Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн УАШТ-ий түүх


Чөлөөт бөхийн насанд Улсын аварга шалгаруулах тэмцээн хэдхэн хоногийн дараа Орхон аймагт зохион байгуулагдах гэж байна. Орхончууд хамгийн сүүлд 2003 онд УАШТ-ийг нутагтаа зохион байгуулсан бол 15 жилийн дараа дахин шилдгүүдийг хүлээж авахаар болоод байгаа юм. Монголын бүх ард түмний II спартакиадаар буюу 1963 онд чөлөөт бөхийн хөтөлбөр анх багтжээ. Тус наадмын 52 кг-д Ж.Улаан (Замчин), 57 кг-д С.Даваадорж, 63 кг-д Б.Сүхбаатар, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Зундуй, 87 кг-д Х.Бат-Очир нар түрүүлж байв. Харин 1965 онд анхны УАШТ-ээ зохион байгуулж, 52 кг-д Ч.Дамдиншарав (БТДС), 57 кг-д Б.Сүхбаатар (БТДС), 63 кг-д Х.Намшир (МУИС), 70 кг-д Д.Сэрээтэр (Соёл), 78 кг-д Т.Зундуй (Барилгачин), 87 кг-д Х.Баянмөнх (УБДС), 97 кг-д Ц.Санжаа (Алдар) нар тодорч Монголын чөлөөт бөхийн нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхтэй.
50 гаруй жилийн (МБАТС-ыг оруулаад) хугацаанд давхардсан тоогоор 165 тамирчин Монгол Улсын аварга болжээ. “Мюнхен-1972” олимпийн наадмын мөнгөн медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, XX зууны бөхийн од Х.Баянмөнх хамгийн олон буюу 13 удаа Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилт нь баттай биш бөгөөд самбо, чөлөөт бөхөөр нийлээд 13 түрүүлсэн байх магадлалтай. Харин олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин алдарт бөх Д.Оюунболд 1976-1990 оны хооронд гурван өөр жинд 12 түрүүлсэн дээд амжилт. “Мөнгөн үе”-ийн хүнд жингийн том төлөөлөл, гавьяат тамирчин А.Баатархүү 10, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох, сүүлийн үеийн хүнд жингийн шилдэг бөх ОУХМ Ж.Чулуунбат нар ес, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, гавьяат тамирчин, ардын багш Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Б.Гантогтох, ОУХМ Т.Зүүнбаян нар тус бүр долоон удаа улсын аварга болж байв. Харин 14 бөх зургаа, 11 бөх тав, 10 бөх дөрөв, 18 бөх гурав, 32 бөх хоёр, 72 бөх нэг удаа түрүүлжээ. 
Улсын аварга болсон аав хүү, ах дүү, ихэр бөхчүүд чамгүй олон бий. XX зууны домогт аварга Х.Баянмөнх, өөрийн хүү Б.Гантогтохтойгоо хамт улсын аваргын 20 алтан медалийг гэрийнхээ хоймортоо залсан. Тэдний энэхүү амжилтыг эвдэхэд тун бэрх. Түүнчлэн спортын мастер Р.Давааням, хүү ОУХМ Д.Лхагвадорж, спортын мастер Ж.Баттуяа, хүү ОУХМ Б.Батчулуунтайгаа хамт улсын аварга болсон байдаг. 
Түүнчлэн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов (7), дүү гавьяат тамирчин, дасгалжуулагч З.Дүвчин (6)-тэйгээ 13, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар (5), дүү ОУХМ Т.Зүүнбаян (7)-тайгаа 12, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр (3), дүү ОУХМ Ц.Энхбаяр (2), гавьяат тамирчин Ц.Цогтбаяр (6)-тайгаа 11, гавьяат тамирчин Б.Болд (3), түүний дүү гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр (3) нар хамтдаа зургаа, ихэр бөхчүүдээс гавьяат тамирчин Ло.Эрхбаяр (2), Ло.Энхбаяр (6), ОУХМ Д.Гомбодорж (6), Д.Түгждорж (2) нар хамтдаа тус бүр найм, гавьяат тамирчин А.Энхээ (4), ОУХМ А.Тайван (1) нар хамтдаа таван удаа улсын аварга болжээ. Олимп, тив, дэлхийн өндөр амжилт үзүүлсэн ч УАШТ-д халгаатай оролцдог “луугарууд” цөөнгүй бий. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдорж, Б.Наранбаатар, “Тегеран-1973” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин О.Энхтайван хоёр, “Софи-1971” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Жамсран, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Лу.Энхбаяр, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2001 оны Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тус бүр нэг удаа аваргалсан байдаг. “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хараахан түрүүлж амжаагүй яваа.
УАШТ-д хамгийн ахмад аваргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх (38 нас), хамгийн залуу аваргаар ОУХМ Д.Гомбодорж (18 нас) нар тодорч байв. 
Насанд хүрэгчдийн УАШТ 2011 онд “Монголиа Опен” ОУТ-тэй хамтатган нээлттэй хэлбэрээр зохион байгуулахад ганцхан 84 кг-ын жинд гадны бөхөд (олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов) түрүүгээ алдсан юм. 
Энэ жилийн УАШТ-д хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаа зургаа дахь тохиолдол. 1974 онд Баянхонгор, 1976 онд Завхан, 1989 онд Баянхонгор, 2003 онд Эрдэнэт, 2010 онд Дархан-Уул аймагт тус тус болж байв.

ТАВ БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ТҮРҮҮЛСЭН ЭРЭГТЭЙ БӨХЧҮҮД:
1. Хорлоогийн Баянмөнх - 13 удаа /баттай биш/ (1965, 1966, 1967, 1969, 1971, 1972, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1980, 1981 он) 
2. Дугарсүрэнгийн Оюунболд - 12 удаа (1976, 1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1987, 1990 он) 
3. Адуучийн Баатархүү - 10 удаа (1978, 1979, 1981, 1982, 1983, 1984, 1987, 1988, 1989, 1990 он)
4. Дашдоржийн Цэрэнтогтох - есөн удаа (1977, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1985, 1987 он)
5. Жаргалсайханы Чулуунбат - есөн удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 он)
6. Зэвэгийн Ойдов - долоон удаа (1971, 1973, 1974, 1977, 1978, 1979, 1980 он)
7. Данзандаржаагийн Сэрээтэр - долоон удаа (1963, 1965, 1967, 1969, 1971, 1972, 1974 он)
8. Баянмөнхийн Гантогтох - долоон удаа (1992, 1993, 1995, 1996, 1997, 1998, 1999 он) 
9. Түмэндэмбэрэлийн Зүүнбаян - долоон удаа (1994, 1995, 1997, 1998, 1999, 2000, 2001 он)
10. Жигжидийн Мөнхбат - зургаан удаа (1965, 1966, 1967, 1969, 1973, 1974 он)
11. Төмөрийн Артаг - зургаан удаа (1966, 1967, 1969, 1972, 1973, 1976 он)
12. Зэвэгийн Дүвчин - зургаан удаа (1975, 1977, 1982, 1986, 1987, 1989 он)
13. Пунцагийн Сүхбат - зургаан удаа (1987, 1988, 1990, 1992, 1994, 1995 он)
14. Цэрэнбаатарын Цогтбаяр - зургаан удаа (1990, 1991, 1992, 1993, 1994, 1998 он) 
15. Оюунбилэгийн Пүрэвбаатар - зургаан удаа (1994, 1996, 1997, 1998, 2002, 2003 он
15. Ганзоригийн Мандахнаран - зургаан удаа (2008, 2009, 2011, 2013, 2015, 2017 он)
16. Пүрэвжавын Өнөрбат - зургаан удаа (2008, 2009, 2011, 2012, 2014, 2016 он)
17. Лодойн Энхбаяр - зургаан удаа (1984, 1988, 1990, 1991, 1992, 1993 он)
18. Түмэн-Өлзийгийн Мөнхбаяр - зургаан удаа (1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 он
19. Ганзоригийн Ганхуяг - зургаан удаа (1997, 1999, 2001, 2002, 2004, 2007 он) 
20. Доржваанчигийн Гомбодорж - зургаан удаа (2004, 2007, 2008, 2009, 2015, 2017 он)
21. Чагнаадоржийн Ганзориг - зургаан удаа (2004, 2005, 2006, 2007, 2008, 2012 он)
22. Буянжавын Батзориг - зургаан удаа (2005, 2006, 2010, 2011, 2012, 2016 он)
23. Чимэдбазарын Дамдиншарав - таван удаа (1965, 1966, 1967, 1969, 1971 он)
24. Цэдэндамбын Нацагдорж - таван удаа (1969, 1971, 1972, 1973, 1975 он)
25. Пүрэвийн Дагвасүрэн - таван удаа (1971, 1972, 1973, 1974, 1975 он)
26. Жамцын Даваажав - таван удаа (1976, 1977, 1978, 1980, 1981 он)
27. Бямбажавын Жавхлантөгс - таван удаа (1977, 1978, 1980, 1981, 1982 он)
28. Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - таван удаа (1983, 1987, 1989, 1990, 1992 он)
29. Халтмаагийн Баттуул - таван удаа (1984, 1985, 1987, 1988, 1990 он)
30. Цэдэндамбын Баярсайхан - таван удаа (1988, 1990, 1992, 1995, 1996 он)
31. Агваансамдангийн Сүхбат - таван удаа (1993, 1994, 1995, 1996, 2000 он)
32. Адъяахүүгийн Болдсүх - таван удаа (1996, 1997, 1998, 2000, 2001 он)
33. Долгорсүрэнгийн Сумъяабазар - таван удаа (1996, 1998, 1999, 2000, 2002 он)

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх