Д,Хаянхярваа: Элчин сайдуудыг хурдан томилохыг Ерөнхийлөгчөөс хүсэж байна

Улс төр Admin Галаа 2018 01 сар 08 991

Монгол Улсаас гадаадын зарим улсад суух Элчин сайдын томилгоо Ерөнхийлөгчийн мэдэлд очоод гацаад буй. Тодруулбал, УИХ-аас Элчин сайд нарыг томилохыг өнгөрсөн тавдугаар сарын чуулганы хуралдаанаар дэмжсэн ч Ерөнхийлөгч одоо хүртэл итгэмжлэх жуух бичгээ гаргаагүй байгаа юм. 

Энэ асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад "АНУ, Канад, Япон зэрэг дэлхийн тэргүүлэгч зэргийн хөгжилтэй гурван улсад Элчин сайдаа томилох асуудлыг өмнөх Ерөнхийлөгчийн үед шийдэгдсэн.

Японы Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилж ажиллуулна гээд тус улсын зүгээс зөвшөөрчихсөн. Харин манай Ерөнхийлөгчөөс авах Итгэмжлэх жуух бичгийг хүлээж байсан. Гэтэл тав зургаан сарын дараа Ерөнхийлөгч шаардлага хангахгүй хүмүүс гээд томилгоог хойшлуулаад байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Түүнийг нь албан бичгээр үгүйсгэж огт болохгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч зарлигаараа л хүчингүй болгодог юм уу гэхээс Засгийн газар, УИХ-ын хоёрын дунд албан бичиг шидчихээд суугаад байдаг ажил биш юм. Энэ асуудалд Ерөнхийлөгчийг тодорхой анхаарал хандуулж, энэ гурван Элчин сайдыг томилох байх гэж найдаж байна" гэлээ. 

Сануулахад, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн байдаг. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх