-ээд сүүл үеээс, шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсанзундуйн Ням суурийг нь тавьж, хөгжүүлсэн. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн анхдугаар УАШТ-ийг түүний үүсгэн байгуулсан “Мөнхжин” клубийн нэрэмжит болгон 1999 оны гуравдугаар сарын 12-14-нд зохион байгуулж байв. УАШТ-ий анхны аваргаар 40 кг-ын М.Бумцолмон (Мөнхжин), 44 кг-д Ц.Отгончимэг (Чингэлтэй дүүрэг), 47 кг-д Ж.Гантуяа (Мөнхжин), 50 кг-д М.Батдэлгэр (Мөнхжин), 53 кг-д С.Бадамцэцэг (Хангай), 57 кг-д Л.Отгонцэцэг (Хангай), 61 кг-д С.Булгантамир (Хангай), 65 кг-д Д.Батцэцэг (Бөхийн дээд сургууль), 70 кг-д О.Мягмарсүрэн (НИК), 75 кг-д Д.Номинчулуун (ХОТШ) тодорсон.

Үүнээс хойш эмэгтэй бөхчүүд 17 жил дараалан шилдгүүдээ тодруулжээ. Бүсгүйчүүдээс нийт 45 тамирчин улсын аваргын алдрыг хүртсэн бөгөөд гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ Б.Одончимэг нар хамгийн олон удаа буюу 10 удаа түрүүлжээ. Харин Азийн анхны аварга эмэгтэй тамирчин ОУХМ Н.Отгонжаргал найм, гавьяат тамирчин О.Бурмаа, Д.Отгонцэцэг долоо, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ О.Мягмарсүрэн зургаа, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Д.Баасанжаргал тус бүр тав, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг дөрвөн удаа улсын аваргыг алдрыг хүртэж байв. Хоёр болон гурван удаа түрүүлсэн бөх тус бүр долоо, нэг удаа аваргалсан 21 тамирчин бий.


Эмэгтэй бөхчүүдээс эгч дүү бөхчүүд улсын аварга болсон тохиолдол ганцхан байдаг нь Очирбатын Мягмарсүрэн, Насанбурмаа нар юм. Тэд тус бүр зургаан удаа улсын аварга болж байв. Сонирхуулахад, 2005 оны УАШТ-д О.Мягмарсүрэн 67 кг-д сүүлийн түрүүгээ авч байсан бол дүү О.Насанбурмаа 16 настайдаа доод жинд анхны алтан медалиа хүртсэн. О.Насанбурмаагийн хамгийн залуудаа түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх. Эрэгтэйчүүдийн улсын аваргаар зургаан удаа тодорсон Азийн АШТ-д гурван удаа финалдсан ОУХМ Чагнаадоржийн Ганзориг дүү охин Ч.Нарангаравтайгаа хамт 2008 оны МБАТС-аар аварга болж байв. ОУХМ Найдангийн Отгонжаргал найман удаа улсын аварга болохдоо долоод нь (2002-2008) завсаргүй түрүүлжээ. 
2011 онд УАШТ-ийг “Монголиа Опен”-той хамтатган зохион байгуулсан бөгөөд манайхаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар аваргалж, үлдсэн жинд гадныханд түрүүгээ алдсан юм. Тухайн жил дэлхийн эмэгтэй бөхийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа олимп, дэлнхийн аварга Хелен Марулис, Наталья Воробьева, дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей нар Улаанбаатарын дэвжээнд өнгөлж байв.

ГУРАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮРҮҮЛСЭН ЭМЭГТЭЙ БӨХЧҮҮД:
1. Цогтбазарын Энхжаргал - 10 удаа (2001, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2010, 2011, 2012, 2013 он) 
2. Бадрахын Одончимэг - 10 удаа (2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014, 2016, 2017 он)
3. Найдангийн Отгонжаргал - найман удаа (2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2010 он)
4. Очирбатын Бурмаа - долоон удаа (2003, 2005, 2006, 2009, 2010, 2012, 2014 он)
5. Даваасүхийн Отгонцэцэг - долоон удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2015, 2017 он) 
6. Очирбатын Мягмарсүрэн - зургаан удаа (1999, 2000, 2002, 2003, 2004, 2005 он)
7. Очирбатын Насанбурмаа - зургаан удаа (2005, 2008, 2010, 2011, 2013, 2015 он) 
8. Соронзонболдын Батцэцэг - таван удаа (2009, 2010, 2012, 2013, 2016 он)
9. Дашдаваагийн Баасанжаргал - таван удаа (2003, 2004, 2005, 2006, 2009 он) 
10. Гилэгжамцын Наранчимэг - дөрвөн удаа (2006, 2007, 2008, 2015 он)
11. Дашжанчивын Батцэцэг - гурван удаа (1999, 2001, 2002 он)
12. Доржийн Нармандах - гурван удаа (2005, 2006, 2007 он) 
13. Шархүүгийн Түмэнцэцэг - гурван удаа (2009, 2016, 2017 он)
14. Сүхээгийн Цэрэнчимэд - гурван удаа (2013, 2014, 2017 он)
15. Эрхэмбаярын Даваачимэг - гурван удаа (2013, 2014, 2017 он)
16. Эрдэнэсүхийн Нарангэрэл - гурван удаа (2014, 2015, 2017 он)
17. Баатаржавын Шоовдор - гурван удаа (2014, 2015, 2017 он)

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх